Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 320

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6-р баг, 2-р хэсэг, 12-р баaр, 03 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, “Таванхан Уул” ХХК-ийн захирал ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Цэнддог овогт Цэнд-Аюушын Энхтөр, РД: /МЬ-68070516/- ийн нэхэмжлэлтэй

“Б.Сурахбаярыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Ц.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сайхан сумын Хөтөл тосгоны Нийгмийн даатгалын тасгийн байцаагч ажилтай байсан Баярсайханы Сурахбаяр нь тус “Таванхан Уул” ХХК-ний нэр дээр 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1 вагон буюу 64 тн цементийг зээлээр худалдан авсан. Энэ нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст компаниас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд өгөх ёстой 10,996,615 төгрөгийг төлөх ёстой байтал дундаас нь бидэнд хэлэлгүйгээр авч, Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын ерөнхий газраас ээлжит шалгалт хийхэд “Таванхан Уул” ХХК-ний нэр дээр цемент авч зарсан болохыг мэдсэн. Тухайн үед өөртөө нь уулзаж цементийн үнэ 10,966,615 төгрөгийг Б.Сурахбаяраас авахаар тохиролцон бидэнд тодорхойлолт гаргаж өгсөн. Түүнээс хойш дахин өөртөө нь 1 удаа утсаар ярьсан. Б.Сурахбаяр нь МЙ-72011407 регистрийн дугаартай болно. Б.Сурахбаяр нь тухайн үед Сайхан сумын Хөтөл тосгоны Нийгмийн даатгалын тасагт байцаагчаар ажиллаж байсан өөр тодорхой мэдэх зүйл алга байна. Удалгүй ажлаасаа гарч тодорхой оршин суух хаяггүй хаана байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэх.

Мөн Ц.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани Сүхбаатар суманд барилга байх явцдаа Хөтлийн цемент шохойн үйлдвэрээс цемент авсан. Тухайн үед Хөтөл сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Сурахбаяр нарыг байлцуулж байгаад гэрээ хийж авсан. 2012 онд манай байгууллага дээр хийгдсэн шалгалтаар 1 вагон цемент илүү авсан байсан. Тус вагон цемент байгууллага рүү хаяглагдаагүй Улаанбаатар хот руу хаяглагдчихсан байсан. Гэтэл Нийгмийн даатгалын газраас танай байгууллага 1 вагон цементийн мөнгийг төлөх ёстой гэж мэдэгдсэн. Үүний дагуу Хөтөл сумын Нийгмийн даатгалын газар очиж энэ талаар тодруулахад Б.Сурахбаяр гэдэг нийгмийн даатгалын байцаагч манай компанийн нэр дээр 1 вагон цемент авсан байсан. Энэ талаар Б.Сурахбаяртай уулзаж хэлэхэд “би мэдэж байгаа мөнгийг нь төлнө” гэж хэлж байсан. Тухайн үед Б.Сурхбаяр нь ажлаа хийхээ больчихсон байсан би тэрийг нь мэдээгүй. Одоо шүүхээс Б.Сурахбаярыг олж өгч туслахыг хүсэж байна гэх.

Шүүхэд цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Энхтөрийн шүүхэд гаргасан ... Б.Сурахбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.Учир нь: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Б.Сурахбаярыг бид өөрсдөө эрэн сурвалжилж хайсан боловч хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь тодорхой бус, ажлаасаа гараад Солонгос явсан сурагтай тул эрэн сурвалжилж өгнө үү гэх зэрэг бусад баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б.Сурахбаярыг эрэн сурвалжлах хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

    

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум /Хөтөл тосгон/-нд оршин сууж байсан, тус сумын Нийгмийн даатгалын тасгийн байцаагчаар ажиллаж байсан гэх Баярсайханы Сурахбаярыг эрэн сурвалжилж олж тогтоох ажиллагааг гүйцэтгүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь тойргийн Тахарын хэсэгт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ЭНХТАЙВАН