Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 335

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Г.Цэлмүүний нэхэмжлэлтэй Б.Мөнхбатад холбогдох “960.900 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                                

Нэхэмжлэгч Г.Цэлмүүн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Мөнхбат нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг боловсролын 3 дугаар 12 жилийн хажуугаар төв зам дээр Тоёота кроун маркийн 11-86 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа онхолдож зам тээврийн осол гаргасан. Энэ үед би хажуу суудал дээр зорчин явсан бөгөөд уг ослоос болж нэлээд гэмтэл авч хэвтрийн байдалд орж Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Эмчлүүлж байх хугацаанд гаргасан зардлыг Мөнхбат бүрэн хариуцан чамайг хохиролгүй болгоно гэж надад хэлсэн боловч /яаж олж авахыг чинь харна/ гэх мэтээр хэлж намайг хохироож байна. Иймд хариуцагч Мөнхбатаас эмчилгээний явцад зарцуулсан 960.900 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг 2 дугаар хэсэг 077 тоотод оршин суух Хувт овогт Батсүхийн Мөнхбат /ТЖ-85061170/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...Б.Мөнхбат миний бие нь Г.Цэлмүүний нэхэмжилж буй 960.900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж төлнө. Уг мөнгийг 2016 оны 08-р сарын дотор барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Цэлмүүн нь хариуцагч Б.Мөнхбатад  холбогдуулан “960.900  төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “... Г.Цэлмүүний нэхэмжилж буй 960.900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 08-р сарын дотор барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.734 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13.867 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 13.867 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Цэлмүүнд олгох нь зүйтэй.

 

 

 

 

           Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Г.Цэлмүүний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнхбатад холбогдох “960.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.734 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13.867 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 13.867 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН