Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 357

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1978 онд төрсөн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 11 дүгээр байрны 12 тоотод оршин суух хаягтай, эдийн засагч мэргэжилтэй, “Голомт банк”-ны Сэлэнгэ салбарт харилцааны менежер ажилтай, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт, Боржигон овогт Батмөнхиийн Болормаа \Голомт банкны Сэлэнгэ салбар\-ын \РД: МЬ78100305\ нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2-р баг, 1-р хэсэг, 16-р байрны 21 тоотод оршин суух хаягтай, ам бүл  -3 , ээж, хүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тойргийн нотариатч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Хаянхярваагийн Бадамгэрэл \МЮ-73041468\-д холбогдох

“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд бүгд 48.931.956.82 төгрөг гаргуулах, ... үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч “Голомт” банкны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Зээлдэгч Х.Бадамгэрэл нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулж 49 сая төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь 2015 оны 10-р сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлтийн гэрээг зөрчиж эхэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 46.910.015.11 төгрөг, хүүгийн төлбөрт 2.018.937.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.550.67 төгрөг нийт 48.931.956.82 төгрөг зээлийн төлбөрт хуримтлагдаад байна. Зээлдэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ипотекийн гэрээ байгуулсаныг үндэслэн Х.Бадамгэрэл, Ш.Батсүх, Ж.Мөнхбадрал нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 26 тоот 28.95 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэх

Хариуцагч Х.Бадамгэрэл нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Голомт банкны Сэлэнгэ тооцооны төвөөс зээл төлүүлэх тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаа дараах тайлбарыг гаргаж байна. 

Х.Бадамгэрэл миний бие нь 2013.09.12-ны өдөр ЗГ4320005427 тоот “Орон сууцны эээлийн гэрээ”-г уг тооцооны төвтэй байгуулан 49.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн юм. 

Миний бие ам бүл 3, өндөр настай ээж, хүүгийн хамтаар амьдардаг, өрх толгойлсон. Нотариатын орлогоос өөр орлогогүй бөгөөд 2015 оны 11 сараас хүү Ж.Мөнхбадрал өвчилж Улаанбаатар хот руу эмнэлэгт дахин дахин очиж эмчлүүлэх, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэх зэргээр гачигпал гарч 2015 оны 11 сард 15 хоног, 12 сард 05 хоног ажилласан бөгөөд ажлаа бүрэн хийж чадаагүй. 

Мөн 2016 он 01-р сараас эхлэн ажлын байраа өөрчилсөн нь орлого буурах бас нэг шалтгаан боллоо. Энэ хугацаанд сард 500.000-600.000 төгрөгийн орлоготой ажилласан. 

Х.Бадамгэрэл миний бие зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа алдсан буруугаа ойлгож байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул төлөгдөөгүй хугацааны зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг гүйцээж бүтэн төлөөд уг гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэйгээр хариу тайлбар гаргаж байна гэх.  

Хариуцагч Х.Бадамгэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 “Голомт” банкны нэхэмжлэлтэй Х.Бадамгэрэлд холбогдох иргэний хэргийн анхан шатны \2016.06.30\ шүүх хуралдаанд хариуцагч Х.Бадамгэрэл миний бие нь ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биеэр оролцох боломжгүй болж байна Иймээс шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх  

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт” банкны Сэлэнгэ салбарын тооцооны төвийн шүүхэд гаргасан “... Х.Бадамгэрэлээс үндсэн зээл 46.910.015.11 төгрөг, зээлийн хүү 2.018.391.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.550.67 төгрөг, бүгд 48.931.956.82 төгрөг гаргуулах, мөн зээлдэгчтэй байгуулсан Ипотекийн гэрээний дагуу Х.Бадамгэрэл, Ш.Батсүх, Ж.Мөнхбадрал нарын өмчлөлийн 16 дугаар байрны 26 тоот 28.95 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ... “ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна гэж үзэв. 

Учир нь: Зээлдэгч Х.Бадамгэрэл нь “Голомт” банкны Сэлэнгэ тооцооны төвтэй 2013.09.12-ны өдөр ЗГ4320005427 тоот зээлийн гэрээ байгуулан 49.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, дээрх гэрээний үүргийг хангуулахаар 2013.09.12-ны өдөр БГ4320005427 тоот ипотекийн гэрээ байгуулж ГД:000225217 гэрчилгээний дугаартай, Ү-1317000205 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2-р баг 16-р байрны 26 тоот орон сууцыг барьцаалж, дээрх зээлийг авсан бөгөөд зээлдэгчид гэрээний дагуу зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээлийг төлөх боломж олгосон боловч зээл болон хүүгийн төлбөрийг төлж барагдуулахгүйгээр зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2016.04.21-ний байдлаар үндсэн зээл 46.910.015.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.018.391.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.550.67 төгрөг, нийт 48.931.956.82 төгрөгийн зээлийн төлбөр хуримтлагдсан тул уг төлбөрийг гаргуулах, мөн барьцаалагдсан хөрөнгө болох 16-р байрны 26 тоот 28.95 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн нотлох баримт болох хэргийн 9-11-р талд  авагдсан зээлийн дансны хуулгын баримт, 12-13-р талд авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 14-16-р талд авагдсан   орон сууцны зээлийн гэрээний хуулбар, 17-19-р талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 20-22-р талд авагдсан ипотекийн гэрээний хуулбар, хэргийн 31-р талд авагдсан хариуцагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Зээлдэгч, зээлдүүлэгч тал дээрх зээлийн болон ипотекийн гэрээ, түүний хэмжээ, хугацаа, гэрээ цуцлах зэрэг дээр маргаангүй байна.  

Хууль зүйн үүднээс дүгнэхэд:

Зээлдэгч Х.Бадамгэрэл болон “Голомт” банкны Сэлэнгэ тооцооны төвийн хооронд Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 452-р зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс зээлдэгчид сарын 8 хувийн хүүтэй зээл олгосон ба мөн хуулийн 452.2-т зааснаар зээлдэгч нь авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээндээ тусгасан байна. 

Зээлдэгч нь Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 453.2-т зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлэдгчид шилжүүлэх үүрэгтэй байна. 

Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь “зээлийн гэрээний 4.4.1-д зааснаар зээлдэгч нь зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол зээлдэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах”-аар заасан байна. 

Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 174.2-т зааснаар зээлдэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй ба мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах эрхтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402.301 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 402.301 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болохыг дурьдах нь зүйтэй.  

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Х.Бадамгэрэлээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 48.931.956.82 төгрөгийг гаргуулж “Голомт” банкны Сэлэнгэ дэх тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Х.Бадамгэрэл, Ш.Батсүх, Ж.Мөнхбадрал нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг 16-р байрны 26 тоот 28.95 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр “Голомт” банкны Сэлэнгэ тооцооны төвийн нэхэмжилсэн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 402.301 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 402.301 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН