Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00393

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар баг, 06-01 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, ОЙ70100508 регистрийн дугаартай, Шангас овогтой Лхагважавын Норовсамбуугийн,

        Охин  Л.Нямхишиг, хүү Л.Батхишиг нарыг төрүүлсэн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Норовсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Л.Норовсамбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Л.Норовсамбуу нь 1970 онд төрсөн, 46 настай. Би аав, ээжтэйгээ амьдарч байхдаа охин, хүү 2-оо төрүүлсэн. Охин Л.Нямхишигийг 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, хүү Л.Батхишигийг 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус төрүүлсэн. Тэгээд өөрийн эцэг Е.Лхагважаваар овоглож, эхээр нь өөрийн ээж Р.Онжилоор иргэний бүртгэлд тухайн үед бүртгүүлсэн. Хэдий би аав, ээж хоёр дээр бүртгүүлсэн боловч хүүхдээ өөрийн гар дээр өсгөж өдий хүртэл явж ирсэн. Одоо охин, хүү 2-оо төрүүлсэн болохоо тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Би анхны нөхөртэйгээ 8 жил амьдарсан боловч тэрээр Орхон аймагт, би өөрөө Увс аймагт амьдардаг байсан тул сүүлдээ хоёулаа үл ойлголцлоос болж салсан. Тэгээд манай аав, ээж 2 маань нас залуу байсан тул миний 2 хүүхдийг өөрийн асрамжидаа авч, намайг ажил хийлгэх боломжоор хангаж, амьдарлаа бод гэж зөвлөсөн учир хүүхдүүдээ тэдний асрамжид өгч байсан. Хэдийгээр хүүхдүүдээ өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтэй байсан боловч том охин маань сургуульд орох болоход бүх бичиг баримтууд нь Лхагважав гэсэн овогтой байсан бөгөөд маш их ажиллагаа шаардлагатай байсан тул хөөцөлдөлгүй орхисон. Одоо би хүүхдүүдээ өсгөөд том болгосон, тэтгэвэрт гарах нас болж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай болж байна. Иймд охин Л.Нямхишигийг 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, хүү Л.Батхишигийг 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус төрүүлсэн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Л.Норовсамбуу нь  охин  Л.Нямхишиг, хүү Л.Батхишиг нарыг төрүүлсэн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэдийгээр 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Шангас овогтой Лхагважавын Нямхишиг, 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн Шангас овогтой Лхагважавын Батхишиг хэмээн тэдний төрсний гэрчилгээнд тэмдэглэгдсэн байх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Өмнөговь сумын Хүн эмнэлгийн архивт хадгалагдан үлдсэн бүртгэлийн дэвтрийн 157 дугаарт “тус эмнэлгийн төрөх тасагт 10 дугаар сарын 19-ний өдрийн 24 цаг 20 минутад Лхагважав овогтой Норовсамбуу 21 настай, эмэгтэй, 39-40 недельтэй жирэмсэн оноштой ирж, 10 дугаар сарын 20-ны 03 цаг 30 минутад 2,6 кл жинтэй охин төрүүлсэн” гэж, мөн бүртгэлийн дэвтрийн 59 дугаарт “4 дүгээр сарын 26-ны өдөр Лхагважав овогтой Норовсамбуу 26 настай, эмэгтэй, 39-40 недельтэй жирэмсэн оноштой ирж, 4 дүгээр сарын 26-ны 21 цаг 30 минутад 3,5 кл жинтэй, хүү төрүүлж, 4 дүгээр сарын 29-ний өдөр гарав” гэж тэмдэглэгдсэн байна.

            Мөн гэрч Л.Баяраа: “Манайх аав, ээжээсээ есүүлээ. Л.Норовсамбуу эгч дээрээсээ 6 дахь охин юмаа. Л.Норовсамбуу эгч маань 1991 онд охин Л.Нямхишигийг, 1997 онд хүү Л.Батхишигийг, 2008 онд хүү Т.Гантогтохыг тус тус төрүүлсэн. Манай эгч урд нь хүнтэй суун, хоёр хүүхэд төрүүлээд амьдарч байгаад, таарч тохирохгүйн улмаас салж тусдаа амьдралтай болцгоосон. Салсныхан дараа эгч Л.Норовсамбуу нь 2003 онд Ц.Тайванхүү гэх хүнтэй гэр болж амьдарсан. Тухайн үед манай аав, ээж хоёр хүү Л.Батхишиг, охин Л.Нямхишиг нарыг өөрийнхөө нэр дээр үрчилж аваад амьдарч байсан. Гэтэл ээж 2000 онд, манай аав 2004 онд өөд болсон” гэж, гэрч Д.Дэнсмаа: “Л.Норовсамбуу нь намайг 1990 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажилласнаас хойш 3 хүүхэд төрүүлсэн. 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анхны охиноо төрүүлсэн, дараагийн хүүгээ 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрүүлсэн. 3 дахь хүүгээ 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрүүлсэн. Л.Норовсамбуу нь урд нь хүнтэй сууж 2 хүүхэд төрүүлэн амьдарч байгаад нөхрөөсөө салж, 2 хүүхдээ аав, ээжийнхээ нэр дээр бүртгүүлсэн байсан.  Л.Норовсамбуу бид хоёр 10-н жилийн нэг ангийн хүмүүс учраас нэгнээ сайн таньж мэднэ” гэж тус тус шүүхэд мэдүүлжээ.

             Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Л.Норовсамбуу нь 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шангас овогтой Лхагважавын Нямхишиг, 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Шангас овогтой Лхагважавын Батхишиг нарыг төрүүлсэн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Норовсамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Шангас овогтой Лхагважавын Норовсамбуу нь 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шангас овогтой Лхагважавын Нямхишиг, 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Шангас овогтой Лхагважавын Батхишиг нарыг тус тус төрүүлсэн болохыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Норовсамбуугийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА