Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 365

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар”-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Баян-Ундрага ХХК-д холбогдох 

“64.440.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэрдамба хариуцагч Ё.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар нь “Баян-Ундрага” ХХК-тай “Улсын нөөцийн бараа материал зээлээр олгох гэрээ” 2015 оны 04 дүгээр сарын 29-ний 32 дугаартай гэрээ байгуулж 1 тонн тутам нь 800,000.0 төгрөгийн үнэтэй 90 тонн үрийн улаан буудайг 30 хувийн урьдчилгааг төлүүлэх байсан ч данс андуурагдсаны улмаас 7,200,000.0 төгрөг дутуу төлөгдөж нийт 57,600,000.0 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлөөр зээлээр олгосон. “Баян ундрага” ХХК нь гэрээний хугацаанд үрийн улаан буудайгаар 11,973,000.0 төгрөгийг барагдуулсан тул үндсэн төлбөр 45,627,000.0 төгрөг, гэрээний 6.1-т заасан дагуу алданги 22,813,500.0 төгрөг, нийт 68,440,500.0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Баян-Ундрага” ХХК-ийн захирал Ё.Саранцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Баян-Ундрага” ХХК-ний захирал Ё.Саранцэцэг миний бие нь 2015 оны хаврын тариалалтанд зориулж нийт 90 тн үрийн буудай авч тариалалт хийсэн боловч 2015 онд улсын хэмжээнд ган гачиг болж га-аас авах ургац алдсанаас тодорхой хэмжээний өр авлагатай үлдсэн. Гэсэн ч улсын өрийн нөөцөд төлөх буудайг төлөхөөр ачиж очсон боловч 15 тн буудайг нь авч 15 тн буудайг буцааж байсан. Мөн 7.200.000 төгрөгийн урьдчилгааг төлсөн ч буруу дансанд орсоноос болж алданги тооцогдсон байна. Мөн улсын үрийн нөөцөөс нэхэмжилсэн 22.813.500 төгрөгийг төлж чадахгүй ба үндсэн зээлийн үлдэгдэл болох нийт 45.627.000 төгрөгийг намрын ургац хураалтын дараа буюу 11-р сарын 20-ны дотор төлөх болно гэжээ.

Зохигч нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

 

Энэхүү “Эвлэрлийн гэрээ” \цаашид “гэрээ” гэх\-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон:

Нэг талаас: Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар

Хаяг: Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг үйлдвэрийн район Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар. Утас-99001572 \дарга\, 99039809 \нягтлан\

Нөгөө талаас: Хариуцагч “Баян Ундрага” ХХК

Хаяг: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг утас:99248383, 99999603

Талууд дараах нөхцлүүдээр харилцан тохиролцож Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа “Дархан-уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлбөрийн үлдэгдэл 45.627.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 22.813.500 төгрөг, нийт 68.440.500 төгрөгийг хариуцагч “Баян-Ундрага” ХХК-иар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг маргааныг эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзээд энэхүү гэрээг байгуулав.

 

НЭГ. ГЭРЭЭНИЙ ГОЛ НӨХЦӨЛ

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын зүгээс гэрээний дагуу нийт 68.440.500 төгрөгийг хариуцагч “Баян-Ундрага” ХХК-иар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

1.2.”Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хугацаа хэтрүүлсний алданги 22.813.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, “Баян-Ундрага” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 45.627.000 төгрөгийг гаргуулах

1.3.Хариуцагч “Баян-Ундрага” ХХК нь Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжилж буй 45.627.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх

1.4.Дээрхи байдлаар нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар нь 22.813.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, “Баян-Ундрага” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 45.627.000 төгрөгийг гаргуулахаар шаардах,   “Баян-Ундрага” ХХК нь Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарын нэхэмжилж буй 45.627.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

1.5. “Баян-Ундрага” ХХК нь Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжилж буй 45.627.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 12-р сарын 01-ний дотор төлж барагдуулахаар хэлэлцэн тохиролцов.

1.6.Хэрэв хариуцагч “Баян-Ундрага” ХХК нь гэрээний 1.2-т заасан хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд үл маргах журмаар хугацаа хэтрүүлсэн алданги 22.813.500 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж нэхэмжлэгч талд төлөх үүрэг хүлээнэ.

1.7.Хариуцагч нь шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг бие даан хариуцахаар тохиролцов.

 

ХОЁР. ТАЛУУДЫН ҮҮРЭГ

2.1. Хариуцагч “Баян-Ундрага” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт 2016 оны 12-р сарын 01-ний дотор нэхэмжилж буй 45.627.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.

2.2.Төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулаагүй тохиолдолд Монгол улсын Иргэний хуульд заасан журмын дагуу алданги болон торгууль тооцно.

2.3.Талууд энэхүү гэрээний дагуу өөрсдийн шаардлага гаргах эрхээ бусдад шилжүүлээгүй бөгөөд гэрээний заалтыг зөрчиж хийсэн аливаа гэрээ,хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 

2.4. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын зүгээс маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэн цаг хугацаа, цаашид маргаантай холбоотой гарах зардлыг бууруулах зорилгоор байгуулагдсан гэдгийг онцолж байна.

 

ГУРАВ. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

3.1. Энэхүү гэрээг талуудын гарын үсэг зурж, тамга даран Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын эвлэрлийг баталж, захирамж гарснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

3.2.Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас гэрээг Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргэн өгч захирамж гаргуулах ба нэхэмжлэгч буюу хариуцагч “Баян-Ундрага” ХХК нь төлбөрөө бүрэн төлж үүргээ биелүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болно. 

 

ДӨРӨВ. БУСАД

4.1.Хариуцагч “Баян-Удрага” ХХК нь 2015 оны 04-р сарын 30-нд үрийн улаан буудайн урьдчилгаа болох 14.400.000 төгрөг нь төлөгдөж, мөн 2015 оны 05-р сарын 01-нд 7.200.000 төгрөг тушаасан боловч банкны теллерийн буруугаас данс андуурагдан цаг уурын данс руу шилжин орсон бөгөөд дансны хуулга хянах боломжгүй улмаас 14.400.000 төгрөг нь төлөгдөж, гэрээний хугацаанд үрийн улаан буудайгаар 11.973.000 төгрөгөөр төлж барагдуулсан болно.

4.2.Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж авсан буюу мэдсэн хэн нэгнийхээ талаарх бүх төрлийн мэдээлэл, баримт бичиг, үйл ажиллагаа зэрэг аливаа нууцлалтай холбоотой асуудлыг чандллан хадгал, гуравдагч этгээдэд дамжуулах болон өөрт ашиглахыг хориглоно.

4.3.Энэхүү гэрээний тухай талууд бусдад задруулахгүй бөгөөд харилцан бие биенийхээ үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно.

4.4.Энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй бусад асуудлыг Монгол улсын иргэний хуульд заасны дагуу зохицуулна.

Гэрээ байгуулсан:

А талыг төлөөлж                                                              

Онцгой байдлын ерөнхий газрын  харъяа Дархан-Уул аймаги дахь Улсын нөөцийн салбарын дарга 

Б талыг төлөөлж

“Баян Ундрага” ХХК-ны захирал  Ё.Саранцэцэг    гэж гарын үсгээ зуржээ.

Шүүхэд цугларсан бичгийн чанартай нотох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ  нь:

    Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй ”Баян-Ундрага” ХХК-д холбогдох “68.440.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаа хэтрүүлсэн алданги болох 22.813.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэгдэл 45.627.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Баян-Ундрага” ХХК нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 12-р сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар, уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулинд заасны дагуу алданги, торгууль тооцохоор болж талууд эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд гаргасан дээрх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. 

Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 45.627.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 386.085 төгрөгийг дээрх эвлэрлийн гэрээнд заасны дагуу хариуцагчаас гаргуулан  орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

         Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5-д хэсэгт зааснаар Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй ”Баян-Ундрага” ХХК-нд холбогдох “68.440.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигч нь 45.627.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, эвлэрсэн төлбөр болох 45.627.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 386.085 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

4. Иргэнийи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид дахвж заадах, хяналтын журмаар гомдол гаргах,  энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭНХТАЙВАН