Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 369

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар М.Болдбаатарын нэхэмжлэлтэй С.Оюунбатад холбогдох  “752.000 төгрөг гаруулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

             Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг  оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 4 дүгээр байрны 21 тоотод оршин суух Боржигон овгийн Мягмарын Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

С.Оюунбат нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 93-47 СБА улсын дугаартай, улаан хүрэн өнгөтэй “Элентра” машиныг барьцаалж 928.000 төгрөгийг М.Болдбаатараас зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иргэн С.Оюунбат нь барьцааны машинаа хувийн хэрэгцээндээ унаж хэрэглэж байгааг харгалзан үзэж тохиролцон уг барьцаандаа асаргааны дэвтрээ 2015 оны 05 дугаар сарын 19-нд баталгаажуулан тавьсан боловч Оюунбат нь сар бүрийн мөнгөө авч хэрэглэн өрөө төлөхгүй залилан мэхэлсээр өдий хүрлээ.

С.Оюунбат нь  928.000 төгрөгнөөс 176.000 төгрөг авсан нь үнэн болно. Иймээс үлдэгдэл 752.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байх тул гомдлыг минь барагдуулж өгнө  үү! гэжээ.

 

             Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 1-8 дугаар байрны 8 тоотод оршин суух С.Оюунбат  2016 оны 05 дугаар сарын 26-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

... Сүхдагва овогтой Оюунбат миний бие нэхэмжлэлтэй уншиж танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Учир нь: Би иргэн М.Болдбаатараас 93-47 СБА машин барьцаалж 900.000 төгрөг зээлсэн. Түүнийг 928.000 гэж бичсэн байна. Мөн иргэн М.Болдбаатар өөрийн халамжийн мөнгө болох сар бүрийн 58.000, улиралд олгох 60.000 төгрөгийг цуваж 457.350 төгрөг авсан байдаг юм. Мөн иргэн М.Болдбаатар нь 300.000 төгрөгийн өрөнд  миний халамжаас авдаг асаргааны мөнгийг 2 жилээр нь 50% хүүтэй төлүүлнэ гэж байгаа учир би төлөх боломжгүй гэж үзэж байна... гэжээ.  

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч М.Болдбаатар нь С.Оюунбатад  2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 93-47 СБА, улаан хүрэн өнгөтэй “Элентра” машиныг барьцаалж 928.000 төгрөгийг зээлсэн ба хариуцагч нь 176.000 төгрөгийг буцаан төлж, үлдэх  752.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч М.Болдбаатар, хариуцагч С.Оюунбат нар нь шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “... Нэхэмжлэгч М.Болдбаатар миний бие нь хариуцагч С.Оюунбаттай нэхэмжлэлийн шаардлага болох 752.000 төгрөгийг өгч, авалцах асуудал дээр дараах байдлаар эвлэрлээ. 

1. Хариуцагч Оюунбат нь 752.000 төгрөгийг  2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл халамжийн сард олгох 64.000 төгрөгийг итгэмжлэлээр Болдбаатар авахыг зөвшөөрч байна. /Үүнийг хариуцагч С.Оюунбат би  маргаангүй хүлээн зөвшөөрч байна./

2. Оюунбатын халамжийн мөнгийг сар бүр авах эрхийг баталгаажуулсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч хариуцагч талууд итгэмжлэл байгуулах. Үүнд: С.Оюунбат миний бие халамжийн мөнгийг сар бүр миний өмнөөс нэхэмжлэгч М.Болдбаатар авахыг /итгэмжлэлээр/ хүлээн зөвшөөрч байна. Эвлэрсэн:  Хариуцагч: С.Оюунбат

           Хүлээн зөвшөөрч эвлэрсэн:  Нэхэмжлэгч М.Болдбаатар 

гэсэн “Эвлэрлийн гэрээ” байгуулж, зохигчид харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө,  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй” байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.    

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.598  төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчдид  нэхэмжлэлийн шаардлага 752.000 төгрөгийн шаардлага дээр эвлэрсэн байх тул 752.000  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 22.598 төгрөгний тал хувь болох 11.299 төгрөгийг С.Оюунбатаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх зааснаар М.Болдбаатарын нэхэмжлэлтэй С.Оюунбатад холбогдох “752.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийн зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.598 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар С.Оюунбатаас 11.299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ