Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 371

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар “Итгэлт-Агь” ХХК-ий захирал Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй Ц.Бямбасүрэн, С.Баярмандал нарт холбогдох  “35.280.000 төгрөг гаруулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1982 онд төрсөн, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 4 дүгээр баг,  2 дугаар хэсэг, 002 тоотод оршин суух хаягтай, “Итгэлт- Агь” ХХК-ий захирал ажилтай, Баатар овгийн  Эрдэнэцогтийн Эрдэнзаяа  

                                            регистрийн  дугаар   МЗ- 82121202

 

                Хариуцагч: Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэгт 1951 онд төрсөн,  тусгай дунд боловсролтой, гутлын технологич мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын  2 дугаар баг, 2 дугаар хэсэг,  16 дугаар байрны 19 тоотод оршин суух хаягтай, одоо тэтгэвэрт гэх, Түмэн овгийн   Цагааны Бямбасүрэн 

                                             регистрийн  дугаар       МЮ- 51071062  

              Хариуцагч Ц.Бямбасүрэнгийн  өмгөөлөгч: М.Гансүх            

              Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван оролцов.

                                                                           

                                                       Тодорхойлох нь:

               Нэхэмжлэгч: “Итгэлт-Агь” ХХК-ий захирал Эрдэнэзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

               Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа би хариуцагч Ц.Бямбасүрэнгийн хүсэлтээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Ц.Бямбасүрэн нь энэ зээлийг авахдаа өөрийнхөө өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1317000713 дугаартай орон сууцаа барьцаалж зээл авсан юм. Ц.Бямбасүрэн нь 6 сарын хугацаанд зөвхөн зээлийн хүүд сар бүр 250.0000 төгрөг, нийт 1500.000 төгрөг төлөөд үндсэн мөнгө 5 сая төгрөгийг төлөөгүй болно. Ц.Бямбасүрэн нь хэлэхдээ “... би чиний үндсэн мөнгийг чинь өгч чадсангүй надад одоо 4 сая төгрөг, бүгд 9 сая төгрөгийн гэрээ хийе” гэсэн юм.

                Иймд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж 4 сая төгрөг нэмж өгөөд 9 сая төгрөгийг 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлсэн юм. Тэрээр 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 3 сарын зээлийн хүү 2700.000 төгрөг л төлсөн. Зээлдэгч Ц.Бямбасүрэн нь хэлэхдээ “... эгч нь бас л үндсэн мөнгө 9 сая төгрөгийг чинь өгч чадсангүй, одоо эгчид нь 11 сая төгрөг хэрэгтэй байна. Би үндсэн мөнгө болох 9 сая төгрөг дээр чинь 11 сая төгрөг нэмээд нийтдээ 20 сая төгрөгийг зээлийг хүүтэй нь өгье” гээд байсан. Би тэгэхээр нь “одоо болтол үндсэн мөнгөө өгөөгүй намайг хохироосон” гэж хэлсэн. 

              Тэгэхэд Ц.Бямбасүрэн нь “эгч нь одоо бол бүгдийг нь төлж чадна”  гээд байхаар нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ хийж 11 сая төгрөг нэмж өгөөд 20 сая төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн. 

Ц.Бямбасүрэн нь надад гэрээний дагуу сар бүр 1600.000 төгрөг төлөх  үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Тэрээр 2014 оны 9 дүгээр сард 800.000 төгрөг 2014 оны 10 сард 320.000 төгрөг л өгсөн болно. Ийм учраас Ц.Бямбасүрэнгээс үндсэн зээлийн мөнгө 20.000.000 төгрөг төлөх ёстой байсан зээлийн хүү 6.880.000 төгрөг бүгд 26.880.000 төгрөгийг нэхэмжилж байна...   гэжээ. 

            Хариуцагч Ц.Бямбасүрэн  2015 оны 2 дугаар сарын 22-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

       ... Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь нэхэмжлэлээ үнэн зөв гаргаагүй байна. 2013 оны 11 дүгээр сарын 25-нд 5000.000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгөний хүүд    2013 оны 12 дугаар сарын 25-нд  250.000 төгрөг төлсөн. 

            Эхний хүүгээ төлсний дараа дахин 2013 оны 12 дугаар сарын 25-нд 5000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Нийт 10.000.000 сая төгрөг  авсан. 2014 оны 1 дүгээр сарын 28-нд  500.000 төгрөгийн хүү төлсөн. Энэ мэтээр 2,3,4,5,6 сарын 26-ныг дуустал өөрийн авсан мөнгөний хүүнүүдээ цаг тухайд нь нэг ч хоногийн зөрүүгүй төлж байсан. Миний ямар хариуцлагатай явсныг Эрдэнэзаяа  сайн мэдэж  байх учиртай. 5 сард Эрдэнэзаяа өөрөө над дээр ирээд “Баярмандал гуайд 10.000.000 төгрөг таны барьцаа хөрөнгийг барьцаанд өгье” гэснийг би итгээд  надад зөвшөөрсөн, Баярмандал өөрөө 10 хувийн хүү төлье гэж гуйсан юм билээ. Өндөр хүү амласны төлөө мөнгөө өгсөн Эрдэнэзаяа буруутай гэж би үзэж байна. Гэсэн хэдий  би хүү мөнгийг цаг тухайд нь нэг хоног алдалгүй төлж байсан. 

            8 сард Баярмандал Эрдэнэзаяагаас өөрөө гуйж байгаад хүүгээ 8 хувь болгосон гэсэн. Гэтэл 9 дүгээр сарын 26-нд хүү төлөх хугацаа болоод Баярмандалаас  хүүгээ нэхсэн 200.000 төгрөг өгсөн.  Үлдсэн 600.000 төгрөгийг өгөөгүй. Ингээд хүү төлөх чадамжгүй болсон.  Нийт 20.000.000 төгрөгийн хүүд  баримтаар 10.000.000 төгрөгний  хүү төлөгдсөн нь харагдаж байгаа.  Тэгээд Баярмандал өөрөө нэг ч төгрөгийн хүү төлж чадахгүй гэж үнэнээ хэлсэн. Би хүний өмнөөс хүү төлж чадахгүй шүү дээ гээд 10 сард 320.000 төгрөг төлсөн. Гэвч хүний мөнгийг авсан нь үнэн болохоор эргүүлж төлөх нь бас үнэн шүү дээ. Гэтэл одоо дахин хүү төлөх чадамжгүй болохоор үндсэн  мөнгөө 20.000.000 төгрөгийг төлнө... гэжээ. 

             Хариуцагч С.Баярмандал  2015 оны 12 дугаар сарын 10-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

       ... “Итгэлт-Агь” компаний захиарл Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй Ц.Бямбасүрэн, С.Баярмандал надад холбогдуулан 35.280.000 төгрөг нэхэмжилснээс би 10.000.000 төгрөгийг нь  иргэн Ц.Бямбасүрэнгээс 5 сард авч  хүүг  нь өгч байгаад  9 сард хүүг нь дутуу өгч би ямар ч хүү өгөх боломжгүй боллоо, та тэрийг Эрдэнэзаяад  хэлээрэй гэсэн. Ингээд би одоо Бямбасүрэнд 10.000.000 төгрөгийг нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн график гарган тохиролцон төлөх  боломжтой байгаа юм. Түүнээс хүү нэмж төлөх  ямар ч боломжгүй. Үндсэн мөнгийг нь  төлнө... гэжээ. 

           Хариуцагч С.Баярмандал    2016 оны 06 дугаар сарын 27-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

      ...Хариуцагч С.Баярмандал миний бие нь Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт цаашид зарлагдах шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар /тархинд харвалт/  өгсөн тул оролцохгүй. Намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй.  Жич: 10000.0 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрлэсэн 2016-1-29-ний 98 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ. 

            Нэхэмжлэгч Ц.Эрдэнэзаяа 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

          ..2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Бямбасүрэнгээс 26.880.000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хүн 2013 оны 11 дүгээр сарын 25-наас эхлэн надаас 5.000.000 төгрөгийг 1 сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, мөн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин 5.000.000 төгрөгийг 1 сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2014 оны 05 дугаар сарын 26-нд нэмж 10.000.000 төгрөгийг 1 сарын 10%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэн нийт 20.000.000 төгрөгийг авсан юм.

            Ингэж удаа дараа мөнгө авахдаа Ц.Бямбасүрэн гуай  надтай 3 удаа өөрийн биеэр ирж уулзан, гэрээ хийж бэлэн мөнгөөр авсан юм. Ц.Бямбасүрэн гуай надаас мөнгө авсан нь үнэн, надаас авсан мөнгөө цааш нь яаж, хэнд өгөх нь надад хамаагүй. Миний хувьд гэрээнийхээ дагуу явна. Ц.Бямбасүрэн эгч 2014 оны 09 сар хүртэл надад авсан мөнгөнийхөө хүүг төлсөн нь үнэн. Гэвч түүнээс хойш одоог хүртэл хүү төлөхгүй миний 20.000.000 төгрөгийг зүгээр хэрэглэж байна.Ц.Бямбасүрэн эгч 2013 оны 11 сарын 25 болон 2013 оны 12 сарын 25-нд тус тус авсан 5.000.000 төгрөгийнхөө үндсэн мөнгөнүүдээ ерөөсөө өгөхгүй тэр мөнгөн дээрээ нэмж авч байсан. 2014 оны 11 сарын 26-нд Ц.Бямбасүрэн эгч 20.000.000 төгрөгийнхөө хугацааг сунгасан байгаа. 2014 оны 08 сарын 26-н болтол Ц.Бямбасүрэн эгч хүү төлсөн нь үнэн, үүн дээр маргахгүй. Тийм болохоор өгсөн хүүг нь тооцож үзсэнгүй. Одоо миний 26.880.000 төгрөг, түүн дээр нэмэгдүүлээд алданги 8.400.000 төгрөгийг нэмээд нийт 35.280.000 төгрөг нэхэмжилж байна.. гэв.

Нэхэмжлэгч: Э.Эрдэнэзаяа  2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        ... Би хариуцагч Ц.Бямбасүрэнгийн хүсэлтээр  2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн Ц.Бямбасүрэн нь энэ зээлийг авахдаа өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-137000713 дугаартай орон сууцаа барьцаалж зээл авсан юм.

            Ц.Бямбасүрэн нь 6 сарын хугацаанд зээлийн хүүд сар бүр 250.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг төлөөд үндсэн мөнгөн болох 5.000.000 төгрөгийг төлөөгүй. Ц.Бямбасүрэн надад хэлэхдээ би чиний үндсэн мөнгийг чинь өгч чадсангүй, надад одоо 4.000.000 төгрөг нэмээд олоод өгөөч эгч нь урьдны 5.000.000 төгрөг дээр нэмж 4.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөгийн гэрээ хийе гэсэн юм. Иймд 2014 оны 05-дугаар сарын 26-нд гэрээ байгуулж нийт 9.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар байгуулсан юм.  Тэрээр 2014 оны 06 дугаар сарын 26-наас 2014 оны 08 дугаар сарын 26-ныг хүртэл зээлийн хүүнд 2.700.000 төгрөг төлөөд мөн үндсэн зээлээс төлөөгүй. Ц.Бямбасүрэн нь эгч нь үндсэн мөнгөнөөс чинь өгч чадсангүй ээ одоо эгчид нь 11.000.000 төгрөг хэрэгтэй байна. 

             Эгч нь анхны 9.000.000 төгрөг дээр нэмээд 20.000.000 төгрөгийг чинь өгнө гэж хэлээд авсан. Ц.Бямбасүрэнгийн хүсэлтээр нотариатын үйлдлийг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн. Ингээд 9 дүгээр сарын 26-наас нэхэмжлэлийн шаардлагыг 8.400.000 мянган төгрөгөөр нэмэгдүүлж хүү алдангийн хамт нийт 35.280.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, би үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахдаа дандаа хувь хүнээр гэрээ байгуулдаг. Хувь хүн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй. 

             Ц.Бямбасүрэн хөрөнгөө авна гэж нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй. Тэгээд ч их мөнгөний асуудал яригдаж байгаа болохоор орон сууцыг нь би байлгаж байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй гэв.

             Хариуцагч Ц.Бямбасүрэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

          ...Би Э.Эрдэнэзаяагаас 2013 оны 11 сарын 25-нд 5.000.000 төгрөгийг 1 сарын 5%-ийн хүүтэй зээлж аваад 2013 оны 12 сарын 25-нд мөнгөнийхөө хүү болох  250.000 төгрөгийг төлсөн. Ингээд үндсэн мөнгө төлөгдөөгүй үлдсэн. Мөн дахин 2013 оны 12 сарын 25-нд  5.000.000 төгрөгийг зээлээд тэр мөнгөнийхөө хүү болох 500.000 төгрөгийг 2014 оны 01 сарын 26-нд төлсөн байгаа. Ингээд 2014 оны 02 сарын 26, 03 сарын 26, 04 сарын 26, 05 сарын 26-н гээд нийтдээ 2.500.000 төгрөгийн хүүг төлсөн байгаа. Тэгээд 2015 оны 06 сард “үндсэн мөнгөө төл” гээд Э.Эрдэнэзаяаг нэхэхээр нь би “өгч чадахгүй байна аа” гэхэд “тэгвэл хүүгээ нэмнэ ээ” гэхээр нь би 10.000.000 төгрөгийн хүүнд 650.000 төгрөг өгсөн.

         Тэгээд 2015 оны 05 сард Э.Эрдэнэзаяа над руу яриад “Бямбасүрэн эгч ээ би таны байрны ордер дээр Баярмандал эгчид 9.000.000 төгрөг өгчихье” гэсэн. Тэгж хэлэхээр нь би “1 сарын хугацаатай юм бол тэгэхгүй юу” гэсэн юм. 

Нотариат дээр Баярмандал Э.Эрдэнэзаяа бид нар хамт очсон, зээлийн гэрээн дээр би гарын үсэг зурсан. Гэхдээ би тэр мөнгийг гараараа аваагүй. Э.Эрдэнэзаяа өөрөө Баярмандалд мөнгөө өгсөн. Ингээд би Баярмандалд “за чи хариуцлагатай мөнгөө өгнө шүү” гэж хэлээд 2014 оны 06 сарын 26-нд Баярмандалаас хүү гэж 900.000 төгрөгийг аваад Э.Эрдэнэзаяад өгч байсан. Мөн өөрийнхөө авсан 10.000.000 төгрөгийнхөө 500.000 төгрөгийг өгсөн байгаа. Би өөрөө мөнгөний ажил хийж байсан болохоор дандаа баримт үйлдэж байсан. Ингээд 2014 оны 07 сард Баярмандалд дахиад авсан 9.000.000 төгрөгийнхөө хүү гэж 900.000 төгрөгийг төлсөн. Би мөн өөрийнхөө авсан мөнгөнд 880.000 төгрөг төлсөн. Яагаад ингэж төлсөн гэхээр 2014 оны 07 сард Баярмандал Э.Эрдэнэзаяатай яриад 10 хувийн  хүүгээ өндөр байна гээд 8 хувь  болгосон юм байна лээ. Э.Эрдэнэзаяа надтай бас яриад  “та мөнгөө өгөхгүй байгаа юм чинь таны хүүг нэмсэн та одоо 800.000 төгрөг өгөөрэй” гэсэн. Харин сүүлд Баярмандалд 1.000.000 нэмж өгөхдөө жинхэнэ миний гараар дамжуулж Баярмандалд өгсөн нь үнэн. Э.Эрдэнэзаяа тухайн үедээ над руу яриад “Баярмандал эгч дэлгүүртэй байхгүй байна, та гарч ирээд 1.000.000 төгрөгийг нэмээд өгчих” гэсэн. Ингээд Баярмандалын зээлж авсан мөнгө нь 10.000.000 төгрөг болсон юм. 

           Миний хувьд 20.000.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөгийг л авсан. Тэр 10.000.000 төгрөгийнхөө хүү 8 сая гаруй төгрөг төлсөн.  Баярмандал 10.000.000  төгрөгийг авсан. Тэр мөнгөнийхөө зарим хүүг Баярмандал төлж байсан. 10.000.000 төгрөгийг Баярмандал өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч надад бичиг хийж өгсөн. Би өөрийнхөө зээлж авсан мөнгөнийхөө хүүг дор бүр нь төлж байсан. Тэгээд ч Эрдэнэзаяатай хийсэн гэрээг  “хууль бус гэрээ” гэдгийг шүүх тогтоож өгсөн учир би хүү төлөх учиргүй гэж бодож байна. Миний  төлсөн хүү үндсэн зээлэндээ тооцогдоод бараг л би өөрийн  авсан зээлийг бүрэн төлсөн учир надад төлөх төлбөр байхгүй  байх гэж бодож байна ... гэв. 

          Хариуцагч: Ц.Бямбасүрэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

      ... Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь нэхэмжлэлээ үнэн зөв гаргаагүй байна. Би 2013 оны 11 дүгээр сарын 25-нд авсан 5.000.000, 2013 оны12 дугаар сарын 25-нд авсан 5.000.000 төгрөг нийлээд 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн 9 сая төгрөгийг Э.Эрдэнэзаяа өөрөө С.Баярмандалд өгсөн. Тэгэхээр миний тооцоогоор би 7.000.000 төгрөг төлөх ёстой байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 сая төгрөг авсан зээлийн гэрээ , 2013 оны 12 дугаар сарын 25-нд авсан зээлийн гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр авсан 20 сая төгрөгийн 10 сая төгрөгийг нь С.Баярмандал төлнө гээд байгаа нь би С.Баярмандалаас 10 сая төгрөгийг төлнө гэсэн нотариатын бичиг авсан байгаа. Э.Эрдэнэзаяа манайд машинтай ирээд би хот явах гэж байна, та надад өртэй юм чинь энэ дээр гарын үсгээ зурчих гэж хэлээд цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан. Би 2014 оны 8 дугаар сарын 26-нд Төгсбаяр дээр очиж гарын үсэг зураагүй. 20 сая төгрөгийн зээлийн гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш, 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа Э.Эрдэнэзаяа надад 20 сая төгрөг өгөөгүй. 

С.Баярмандал Э.Эрдэнэзаяагаас авсан мөнгөний хүүг төлж байгаагүй. Төлсөн хүүгээ буцааж авна гээд байгаа учир нь манай дүү та 10.000.000 төгрөгний хүүнд 10.000.000  төгрөгний хүү төлөх нь боломжгүй. 5.000.000 төгрөгийг буцаан авах хэрэгтэй гэж хэлсэн ... гэв.

                 Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж 

Үндэслэх нь:

           Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь Ц.Бямбасүрэнгээс “зээл, зээлийн хүү, алдангийн хамт 35.280.000 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэл гаргасан  байна. 

           Ц.Бямбасүрэн нь “Итгэлт-Агь” ХХК-ний захирал Э.Эрдэнэзаяагаас 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “зээлийн, болон барьцааны  гэрээ байгуулан 5000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай  зээлсэн ба уг зээлийн хүү  250.000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж, үндсэн зээл болох 5000.000 төгрөг төлөгдөөгүй ба хүү төлсөн өдрөө буюу 2013 оны 12 дугаар сарын 25-нд өмнөх төлөгдөөгүй үлдсэн зээл дээрээ нэмж 5000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай гэрээ байгуулан авсан байна.     

           Э.Эрдэнэзаяа, Ц.Бямбасүрэн нар нь дээрх хоёр гэрээгээр 10.000.000 төгрөг зээлсэн үнийн дүн дээр маргаагүй байна.  

            Ийнхүү дээрх хоёр зээлийн гэрээний дагуу 10.000.000 төгрөгийн 5 хувийн хүү  500.000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 25,  02 дугаар сарын 25, 03 дугаар сарын 25, 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 26-нд тус тус төлснөөр нийт 2500.000 төгрөгийн хүү төлсөн боловч /хэргийн 22-27 дугаар хуудас/ үндсэн зээл 10.000.000 төгрөг төлөгдөөгүй байна. 

             Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 11 сарын 25-ны өдрийн  5.000.000 төгрөгийн зээлийн эхний хүү төлөгдсөн өдөр зээлийн гэрээг сунгаагүй, гэрээнд өөрчлөлт оруулаагүй, 2013 оны 12 сарын 25-ны өдрийн буюу  дараагийн зээлийн гэрээ байгуулсан  ба уг гэрээнд өмнөх зээлийн гэрээгээр зээлсэн 5000.000 төгрөгийг нэмж хүү тооцох, өмнөх гэрээг яаж шийдвэрлэсэн талаар огт тусгагдаагүй байх  тул  эхний буюу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 

             Хэдийгээр 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг байгуулж, зээлийн хүүг өмнөх авсан 5000.000 төгрөгийг дараагийн авсан зээл дээр нэмж бүгд 10.000.000 төгрөг зээлсэнд тооцон 2014 оны 01 дүгээр сарын 25-наас мөн оны 05 дугаар сарын 26-ныг хүртэл сар бүр 10  хувийн хүү  тооцон хүү төлсөн нь тухайн үед зохигчдын хооронд байгуулсан хүсэл зоригийн илэрхийлэл болсон байх тул дээрхи төлөгдсөн хүүг гаргуулах боломжгүй байна. 

           Харин 2013 оны 11 сарын 25-ны өдрийн  5.000.000 төгрөгийн үндсэн зээлийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу алдангийг нэхэмжлэх эрх үүсэх хэдий  боловч  2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 5-р заалтанд “...хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 3 хувиар бодож алдангийг төлөх үүрэгтэй” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ...” заасан хуулийг зөрчсөн байх тул алданги тооцох эрхээ алдсан байна. 

           Мөн Э.Эрдэнэзаяа, Ц.Бямбасүрэн нарын хооронд  2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 5000.000 төгрөгний зээлийн хүүг бүрэн төлсөн байх тул уг гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 5000.000 төгрөгийн алданги “...хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үний дүнгийн 0,3 хувиар...” бодож алданги гаргуулахаар нэхэмжлэлд тусгагдсан байх боловч нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяагийн шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 491 дүгээртэй “Зээлийн гэрээ” / хэргийн 2 дугаар хавтасны 2 дугаар хуудас/ нь хариуцагч Ц.Бямбасүрэнгийн дээрх гэрээний үндсэн хувийг гаргаж ирүүлсэн гэрээтэй зөрүүтэй, хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн гэрээнд алданги тооцох талаар ямар нэгэн заалт байхгүй /хэргийн 2 дугаар хавтасны 3 дугаар хуудас/, нэхэмжлэгчийн ирүүлсэн гэрээ нь Сэлэнгэ аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 онгы 06 дугаар сарын 08-ны өдийн 48 дугаартай дүгнэлтэнд “1. Хариуцагч Ц.Бямбасүрэнгийн гаргаж өгсөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 491 дугаартай зээлийн гэрээ нь гэрээний эх хувь байна, нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяагийн гаргаж өгсөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 491 дугаартай зээлийн гэрээ  нь хариуцагч Ц.Бямбасүрэнгийн гаргаж өгсөн зээлийн гэрээний талууд гэсэн хэсэгт зээл өгөгч, зээл авагч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэгнүүд, банкны харилцах данс гэсний ар талд бичигдсэн бичиглэл, 118 дугаартай нотариатын тамга, баталгааны тэмдэгнээс бусад хэсгийг хуулбарласан байна” /хэргийн 2 дугаар хавтасны 4-7 дугаар хуудас/  гэж тусгагдсанаас үзэхэд дээрх гэрээгээр хариуцагчаас  алданги тооцон гаргуулах үндэслэлгүй байна. 

             Э.Эрдэнэзаяа нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэд хэдэн зээлийн гэрээний дагуу Ц.Бямбасүрэнд холбогдуулан нэхэмжлэл гарсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Эрдэнэзаяа, Ц.Бямбасүрэн нарын хооронд  байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр 9000.000 төгрөгийн зээлийг С.Баярмандал авч ашигласан, тухай үед Ц.Бямбасүрэнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаа болгож, С.Баярмандалд зээл өгч байгаа талаар нэхэмжлэгч Э.Эрдэнзаяа өөрөө мэдэж байсан  болох нь хэрэгт авагдсан  2015 оны 03 дугаар сарын 10-нд С.Баярмандалын шүүхэд гаргасан “... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэгт оршин суугч С.Баярмандал  би Ц.Бямбасүрэнгийн ордер дээр тохиролцон Э.Эрдэнэзаяагаас 10.00.000 төгрөг зээлсэн нь үнэн болно.  Зээлийн 10 хувийн хүүтэй 5 дугаар сарын 26-нд авсан.  Хүүг Бямбасүрэн эгчийн нэрээр  өгсөн ба 9 сараас эхлэн хүүг өгч чадаагүй ба 10 сая төгрөгийг өгөх нь үнэн...” гэсэн тодорхойлолт, мөн 9000.000 төгрөгийн зээлийн хүүг С.Баярмандал  Э.Эрдэнэзаяагийн нэр дээр төлж байсан “ХААН” банкны орлогын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг үндэслэн  шүүхээс С.Баярмандалыг хамтран хариуцагчаар татаж захирамж гаргасан ба уг захирамжинд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. 

           Э.Эрдэнэзаяа, Ц.Бямбасүрэн нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 26-нд дахин зээлийн болон барьцааны  гэрээ байгуулан 9000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч уг зээлийг Ц.Бямбасүрэн аваагүй, С.Баярмандал  авсан болох нь С.Баярмандалын шүүхэд гаргасан тодорхойлолт, тайлбар,  “С.Баярмандал” гэх нэрээр зээл төлж байсан баримтууд, хариуцагч Ц.Бямбасүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч 1.000.000 төгрөгийг С.Баярмандалд нэмж өгсөн гэх баримтыг нэхэмжлэгч гаргаж ирүүлээгүй боловч хариуцагч С.Баярмандал нь удаа дараа шүүхэд гаргаж байсан тайлбартаа “... 10.000.000 төгрөгийн төлнө” гэж байгаа нь С.Баярмандал нь Э.Эрдэнэзаяагаас 10.000.000 төгрөг  зээлсэн гэх үндэслэлтэй байна.  

           Харин 2014 оны 05 дугаар сарын 26-нд  байгуулсан зээлийн болон барьцааны   гэрээгээр авсан 9000.000 төгрөгийг С.Баярмандал авч, зээлийн хүүг зээлийн гэрээний хугацаанд бүрэн төлж барагдуулсан, уг гэрээ нь Э.Эрдэнзаяа, С.Баярмандал нарын хооронд байгуулагдаагүй байх тул дээрх гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхгүй байна. Мөн нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа, Ц.Бямбасүрэн нарын хооронд  өмнөх  зээлийн гэрээнүүдийн төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлүүдийг нэгтгэн 2014 оны 08 дугаар сарын 26-нд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр 20.000.000 төгрөгийг Ц.Бямбасүрэнд зээлдүүлсэн мэт гэрээ  байгуулсан боловч гэрээ байгуулсан өдрөө зээлдэгчид  ямар ч мөнгө өгөөгүй байгаа нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу ... шилжүүлэх”, мөн тухайн өдөр байгуулсан зээлийн гэрээний 9-р зүйлд заасан “зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно” гэсэн зээлийн гэрээний гол нөхцөлийг хангаагүй мөнгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй байна. 

           Иргэний хэрэгт дурьдагдаж байгаа  2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж нь зохигчдийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн “нотариатын үйлдлийг хүчингүй”  болгосон ба зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцсон шийдвэр биш юм. 

          Иймд Э.Эрдэнэзаяад хариуцагч Ц.Бямбасүрэнгээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, хариуцагч С.Баярмандалаас зээл 10.000.000 төгрөг тус тус гаргуулан олгож,  зээлийн хүү, алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 15.280.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй.

         Зохигчдын хооронд удаа дараа зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгож байсан боловч  барьцааны гэрээнүүд нь  Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасан “Улсын бүртгэлд  үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн, мөн нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдаж, барьцаалагдсан  гэх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг гаргасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө битүүмжлэх тухай” захирамж гарч  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг, 1-р хэсэг, 16-р байрны 19 тоот орон сууцны битүүмжлэлийг хүчингүй болгож, тухайн орон сууцны бичиг баримтыг жинхэнэ эзэн Ц.Бямбасүрэнд буцаан олгох нь зүйтэй байна. 

          Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 441.700 төгрөгийг төсвийн ологод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бямбасүрэнгээс 10.000.000 төгрөгний тэмдэгтийн хураамж 174.950 төгрөг, С.Баярмандалаас 10.000.000 төгрөгний  тэмдэгтийн хураамж 174.950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

         Хариуцагч С.Баярмандал, хариуцагч Ц.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарт шүүх хуралданы товын боломжит хугацаа буюу 2016 оны 06-р сарын 28, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус тус мэдэгдсэн боловч “намайг байлцуулахгүйгээр хэрэг шийдвэрлэхэд татгалзахгүй” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар  хариуцагч С.Баярмандал, хариуцагч Ц.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарын эзгүйд  хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

             Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар Ц.Бямбасүрэнгээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, хариуцагч С.Баярмандалаас зээл 10.000.000 төгрөг тус тус гаргуулан олгож, Э.Эрдэнэзаяад олгож, үлдэх 15.280.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгсугай.    

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 441.700 төгрөгийг төсвийн ологод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бямбасүрэнгээс 174.950 төгрөг, С.Баярмандалаас 174.950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө битүүмжлэх тухай” захирамжийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 16 дугаар байрны 19 тоот орон сууцны бичиг баримтыг жинхэнэ эзэн Ц.Бямбасүрэнд  буцаан олгох нь зүйтэй байна.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн119 дүгээр   зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн  шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн  дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны   дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ