Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 375

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  М.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, Т.Баярмаад “Газар чөлөөлүүлэх”-ийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

              Шүүх  хуралдаанд:  

                Хариуцагч Т.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1957 онд төрсөн, дээд боловсролтой, авто инженер, эрх зүйч  мэргэжилтэй,Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар баг, 2 дугаар хэсэг, 099  тоотод оршин суух хаягтай,тэтгэвэрт байдаг 

             Хонгор морьт  овгийн Батбаярын Түвшинжаргал    

             регистрийн дугаар:МЮ- 57022834 

             Нэхэмжлэгч М.Нарангэрэлийн  өмгөөлөгч: Г.Амартүвшин          

               нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр  нар оролцов.

                                                           

                                                           Тодорхойлох нь: 

               Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 028 тоотод оршин суух Мягмаржавын Нарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

              Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах 2618,8 мкв талбайтай газрыг нэхэмжлэгч миний аав Лхамсүрэнгийн Мягмаржав, ээж Раднаагийн Пунсал, талийгаач ах Мягмаржавын Жанчивдорж бид  дөрөвийн өмчлөлд өмчлүүлэхээр шийдвэрлэж бид өмчлөх эрхээ баталгаажуулж 2004 оны 10 дугаар сарын 29-нд улсын бүртгэлд бүртгүүлж Г-1317000105 тоот улсын бүртгэлийн дугаартай 000010085 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. 

               Уг газрын хамтран өмчлөгч ах М.Жанчивдорж нь 2004 онд өвчний учир нас барж аав, ээж 2 маань ахыг хөдөөлүүлсний дараа Улаанбаатар хот руу шилжсэн юм. Явахдаа хөрш айлын ах тухайн үед замын цагдаа байсан Түвшинжаргал гуайд газраа захиад явсан байдаг юм. Өнгөрсөн жил аав маань энд  ирэхдээ уг газраа очиж үзэхэд манай газар дээр байшин барьсныг үзээд Түвшинжаргал гуайгаас асуухад... “Та нар хаяаад алга болсон биз дээ, би энэ газрыг чинь охиныхоо нэр дээр гэрчилгээ авчихсан. Чи яаж ч чадахгүй гэж хэлсэн байсан”. 

                Ингээд би хотоос ирж газрын албаныхантай уулзахад газрын албаныхан манай газар дээр Түвшинжаргалын охин Т.Баярмаад эзэмшүүлэхээр захирамж гаргаж давхар гэрчилгээ олгосон байсан. Уг захирамжинд гомдол гаргаснаар Сүхбаатар сумын Засаг дарга Т.Баярмаад  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2014 оны 05 дугаар сархын 19-ны өдрийн захирамжаа 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/182 тоот захирамжаараа хүчингүй болгосон. Би уг газрын өмчлөлөөс аав Л.Мягмаржав, ээж Р.Пунсал, талийгаач ах М.Жанчивдорж нарын нэрийг хуулийн дагуу хасуулж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд миний өмчлөлийн газар дээр баригдсан байшинг буулгуулж газрыг маань Т.Баярмаагийн эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү! гэжээ. 

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Түвшинжаргал 2015 оны 04 дүгээр сарын 13-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

     ... М.Нарангэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй газар нь цагдаад ажиллаж байсан Ш.Энхтайван, Ш.Эрдэнэцэцэг хоёрын газар юм. Энэ хоёр хүний байранд Мягмаржав нь 2004 онд түр амьдарч байсан юм. Тэр хугацаанд Мягмаржав нь Ш.Энхтайван, Ш.Эрдэнэцэцэг нарын хашаа байшинг нь Улаанбаатар хотын хүнд зарсан байсан. Тэгээд тухайн башинг буулгаж байхад нь Энхтайван, Эрдэнэцэцэг хоёрт хүн хэлж, байшингаа буулгаж байхад нь ирээд хашаа байшингаа олж авсан. Түүнээс хойш Мягмаржав нь сураггүй зугатаагаад алга болсон. 

          Тэгээд Ш.Эрдэнэцэцэг, Ш.Энхтайван нар нь хашаа байшингаа зараад Улаанбаатар хот руу явахдаа надад газраа үлдээгээд явахад нь би газрын гэрчилгээтэй нь хамт авч үлдсэн. Тэгээд тэр газарт нь өөрийн төрсөн охин Т.Баярмаадаа хашаа байшин барьж өгсөн. Түүнээс хойш 2014 онд Мягмаржав над дээр ирж уулзаад “500.000 төгрөг өг” гэсэн. Тухайн үед нь би “юу гэж чамд мөнгө өгдөг юм.  Гэхэд Мягмаржав “миний газар дээр чи хашаа байшин барьсан байна” гэсэн. Тэгээд газрын албан дээр ирээд газрын гэрчилгээ авахад газрын албанд тэр талаар ерөөсөө кадастрын зураглал байгаагүй болохоор би өөрөө кадастрын зураг хийж авсан.  Тэгээд захирамж гаргуулаад  гэрчилгээ авсан. Тэгтэл 2015 онд газрын албанаас гэрчилгээ хүчингүй боллоо гэсэн.  Тэгэхээр нь газрын албанаас би “яагаад кадастрын зурагт байгаагүй мөртлөө аймгийн засаг дарга захирамж гаргах болов оо? гэж асуухад “Аймгийн газрын албаныхан гаргаж өгсөн захирамж ” гэж хэлсэн. Тухайн үед кадастрт зураг нь байгаагүй... гэжээ.  

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          ...Энхтайван гэж манай цагдаад ажиллаж байсан хүн тэдний байшинд Мягмаржав гэдэг хүний гэр бүл “орох оронгүй болчихлоо” гээд түр хугацаагаар сууж байсан. Сууж байх хугацаандаа байшинг нь зарж байгаад баригдаад Энхтайван Мягмаржав гэдэг хоёр хүний хооронд хэл ам үүсгэж Мягмаржав зугтаагаад алга болсон. Мягмаржав нь Энхтайван гэдэг хүний байшинд сууж байх хугацаандаа  гэрчилгээ авсан байсан.  Мягмаржавын хуьд байшин бөуулгаж нүүлгэж явсан асуудал ер байхгүй.  Энхтайван өөрөө байшингаа буулгаж зарчаад явахдаа өөрөө надад “за чи энэ гэрчилгээг өөрийнхөө нэр дээр болгож авдаа, олон жил чи би хоёр хамт ажиллаж байлаа” гэж хэлсэн. Би ч гэсэн хүсэлт тухайн үед “газраа надад өгчих” гэсэн хүсэлт гаргаж, ганц охиндоо хажуудаа нэг бйашин бариад өгчихье” гээд бид хоёр хоорондоо зохицсон. Намайг 2014 онд газрын гэрчилгээ авах үед газрын кадастрын зураг байхгүй байсан. Тэгтэл нэг л  өдөр сумын газрын алба дуудахаар яваад очиход “таны газрын гэрчилгээ хүчингүй болсон” гэж хэлсэн. Яагаад хүчингүй болсон юм бэ? гэхэд аймгийн Засаг дарга захирамж гаргасан байсан юм байна. Аймгийн Засаг дарга захирамж гаргасан учраас хүчингүй болгож байгаа гэж надад хэлсэн. Тэр үед кадасрын зурагт байгаагүй ямар учиртай юм бэ? гэсэн. Би газрын гэрчилгээ авахдаа Ш.Энхтайваны газрын гэрчилгээг үзүүлэхэд “наадах чинь яахав, таньд байж байг” гэж байсан. 

Одоо бол манай охины нэр дээр байсан захирамжийг хүчингүй болгосон харин Мягмаржавын охины нэр дээрх захирамжийг аймгаас хүчинтэй гэсэн.

            Энэ газар уг нь Ш.Энхтайваны газар байсан юм. Тэгээд л би охиныхоо нэр дээр шилжүүлж авсан юм. Одоо байгаа Нарангэрэл, Энхтайван гэсэн хоёр гэрчилгээний учрыг олж өгөхийг хүсч байна...гэв.  

 

                             Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад    

                                                              Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч М.Нарангэрэл нь Т.Баярмаад холбогдуулан “Газар чөлөөлүүлэх”-ийг хүссэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            Нэхэмжлэгч М.Нарангэрэл нь  2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.Мягмаржав, Р.Пунсал, М.Жанчивдорж, М.Нарангэрэл  нарын 4 хүний өмчлөлд олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах

 261.8 м2 талбай бүхий газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  Ү-1317000105 дугаарт бүртгэгдэж, 000010085 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг,  2014 оны 12 дугаар сарын 18-нд нэг хүний буюу өөрийн өмчлөлд бүртгүүлэн эрхийн улсын бүртгэлийн  Ү-1317000105 дугаарт бүртгэгдэж, 000281296 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. 

          Хариуцагч Т.Баярмаа нь М.Нарангэрэлийн өмчлөлийн газар гэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах 261.8 м2 талбай бүхий газарт хашаа байшин барьснаар дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн байна. 

        Хэрэг авагдсан нотлох баримтуудыг судлахад: 

1. 2004 оны 10 дугаар сарын 29-ний М.Нарангэрэлийн төрсөн эцэг Л.Мягмаржав, Р.Пунсал, М.Жанчивдорж, М.Нарангэрэл нарын 4 хүний өмчлөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах 261.8 м2 талбай бүхий газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  Ү-1317000105 дугаарт бүртгэгдэж, 000010085 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон  ба 2014 оны 12 дугаар сарын 18-нд М.Нарангэрэл нь дээрх газрын нэг хүний буюу өөрийн өмчлөлд бүртгүүлэн эрхийн улсын бүртгэлийн  Ү-1317000105 дугаарт бүртгэгдэж, 000281296 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. 

2. Маргаж буй газар нь 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар тогтоолоор  Сүхбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, мөн газар зохион байгуулагчийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн №56 дугаартай Үнэмлэх олгосноор уг газрыг Шаравдорж овогтой Энхтайванд олгож байсан байна. 

3. Уг газрыг  Т.Баярмаад 2014 оны 05 дугаар сарын 07-нд  Сүхбаатар сумын Засаг даргын А/108 тоот захирамжаар  “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар” эзэмшүүлэхээр олгосон боловч дээрх газар нь “М.Нарангэрэлд өмчлүүлсэн газар байгаа тул” гэсэн үндэслэлээр 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А/ 182 тоот захирамжаар Т.Баярмаад газар олгосон  А/108 тоот захирамжийг хүчингүй болгожээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал нь газрын маргааны талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч  “...Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “...газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга  шийдвэрлэнэ...” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж /хэргийн 59 дүгээр хуудас/байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандахад, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ”...Засаг даргад ирүүлсэн өргөдлийг судалж, шийдвэрлэх санал боловсруулан ирүүлнэ үү” гэж шилжүүлсэн байна.  

5. Хариуцагч Т.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны 1/48 дугаартай “Хариу тайлбар”-таа  “... 2004-2008 онуудад Сүхбаатар сумын иргэдэд одоо эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлүүлэхдээ өмнө нь эзэмших эрхээ баталгаажуулж гэрээ, гэрчилгээ аваагүй тохиолдолд сумын Засаг даргын захирамжаар нөхөн олгосон шийдвэр гаргуулан түүнийг үндэслэн газрыг өмчлүүлж байсан. Л.Мягмаржавын газар өмчилж авах тухай өргөдөлд хавсаргасан багийн Засаг даргын тодорхойлолтод дурьдснаар тус хүсэлт гаргасан газарт амьдран суудаг болохыг тодорхойлсны үндсэн дээр уг газрыг түүнд өмчлүүлсэн байна. 

           Иймд иргэн Л.Мягмаржавд Сүхбаатар сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 тоот захирамжаар газар эзэмшүүлэх нөхөн олгосон  шийдвэрийг гаргахдаа уг газар дээр иргэн Ш.Энхтайваны 1986 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор олгосон газрын гэрчилгээг хүчин төгөлдөр  хэвээр байхад гаргасан шийдвэр гэж үзэж байна...” гэжээ. 

          Дээрх баримтуудыг дүгнэхэд нэхэмжлэгч М.Нарангэрэл нь өөрт байгаа газар өмчлөх эрхийнхээ дагуу Т.Баярмаад холбогдуулан  “Газар чөлөөлүүлэх”-ийг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа, Ш.Энхтайван гэгч хэргийн оролцогч биш  хэдий боловч уг газар нь нэхэмжлэгч М.Нарангэрэлийнх, эсвэл 1986 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор иргэн Ш.Энхтайванд олгосон газрын аль нь болох нь маргаантай байна. 

            Иймд М.Нарангэрэлд 2014 оны 12 дугаар сарын 18-нд Эрхийн улсын бүртгэлийн  Ү-1317000105 дугаарт бүртгэгдэж, 000281296 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  Ш.Энхтайванд 1986 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн № 56 дугаартай олгосон үнэмлэхний аль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг эрх бүхий байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх нь  зүйтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.  

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа нь шүүхэд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

         Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-Т зааснаар М.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, Т.Баярмаад “Газар чөлөөлүүлэх”-ийг хүссэн  нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмтэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид  буцаан олгосугай.   

3. Нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 028 тоотод оршин суух Мягмаржавын Нарангэрэлд гэсэн хаягаар буцаан хүргүүлсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор  гомдол  гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ