Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 412

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1950 оны 01 сарын 15-нд төрсөн, 66 настай, Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Тамир хорооллын 15-44 тоотод оршин суух Өөлд овогт Ванчигийн Долоонжингийн /РД:АГ50011501/  хүсэлттэй

С.Пүрэвсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч В.Долоонжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хүсэлт гаргагч В.Долоонжин шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний хань С.Пүрэвсүрэн бид хоёр 1971 оны 05 сарын 13-ны өдөр  гэрлэлтээ батлуулсан. 1976 оны 09 сарын 03-ны өдөр 2  дахь охин Пүрэвсүрэнгийн Энхбаяр төрсөн. Бага охин Цэрэнчулууныг  2009 оны 12 сард үрчилж авсан. Хань С.Пүрэвсүрэн 2016 оны 07 сарын 19-ний өдөр нас барсан. Тухайн үеийн гэрлэлтийн баталгаа байхгүй, мөн тэр үеийн баримт сумын захиргаатай хамт шатсан учраас архиваас лавлагаа гарах боломжгүй байгаа юм. Иймд намайг С.Пүрэвсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

           Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар  болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч В.Долоонжин С.Пүрэвсүрэнтэй хамтын амьдралтай байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Самбуугийн Пүрэвсүрэнгийн 1981 оны 01 сарын 10-ны өдрийн 464159 дүгээр иргэний паспортонд: гэрлэлтийн байдал эхнэр Ванчигийн Долоонжин, 1950 онд төрсөн,  гэрчилгээний №10, 1971 оны 05 сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан,

  - Ванчигийн Долоонжингийн 1981 оны 01 сарын 10-ны өдрийн 464160 дугаар иргэний паспортонд: гэрлэлтийн байдал нөхөр Самбуугийн Пүрэвсүрэн, 1946 онд төрсөн,  гэрчилгээний №10, 1971 оны 05 сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан,

  - Пүрэвсүрэнгийн Цэрэнчулууны 2005 оны 11 сарын 24-ний өдрийн 0188737-73 дугаар төрсний гэрчилгээнд: эцгийн нэр Самбуугийн Пүрэвсүрэн, эхийн нэр Ванчигийн Долоонжин,

- Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 105 дугаар тодорхойлолтод: Самбуу овогтой Пүрэвсүрэн /РД:АГ46101911/, Ванчиг овогтой Долоонжин /РД:АГ50011501/ нар нь 1970 оноос хойш  тус сумын Тайхар багт оршин сууж хамт амьдарч байсан нь үнэн болно.

- Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын  2005 оны 12 сарын 28-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 70 дугаар захирамжид:

1. Хүүхэд үрчлэн авах болон үрчлүүлэхээр өргөдөл ирүүлсэн ... Сайнчулуунбатын Цэрэнчулууныг  Пүрэвсүрэнд тус тус үрчлүүлсүгэй зэрэг болно.

 

Иймд хүсэлт гаргагч В.Долоонжингийн С.Пүрэвсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т зааснаар Өөлд овогт Ванчигийн Долоонжин, Харьд могой нүдтэн овогт Самбуугийн Пүрэвсүрэн нарыг  хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч В.Долоонжингийн  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН