Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 422

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1962 оны 07 сарын 06-нд төрсөн, 54 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулагийн 02-03 тоотод оршин суух Монгол овогт Нацагдоржийн Ганхуягийн /РД:АИ62070614/  хүсэлттэй

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1980 оны 08 сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаануудад тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Ганхуяг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Н.Ганхуяг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие Хөдөлмөрийн гавьяаны  Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд  1980 оны 08 сарын 02-ны өдрөөс 1992 оныг хүртэл тракторын жолоочоор ажилласан. Тэгээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл тракторын жолоочоор ажилласан. Иймд миний дээрх хугацаануудад  ажиллаж байсан байдлыг  тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Н.Ганхуяг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1980 оны 08 сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаануудад тус тус тракторын жолоочоор  ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Нацагдоржийн Ганхуягийн 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

          - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 08 сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай  103 дугаар тушаалд:

          1. 1980 онд  Техник мэргэжлийн  сургууль төгсч  тус сангийн аж ахуйд  хувиарлагдан ирсэн  ... Нацагдоржийн Ганхуягийг тарианы 3 дугаар бригадад  тус тус тракторын жолоочоор  томилон ажиллуулсугай.

          - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 06 сарын 28-ны өдрийн ээлжийн амралт  олгох тухай 89 дүгээр тушаалын 22-д:  Тарианы 3 дугаар бригадын тракторч Н.Ганхуягт 1981 оны 07 сарын 01-нээс ээлжийн амралтын мөнгийг ажлын 26 хоногоор олгосугай.

          - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 02 сарын 10-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 29 дүгээр тушаал /Хавсралтын 13-т Н.Ганхуяг трактор, комбайнч, үндсэн амралт 15, албан тушаалын нэмэгдэл амралт 11, бүгд мөнгө олгох хоног 26, бүгд сайн өдөр 4, бүгд амрах хоног 30/,

          - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 сарын 17-ны өдрийн ажилд томилох тухай 101 дүгээр тушаалд:

          1. ... Н.Ганхуягийг 07 сарын 21-нээс  2 дугаар тасагт тракторчноор тус тус томилон ажиллуулсугай.

          - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 05 сарын 06-ны өдрийн социалист  уралдааны болзол дүгнэх тухай 77 дугаар тушаал /Хавсралтын 5-д Н.Ганхуяг олгох шагнал 15 төгрөг/,

          - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 сарын 30-ны өдрийн механикжуулагчдыг үнэ төлбөргүй  хооллох тухай 103 дугаар тушаал /Хавсралтын 10-т Н.Ганхуяг/,

          - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 сарын 24-ний өдрийн сангийн аж ахуйн албан хаагчид, ажилчдыг  ажлаас чөлөөх тухай 28 дугаар тушаал /Хавсралтын 46-д Нацагдоржийн Ганхуяг/,

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн Нацагдорж овогтой Ганхуяг тус аймгийн Төвшрүүлэхийн  сангийн аж ахуйн  Мандах ХК-д  1993-1994 онуудад тракторын жолоочоор  ажиллаж байсан үеийн  цалингийн 350 дугаар тодорхойлолт зэрэг болно.

           

           Иймд хүсэлт гаргагч Н.Ганхуягийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд болон Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Нацагдоржийн Ганхуягийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1980 оны 08 сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаануудад тус тус тракторын жолоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Ганхуягийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН