Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 426

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Ихтамир сумын 6-р багт оршин суух Боржгон овогт Баасангийн Долгорсүрэнгийн /РД:АГ67021501/ хүсэлттэй

          Архангай аймгийн аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                 

Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баасангийн Долгорсүрэн миний бие Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлэн шавар будагчнаар орж тасралтгүй ажиллаж байгаад Нэгдэл дундын үйлдвэр 1993 оны 05 сарын 27-ны өдөр хувьчлагдсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баасангийн Долгорсүрэн нь Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдөр шавар будагчнаар орж тасралтгүй ажиллаж байгаад нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдах болсон тул хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. Тус нэгдэл дундын үйлдвэр нь 1993 оны 05 сарын 27-ны өдөр хувьчлагдсан тул шүүхэд өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Баасангийн Долгорсүрэнг Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн Б.Долгорсүрэнгийн ажиллаж байсныг сайн мэдэх хамт ажиллаж байсан Б.Тамир, П.Амарсайхан нар гэрчилж шүүхэд мэдүүлэг өгсөн гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

 

  1. Баасангийн Долгорсүрэнгийн 436671 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

 

                         1.  Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын даргын 1983 оны 05 сарын 27-ны өдрийн 68 тоот тушаалаар Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт барилгачнаар томилов гэсэн 1983 оны 05 сарын 20-ны өдрийн бичилт,

 

                          2. Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын даргын 1992 оны 06 сарын 03-ны өдрийн 71 тоот тушаалаар Үүрэгт ажлаас нь чөлөөлж үйлдвэрийн эсгийний захиргааны өмнөх түр мэдэлд шилжүүлэв гэсэн 1992 оны 06 сарын 01-ний өдрийн бичилт,

 

                         3. Архангай аймгийн Их тамир сумын Эсгийний үйлдвэрийн даргын 1992 оны 12 сарын 26-ны өдрийн 34 тоот тушаалаар эсгийний үйлдвэрийн самнах цехэд нормчиноор томилов гэсэн 1992 оны 06 сарын 02-ний өдрийн бичилт,

 

  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 316 тоот

Баасан овогтой Долгорсүрэнгийн Нэгдэл дундын үйлдвэрт шавар будагчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтонд:

  • 1986 оны 05 сараас 09 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1987 оны 06 сараас 08 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1988 оны 01 сараас 02 сар, 04 сараас 08 сар, 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1989 оны 03 сараас 07 сар, 09 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1990 оны 01 сараас 06 сар, 08 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

 

  1. Архангай аймгийн Төрийн архивын аймгийн өмч хувьчлалын 1993 оны 05 сарын 27-ны өдрийн материалын хавсралтанд: Долгорсүрэн гэсэн.

 

  1. Гэрч Б.Тамирын шүүхэд өгсөн: Би 1983 оноос 1993 оныг дуустал Архангай аймгийн Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрийн Мод бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид ихэнхдээ Нуурийн овгор гэх газраас мод бэлтгэж Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт авчирч өгдөг байсан. Тэр модоор Нэгдэл дундын үйлдвэр банз, шургааг хийж барилга барихад ашигладаг байсан. Тэр үед Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын цехэд Б.Долгорсүрэн шаварчин бас будагчнаар ажилладаг байсан. Манай байгууллага Нэгдэл дундын үйлдвэр гээд том олон ч цех, ангитай том байгууллага байлаа. Б.Долгорсүрэн бид хоёр 1983 оны хавар хамт ажилд орж, 1993 онд хамт ажлаасаа хамт гарч байсан. Мод бэлтгэлийн анги, барилгын ангитай нягт уялдаатай хамтарч ажиллаж байсан болохоор Б.Долгорсүрэнгийн ажиллаж байсан байсан байдлыг сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг.

 

  1. Гэрч П.Амарсайханы шүүхэд өгсөн: Би Архангай аймгийн Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оноос 1994 он хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Б.Долгорсүрэн нь 1983 оноос 1993 оны 05 сар хүртэл хугацаанд Архангай аймгийн Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ангид шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Б.Долгорсүрэн нь манай нөхөр Тамиртай 1983 онд хамт ажилд орж байсан юм. Манай хоёрын Ихтамир суманд зэргэлдээ хашаанд 1995 оныг хүртэл хугацаанд хамт байсан болохоор  Б.Долгорсүрэнгийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Б.Долгорсүрэн нь тус ажлаа сайн хийдэг байсан болохоор хэд хэдэн удаа шагнуулж байсныг нь мэднэ. Нөхрийг нь Мөнхнасан гэдэг тэднийх 4 хүүхэдтэй айл байсан. 1996 оноос уулзалдаагүй байж байгаа саяхан уулзасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэнгийн Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан болох нь Б.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын даргын 1983 оны 05 сарын 27-ны өдрийн 68 тоот тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын даргын 1992 оны 06 сарын 03-ны өдрийн 71 тоот тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 316 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Б.Тамир, П.Амарсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Б.Долгорсүрэнгийн хүсэлтээс Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Эсгийний үйлдвэрийн даргын 1992 оны 12 сарын 26-ны өдрийн 34 тоот тушаал дээр өөр байгууллагын тамга дарсан, 1993 оны өмч хувьчлалын баримтанд Долгорсүрэнгийн овог нэр бичигдээгүй учир нотлох баримтаар үнээгүй болно.

         

          Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэнгийн шүүхэд өгсөн нотлох баримтаас үзэхэд Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд шавар будагчаар ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

          Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Баасангийн Долгорсүрэнг /РД:АГ67021501/ Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1. Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б Б.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН