Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 427

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Эрдэнэбулган сумын 6-р багийн Тунгалаг тамир хоршооллын төвд оршин суух  Боржигон овогт Рамжидын Янжмаагийн /РД:АЯ66061064/ хүсэлттэй,

                                                    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тунгалаг тамир хоршоололд 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

                                                      Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.                                                            

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:        

                                                    Хүсэлт гаргагч Р.Янжмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тунгалаг тамир хоршоололд саальчнаар 1980 оны 07 сарын 01-ний өдөр орж 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Хэрэг өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тунгалаг тамир хоршоололд 1980 оны 07 сарын 01-ний өдөр орж 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                    Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Р.Янжмаа нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт байрлах Тунгалаг тамир хоршоололд 1980 оноос 1990 он хүртэл хугацаанд тасралтгүй малчин, саальчнаар ажилласан. Р.Янжмаа 4-р ангиа төгсөөд ээжийгээ даган мал малладаг байсан. 14 настай байхдаа хоршоололд ажиллаж эхэлсэн. Өвлийн улиралд мал төллүүлж, зуны улиралд нь үнээ саадаг байсан. Иймд шүүхэд гаргасан нотлох баримт болон архивын лавлагаа зэргийг үндэслэн Р.Янжмаагийн улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

                                                    Хүсэлт гаргагч Р.Янжмаа ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

1.                                                 Архангай аймгийн Архивын тасгийн 2006 оны 02 сарын 30-ны өдрийн 329 тоот Р.Янжмаагийн Тунгалаг тамир хоршоололд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтонд:

                                                  1980 оны 07 сараас12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1981 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1982 оны 01 сараас 04 сар, 06 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1983 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1984 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1985 оны 01 сараас  05 сар, 07 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1986 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1987 оны 01 сараас 08 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1988 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                 

                                                  1989 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй нотлох баримт болно.

 

                                                    Хүсэлт гаргагч Р.Янжмаагийн  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тунгалаг тамир хоршоололд 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2006 оны 02 сарын 30-ны өдрийн 329 тоот Р.Янжмаагийн Тунгалаг тамир хоршоололд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тунгалаг тамир хоршоололд 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Р.Янжмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

                                                            Хүсэлт гаргагч Р.Янжмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                    1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Рамжидын Янжмааг /РД:АЯ66061064/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тунгалаг тамир хоршоололд 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

                                                    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Янжмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН