Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00418

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, ОБ62031200 регистрийн дугаартай, Сидэрхий зуутраг овогтой Сандагийн Баясаагийн,

          Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баясаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч С.Баясаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд төрсөн, 51 настай, 4 хүүхэдтэй. Би 1979 оноос Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд хонь ямаа маллаж байсан. Нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан ба тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авч чадаагүй нэгдэл тарсан. Одоо тэтгэвэрт гарах насанд хүрч байгаа, Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл тарсан, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийх боломжгүй тул Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1993 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч С.Баясаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн цалингийн  тодорхойлолтод: Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан Сандаг овогтой Баясаагийн 1979 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Эрдэнэ, Х.Сүрэнхорлоо нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гэрч П.Эрдэнэ: “Би 1970 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд бригадын дарга, агент, хоршооны нярав зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Намайг Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж байх хугацаанд С.Баясаа мөн нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. С.Баясаа 1979 оноос эхлэн тус нэгдэлд илгээлтээр малчин болж, аав, ээжийн хамт мал маллаж байгаад Гончигсүрэн гэх хүнтэй гэр бүл болон мөн тус нэгдэлдээ үргэлжлүүлэн 1991 хүртэл ажилласан. Бадрал нэгдэл нь 1991 оны дундуур Баялаг хоршоо болон 1993 оныг дуустал ажиллаад тарсан. С.Баясаа нь Бадрал нэгдэл, Баялаг хоршоонд 1979 оноос 1993 оныг дуустал ажилласан гэдгийг би сайн мэдэхийн хувьд гэрчийн мэдүүлэг өгч байна. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Д.Орших, С.Эрдэнэ, С.Сайжрах, Баялаг хоршооны даргаар Б.Жамбалдорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Сүрэнхорлоо: “С.Баясаа нь 1979 оноос 1993 оны хооронд Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байгаад Гончигсүрэнтэй гэр бүл болон Бадрал нэгдэлдээ үргэлжлүүлэн 1993 оныг дуустал бог мал маллаж байсан. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл нь 1991 оноос 1993 оныг дуустал Баялаг хоршоо болон ажиллаад тарсан. С.Баясаа нь Бадрал нэгдэл, Баялаг хоршоонд 1979 оноос 1993 оныг дуустал малчнаар ажилласан юмаа. Бид нэг баг бригадад хамт мал маллаж байсан учраас би сайн мэдэж байна. Би 1965 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг хүртэл Бадрал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Д.Орших, С.Эрдэнэ, С.Сайжрах, Баялаг хоршооны даргаар Б.Жамбалдорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаал болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 317 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд тус тус хэрэгт авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Баясаагийн 1979 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон Баялаг хоршоонд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Баясаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сидэрхий зуутраг овогтой Сандагийн Баясаагийн 1979 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон Баялаг хоршоонд тус тус малчнаар, нийт 15 /арван тав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Баясаагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА