Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00426

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-04 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, ОЭ60100711 регистрийн дугаартай, Чорос овогтой Зогсохын Бадамсэдийн,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Бадамсэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч З.Бадамсэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 1979 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 10-р ангийг төгсөөд мөн ондоо ХААИС-ийн инженер механикийн ангид элсэн суралцаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдаж, улмаар 3 жил цэргийн алба хаагаад 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс 1983 онд халагдаж ирээд, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд химийн ус бэлтгэлийн лаборантаар орж, 1986 оны 11 дүгээр сар хүртэл уг ажлыг хийсэн. 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дулааны станцид химийн лаборант, хими тоноглолын засварчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл няраваар, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд дахин химийн лаборант, хими тоноглолын засварчнаар тус тус ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, би 1984 оны 9 дүгээр сараас 1996 оны 10 сарыг дуустал хугацаанд тасралтгүй Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дулааны станцад химийн лаборант гэдэг ажлыг хийж байсан. Химийн лаборантаар ажиллаж байхдаа би ээлжинд гарч, химийн усны, уурын чанарт хяналт хийх, шинжилгээг цаг тутам хийх, тэжээлийн усны деараторын даралт, температурыг хэвийн хэмжээнд барих, анхан шатны 3 фильтерээс гарах усны хатуурлыг 700 мм/экв/л-ээс ихгүй хэтрүүлэхгүй барих, 2-р шатны фильтерийн усыг 20 мм/экв/л-ээс ихгүй барих, деараторын үзүүлэлтүүдийг цаг тутам тэмдэглэж ажиллаж байсан. Мөн хатуурсан буюу горимоос давж хатууралтай болсон фильтерүүдийг сэргээх зэрэг ажлыг хийж ирсэн. Ингэж ажил үүргээ гүйцэтгэхдээ уг лаборантын ажлыг хийж гүйцэтгэхэд хэрэглэгддэг тоног төхөөрөмж болох химийн фильтер, хаалт арматур, насос, тэжээлийн деараторт гарсан эвдрэл гэмтлүүдийг мөн засаж байсан. Химийн шинжилгээ хийхдээ аммиакийн буферийн уусмал, давсны болон хүхрийн хүчил, метилоранж, фенолфетолен зэрэг химийн бодисуудыг ашиглаж шинжилгээ хийдэг байсан. Миний үндсэн ажил бол химийн лаборант, дагалдах ажил нь химийн тоног төхөөрөмжийн засварчин байсан. Гэтэл тухайн үед миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ анх 1984 онд химийн лаборантаар тушаал гаргасан мөртлөө түүнээс хойш 1995 он хүртэл химийн лаборант гэсэн үгийг хаяж, химийн тоноглолын засварчин гэж буруу бичсэн байсан. Би хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 1984-1995 оны хооронд тасралтгүй 10 гаруй ажил ажилласан ба хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор ниймгийн даатгалын байгууллагад хандахад химийн лаборантаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн хариу өгсөн юм. Иймд миний 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дулааны станцад химийн лаборант, хими тоноглолын засварчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дулааны станцид няраваар, 1991 оны 6 дугаар сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дулааны станцид химийн лаборант, хими тоноглолын засварчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч З.Бадамсэд нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Увс аймгийн Дулааны станцын ашилалтын өмнөх захиргаанаас 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдөр З.Бадамсэдэд олгосон 152173 тоот хөдөлмөрийн дэвтэрт: “1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Дулааны станцын ус бэлтгэлийн лаборант, хими тоноглолын засварчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллуулсан тухай” бичилт хийгдсэн.

            Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1984 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот “Ажилчид авч суралцуулах тухай” тушаалд: “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 291 дүгээр тогтоол, Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1984 оны 8 дугаар сарын ... тоот тушаалыг үндэслэн тушаах нь: 1. Дулааны станцын Ашиглалтын өмнөх захиргаанд ажиллуулахаар Түлш эрчим хүчний үйлдвэрийн яам, аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны ХНХ-ын хэлтсээс хуваарьлаж ирүүлсэн ажилчдыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагалдан сурагчаар авч ажиллуулсугай. 2. ХНХ-ын улсын хорооны 1978 оны 38 дугаар тогтоолын дагуу шинээр мэргэжил эзэмшихээр суралцах ажилчдад сард 180 төгрөгийн, ТМС, курс төгссөн мэргэжилтэй ажилчдад дагалдах хугацаанд сард 300 төгрөгийн, ахлах машинистаар дагалдах ажилчдад сард 350 төгрөгийн тэтгэмжийг 1 дүгээр хавсралтын дагуу бодож сургалтын зардлаас олгохыг санхүүд зөвшөөрсүгэй. Дарга Д.Өлзийсайхан” гээд уг тушаалын хавсралтын 1.2-т “Зогсохын Бадамсэд 180 төгрөг” гэжээ.

            Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 04 тоот “Ажилчдын цалин нэмэгдүүлэх тухай” тушаалд: “Тус захиргаан дээр бэлтгэгдэж байгаа ажилчид, ИТА нараас мэргэжлийн давтан шалгалт авсан тухай ИТА нарын 1986 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн тушаах нь: 1. Өөрийн суралцаж байгаа мэргэжил дээрээ идэвхи зүтгэл гарган суралцаж, мэргэжлийн шалгалтанд амжилттай дүн үзүүлж, мэргэжлийн зэргээ ахиулсан ажилчид, ИТА нарт хавсралтад заасны дагуу цалинг нэмэгдүүлэн олгосугай. ... Дарга Д.Өлзийсайхан” гээд уг тушаалын хавсралтад “З.Бадамсэд – химийн засварчин – 3 дугаар зэрэг – шинээр олгох цалин 340 төгрөг” гэжээ.

            Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 152 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: “Үйлдвэрийн газрын хуулийн 5 дугаар зүйл, Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйл, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтарсан хурлын протокол, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тушаах нь: 1. Дулааны станцад .... машинистаар ажиллаж байсан Зогсох овогтой Бадамсэдийг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн пүүлэгч няраваар, ... шилжүүлэн ажиллуулсугай. ... 3. З.Бадамсэдийг 400 төгрөгөөр цалинжуулахыг санхүү /С.Бэгзжав/-д зөвшөөрсүгэй. Дарга Д.Дашдаваа” гэжээ.

            Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 91 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: “Хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйл, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тушаах нь: 1. ... Дулааны станцын нярав З.Бадамсэдийг 1991 оны 6 дугаар сарын 01-нээс чөлөөлж, хими тоноглолын засварчнаар шилжүүлэн ажиллуулсугай. 2. ... З.Бадамсэдийг химийн засварчны 4 дүгээр зэргээр цалинжуулахыг санхүүд зөвшөөрсүгэй. ... Дарга З.Гомбосүрэн” гэжээ.

            Улаангом хотын Дулааны станцын даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот “Ажилд томилох, цалин тогтоох, эрх олгох тухай” тушаалд: “Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа Баруун бүсийн эрчим хүчний системийн даргын тушаалыг үндэслэн тушаах нь: ... 2. Дулааны станцад ажиллагсадыг 1 дүгээр хавсралтад дурдсан албан тушаалд 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай. ... Дарга Б.Мижиджав” гээд уг тушаалын хавсралтад “З.Бадамсэд – лаборант – 4 дүгээр зэрэг” гэжээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: “Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Дулааны станцад ажиллаж байсан Зогсох овогтой Бадамсэдийн 1984 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.

            Мөн нэхэмжлэгч З.Бадамсэд Дулааны станцын хамт олонтойгоо 1992 онд авахуулсан гэрэл зураг, 1984 онд авахуулсан гэрэл зураг, 1989 онд Дулааны станцын лабораторид буюу ажлын байрандаа авахуулсан гэрэл зураг, мөн 2006 онд авахуулсан гэрэл зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

            Түүнчлэн З.Бадамсэдийн хөдөлмөр, ажлын үр дүнг үнэлж 1994 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргаанаас олгосон “Баярын бичиг”, 1994 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрчим хүчний сайд Б.Жигжидээс олгосон “Сайшаалын үнэмлэх”, 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Түлш эрчим хүчний сайд Г.Нямдаваагаас олгосон “Хүндэт жуух бичиг”, 1999 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Дулааны станцын захиргаанаас олгосон “Баярын бичиг”, 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаангом сумын Засаг дарга Ц.Эрхэмбаяраас олгосон “Аваргын үнэмлэх”, 2002 онд Дэд бүтцийн сайд Б.Жигжидээс олгосон “Монгол Улсын Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгийн үнэмлэхний хуулбар зэрэг баримтууд, мөн З.Бадамсэдийн Дулааны станцын лаборантаар ажиллаж байхдаа өдөр тутамын зарцуулсан спиртын тооцоо хийсэн тухай актууд 7 хуудас баримт тус тус хэрэгт авагдсан байна.                   

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Цэрэнпил, Ц.Оюунчимэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба гэрч А.Цэрэнпил: “З.Бадамсэд бид хоёр 1984 онд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Дулааны ашиглалтын өмнөх захиргаанд хамтдаа ажилчнаар орсон. Тухайн үед манай байгууллага шинэ тутам байгуулагдаж байсан юм. 1984 оны 9 дүгээр сард Дулааны станц ашиглалтанд орсон ба 9 дүгээр сарын 20-ны өдөр галлагаа хийгээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба тухайн байгууллагын хими цехед лаборантаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2006 он хүртэл яг энэ цехдээ ажилласан. 2006 он З.Бадамсэд ажлаас гараад цэцэрлэгт ажиллахаар явсан. З.Бадамсэд бид 2 олон жил нэг цехед ажиллаж байсан нь үнэн. Тэрээр их сайн ажилчин байсан. Бид нар химийн засварчин гэсэн ажил давхар хариуцаж явдаг байсан ба аймгийн аварга, байгууллагын аварга гэсэн олон сайхан шагнал урамшуулал их авдаг байсан. Манай цех 4 лаборант, 1 инженертэй байсан. Хими цехийн тоног төхөөрөмжүүд эвдэрсэн тохиолдолд түүнийг засах ажлыг З.Бадамсэд хариуцдаг байсан. Харин зундаа бид бүгдээрээ засварын ажлаа хийх байдлаар ажиллаж байсан. Манай байгууллага тусгай обьект байсан тул хувьчлалд ороогүй ба 1996 онд Дулааны станц нь бие даасан үйлдвэр болж зохион байгуулагдаж, Б.Мижиджав гэдэг даргатай байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оюунчимэг: “З.Бадамсэд бид хоёр 1984 онд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Дулааны ашиглалтын өмнөх захиргаанд хамтдаа ажилчнаар орсон. Тухайн үед манай байгууллага шинэ тутам байгуулагдаж байсан юм. 1984 оны 9 дүгээр сард Дулааны станц ашиглалтанд орсон ба 9 дүгээр сарын 20-ны өдөр галлагаа хийгээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба тухайн байгууллагын хими цехед лаборантаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2006 он хүртэл яг энэ цехдээ ажилласан. 2006 он З.Бадамсэд ажлаас гараад цэцэрлэгт ажиллахаар явсан ба би өөрөө 2014 онд тухайн байгууллагаас эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан. Манай цех 4 лаборант, 1 инженертэй байсан. Хими цехийн тоног төхөөрөмжүүд эвдэрсэн тохиолдолд түүнийг засах ажлыг З.Бадамсэд хариуцдаг байсан. Харин зундаа бид бүгдээрээ засварын ажлаа хийх байдлаар ажиллаж байсан. Манай байгууллага тусгай обьект байсан тул хувьчлалд ороогүй ба 1996 онд Дулааны станц нь бие даасан үйлдвэр болж зохион байгуулагдаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд З.Бадамсэд нь Дулааны станцад лаборантаар ажиллаж, тухайн тоног төхөөрөмжүүдийг засварлах ажлыг давхар хариуцаж байсан нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З.Бадамсэдийн Увс аймгийн Дулааны станцад 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд химийн лаборант, хими тоноглолын засварчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд няраваар, 1991 оны 6 дугаар сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд химийн лаборант, хими тоноглолын засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Бадамсэдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чорос овогтой Зогсохын Бадамсэдийн Увс аймгийн Дулааны станцад 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд химийн лаборант, хими тоноглолын засварчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд няраваар, 1991 оны 6 дугаар сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд химийн лаборант, хими тоноглолын засварчнаар, нийт 12 /арван хоёр/ жил 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Бадамсэдийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА