Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 179

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг би

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багт оршин суудаг, Боржигон овогт Д М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багт оршин суудаг, Өөлд овогт П Б холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би П.Б 2003 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.М, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Б.А, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.М нар төрсөн юм. Гэр бүл болсон эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Харин сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, агсам, согтуу тавьж зоддог болсон. Миний хувьд 3 хүүхдээ бодож удаан тэвчсэн. Хамт амьдарч байхдаа бэлгийн замын халдварт өвчин надад халдаасан, үүнээс хойш хамт амьдрах хэцүү, итгэхээ больсон. Бид 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Цаашид би энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй болсон. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан гэх зүйл байхгүй, би өөрийн гэсэн эд хогшилоо өөрөө аваад явсан. Одоо өндөр настай аавынхаа гэрт 3 хүүхэдтэйгээ амьдарч байгаа, хэдийгээр тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа боловч  аавын тэтгэвэр, хүүхдүүдийн мөнгө, малынхаа ашиг шимээр хүүхдүүдээ тэжээн тэтгэх бүрэн боломжтой.

 Иймээс гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна ” гэжээ.

Хариуцагч П.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М хүүхдүүддээ бодоод эвлэрэн хэлэлцэх боломжтой гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Манай гэр  Их Уул суманд байгаа. Миний хувьд өөр хүнтэй хамтран амьдарч байгаа зүйл байхгүй. Би хүүхдүүддээ хайртай. Би архи уухгүй бол гэр бүлтэйгээ сайхан амьдарч чадна. Харин М эвлэрэхгүй цаашид хамт амьдарч чадахгүй гэвэл гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн зөвшөөрч байна. Харин том хүү болох Б.М өөрийн асрамжиндаа авмаар байна, охин Б.А, бага хүү Б.М нарыг эх Д.М асрамжинд үлдээх саналтай байна. Мөн тэтгэлэг төлөх боломжгүй байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч П.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.    

Боржигон овогт Д М, Өөлд овогт П Б нар нь 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2006 оны 8 дугаар сарын 14-нд хүү Б.М, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Б.А, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.М нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа бөгөөд зан харьцааны хувьд таарч тохирохгүй, тусдаа амьдраад 3 жил болсон тухайн хугацаанд П.Б нь  хүүхдүүддээ анхаарал халамж тавиагүй уулзаагүй зэрэг байдлаас үзэхэд гэрлэгчид нь цаашид хамт амьдрах бодит нөхцөл байдал байхгүй болсон байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас тэдэнд 2 сарын хугацаанд эвлэрэх хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хэргийг шилжүүлсэн боловч гэрлэгчид нь эвлэрэн хэлэлцэх ямар нэгэн санал санаачлага гаргаагүй байна.

Иймд шүүх тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2006 оны 8 дугаар сарын 14-нд хүү Б.М, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Б.А, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.М нар нь бага насны хүүхдүүд байх бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд ээжийнхээ асрамжинд байгаа зэрэг байдлыг харгалзан хүүхдүүдийн хүмүүжил сурч боловсроход нь хайр халамж анхаарлыг эх нь хүүхэддээ илүү тавих боломжтой гэж шүүх үзэж байгаа тул хүү Б.М, охин Б.А, хүү Б.М эх Д.М асрамжинд үлдээж, эцэг П.Б хуульд заасан хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх  нь зүйтэй  гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг хуульчилсны дагуу хуульд заасан хэмжээгээр тэтгэлгийг тогтоох нь зүйтэй байна.

             Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зохистой байна.

Түүнчлэн эцэг П.Б нь хүү Б.М, охин Б.А, хүү Б.М нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Д.М даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүү Б.М, охин Б.А, хүү Б. нар нь Завхан аймгийн Их-Уул суманд амьдардаг бөгөөд тус бүс нутагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ 164200 төгрөгөөр тогтоогдсон байх бөгөөд тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүн болох 2955600 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 62240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулж, мөн хариуцагчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч П.Б гаргуулж нэхэмжлэгч Д.М олгох нь зүйтэй байна.   

Зохигчид нь эд хөрөнгийг маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116.118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Д М, Өөлд овогт П Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар нь 2006 оны 8 дугаар сарын 14-нд хүү Б.М, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Б.А, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.М нарыг эх Д.М асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.М, охин Б.А, хүү Б.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг П.Б тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б 62240 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 090400995 дугаар дансанд, 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд зөв төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг даалгасугай.

7. Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй бөгөөд эцэг П.Б хүү Б.М, охин Б.А, хүү Б.М уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Д.М даалгасугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баттулгад даалгасугай. 

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх  хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

  

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОТГОНХИШИГ