Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 212

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Голомт банкны Дорноговь салбар /***/-ын нэхэмжлэлтэй,

 

Ч.Д эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шинэтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Д нь ЗГ5275100680 тоот гэрээгээр 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг Голомт банкнаас авсан. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3 928 428 төгрөг, үндсэн хүү 555 092 төгрөг, нэмэгдүүлсэн хүү       19 454 төгрөг, хуримтлагдсан хүү 27 884 төгрөг, нийт 4 527 859 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс одоо 1 854 635 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн өр 228 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд дээрх зээлийн өрийг бүрэн төлүүлж хаалгах хүсэлтэй байна. Банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн хугацааг хэтрүүлж, зээл зээлийн хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй болно. Зээлдэгчийн эгч, дүү нартай холбогдоход харьцахаа больсон гэсэн тайлбар өгсөн. Хуучин ажлын газраас нь асууж тодруулахад Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын хооронд явж байхдаа зөрчил гаргаж Замын-Үүд сумын Цагдаагийн газар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр оршин суух хаягт нь очиход эхнэр, хадам, ээж, хүүхэд нар нь байсан боловч энд амьдрахаа больсон, салаад явсан, хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн. Энэхүү зээлийн өрийг Ч.Даас нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Ч.Дын хаяг тодорхойгүй тул хариуцагч Ч.Дыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д нь Өмнөговь аймгийн тооцооны төвийн салбараас 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдөр  5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг авсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сараас хойш холбоо барих боломжгүй, оршин суугаа хаяг дээрээ байхгүй зээлээ төлөхгүй сураггүй алга болсон. Өмнөговь аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч харьяалал биш Дорноговь аймгийн шүүхэд ханд гэсэн зөвлөгөө өгсөн. Тухайн өдрийн байдлаар  227 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа 1 854 835 төгрөгийн өр үүссэн байгаа. Зээлдэгчийн ар гэртэй удаа дараа холбогдох гэж оролдсон боловч аав, ээж, ах дүү нар нь мэдэхгүй холбоо бариагүй гэсэн хариу хэлсэн. Цахим үнэмлэхний хаягаар нь Сайншанд сумын 4 дүгээр багт байрладаг хаяган дээр нь очиход эхнэр, хадам ээж нь амьдарч байсан ба бид нар мэдэхгүй салаад явсан. Бид нар ч гэсэн хүүхдийн тэтгэмж тогтоолгох гээд хайж байгаа, олвол бид нарт мэдэгдээрэй гэж хэлсэн. Иймд эрэн сурвалжлуулах гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. Хариуцсан зээлийн мэргэжилтэн нь ажиллаж байсан байгууллагаас нь мэдээлэл авахад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Цагдаагийн газарт зөрчил гаргасан байна, өөр сураг гарга гэж хэлсэн гэв.  

    

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Дорноговь салбар нь зээлдэгч Ч.Д. эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Ч.Д. нь *** регистрын дугаартай, Дорноговь аймаг, *** сум, *** тоотод оршин суудаг албан ёсны хаягтай болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч болох *** овогт Ч.Дэрэн сурвалжлуулах ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч болох *** овогт Ч.Д/ ***/-г эрэн сурвалжлуулсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Дыг эрэн сурвалжлуулах ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан согсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Д.НАРАНЦЭЦЭГ