Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 552

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр баг Баянтуул гэх газар задгайд  оршин суух НР62011964 регистрийн дугаартай “Даш” овогт Даринчулууны Намжилмаагийн Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Намжилмаа, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Намжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би Төв аймгийн Бүрэн суманд 1962 онд төрсөн, бага дунд сургуулиа төгсөөд 1980 онд Өндөрширээт сумын иргэн С.Шагдартай гэр бүл болж тус суманд шилжиж ирээд 1981 оны 01 сарын 01-нээс 1992 оны 01 сарын 02-ныг хүртэл Хөгжил нэгдлийн Баянтуул бригадад хоньчноор, 1992 оны 01 сарын 02-ноос 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Гэтэл намайг анх ажилд томилсон тушаал архиваас олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу зэрэг зөрчилтэй, тэтгэврээ тогтоолгож чадахгүй    эрх ашиг  зөрчигдөж  байна.   Би  Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн Баянтуул бригадад 1981 оны 01 сарын 01-нээс 1992 оны 01 сарын 02-ныг хүртэл хоньчноор,    Хөгжил ХК-д малчнаар 1992 оны 01 сарын 02-ноос 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус ажиллаж байсан тул  миний цуглуулсан нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын тушаалууд, архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Намжилмаа нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн Баянтуул бригадад 1981 оны 01 сарын 01-нээс 1992 оны 01 сарын 02-ныг хүртэл хоньчноор, 1992  онд бүтэц зохион  байгуулалтын өөрчлөлтөөр   нэр  нь “ Хөгжил ХК” болж  уг компанид  малчнаар 1992 оны 01 сарын 02-ноос 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлээс Д.Намжилмаад 1981 оны 06 сарын 10-ны өдөр нээж олгосон  Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 1-15  дахь талд “1981 оны 01 сарын 01-нээс Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн Баянтуул бригадад хоньчноор ажиллуулав, 1981-1990 он дуустал цалин хөлс авч байсан” тухай бичилтүүд,

-1991 оны 10 сарын 20-ны өдөр нээсэн  хөдөлмөрийн дэвтрийн 1-5  дахь талд “1981 оны 01 сарын 01-нээс Хөгжил нэгдэлд малчнаар томилон ажиллуулав, 1992 оны 01 сарын 02-ноос малчны үүрэгт ажлаас чөлөөлж  “Хөгжил ХК”-ний мэдэлд шилжүүлэв, 1992 оны 01 сарын 02-ноос Хөгжил ХК-д малчнаар авч ажиллуулав” гэсэн бичилт,

2.Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын “Ээлжийн амралт олгох тухай” 1987 оны 11 сарын 25-ны өдрийн 110 тоот тушаал, хавсралтын 20 дугаарт “С.Шагдар адуучин /нөхөр Ш.Бямбасүрэнгийн эцгийн нэр/”,

-1988 оны 12 сарын 08-ны өдрийн 133 тоот тушаал, хавсралтын 94 дугаарт ... хоньчин Д.Намжилмааг 15 хоног амраасугай,

-1989 оны 09 сарын 02-ны өдрийн 65 тоот тушаал, хавсралтын 27 дугаарт ... хоньчин Д.Намжилмааг 15 хоноог амраасугай,

-1990 оны 12 сарын 20-ны өдрийн 113 тоот тушаал, хавсралтын 41 дүгээрт .... хоньчин Д.Намжилмааг 15 хоног амраасугай гэсэн тушаалын хуулбарууд,   

         3.Гэрч Ц.Рэгзэдмаагийн “Д.Намжилмаа нь 1981-1992 оныг хүртэл Төв аймгийн Бүрэн сумын Бүрэн дэлгэрэх нэгдэлд хоньчноор ажиллаж байсныг мэднэ. Би тус нэгдэлд малчнаар 1964 онд 4 дүгээр ангиа төгсөөд л 1965 оноос эхлэн тасралтгүй 1992 оныг хүртэл ажилласан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг,

         -гэрч С.Цэнд-Аюушийн “Д.Намжилмаа нь 1981 оны 01 сарын 01-нээс 1992 оны 1 сарын 01-нийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн Баянтуул бригад болон Хөгжил ХК-д тасралтгүй хоньчноор ажиллаж байсныг мэднэ. Би МХЗЭ-ийн үүрийн дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр 1976 оноос 2000 оныг хүртэл ажиллаж байсан. Нэг нутагт ажиллаж хөдөлмөрлөж байсан учраас сайн мэднэ. Д.Намжилмаагийн нөхөр Ш.Бямбасүрэн нь эвлэлийн гишүүн байсан хүн юм” гэх мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд,

4.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 424 дүгээр албан тоотод: “Тус аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1981-1986 оны тушаалд холбогдох баримт гараагүй, мөн Хөгжил ХК-ийн баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Д.Намжилмаад лавлагаа олгох боломжгүй” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч Д.Намжилмаагийн Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн Баянтуул бригадад анх малчнаар ажиллаж байсныг нотлох анх ажилд томилсон тушаал, халагдсан тушаал зэрэг баримтууд нь өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн цалингийн цэс, санхүүгийн баримтууд аймгийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, аймгийн архивын тасгаас ирүүлсэн 424 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна.              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хүсэлт гаргагч Д.Намжилмаагийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ц.Рэгзэдмаа, С.Цэнд-Аюуш нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр  хүмүүс нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ХК-д тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байна.

 

Иймд Д.Намжилмааг Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн Баянтуул бригадад 1981оны 01 сарын 01-нээс 1992 оны 01 сарын 02-ныг хүртэл хоньчин, “Хөгжил ХК”-д 1992 оны 01 сарын 02-ноос 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан ба түүний хөдөлмөрийн дэвтэр дээрх  бичилтээр ажилд орсон, гарсан он, сар өдрийг тооцож эрх зүйн ач холбогдол бүхий  үйл явдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1,  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НР62011964 регистрийн дугаартай “Даш” овогт Даринчулууны Намжилмаа нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн Баянтуул бригадад 1981 оны 01 сарын 01-нээс 1992 оны 01 сарын 02-ыг хүртэл хоньчин, “Хөгжил ХК”-д 1992 оны 01 сарын 02-ноос 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Намжилмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ