Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 229

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд суманд 1977 оны 08 дугаар сарын      04-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 4-р баг, Ган замын 129-р байрны 1-8 тоот оршин суух, Цөнгөрөг овогт Сүхбаатарын Ариунжаргал /РД:ЕС77080400/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1977 оны 03 дугаар сарын 22-ны төрсөн, 39 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 7-р баг, Ган замын  130-р байрны 2-25 тоотод оршин суух, Боржигон овогт Төмөрбаатарын Гандуулга /РД:ЕС77032212/-д холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунжаргал, хариуцагч Т.Гандуулга, нарийн бичгийн дарга Э.Шинэтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч С.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Гандуулгатай 1998 оноос гэр бүлийн харилцаатай болж, 2000 оноос хамт амьдарч, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтийн 252 тоот баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Төгс-Эрдэм, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү Г.Маргад-Эрдэнэ нар төрсөн. 2009 оны 02 дугаар сараас миний нөхөр Т.Гандуулга нь Дорноговь аймаг дахь ЭМШУИС-д сурдаг Ж.Цэнгэлмаа гэх хүүхэнтэй холбогдож гэр бүлийн дотор байнга хэрүүл маргаантай байх болсон. Ж.Цэнгэлмаа нь манай нөхөртэй холбоотой байсаар 2011 оны 05 дугаар сараас тэр хоёр нэг гэрт орж, Сайншанд сумын 7-р баг, 130-р байрны 2-р орц 26 тоотод хамтран амьдрах болсон учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Одоо хамтран амьдрагчтай болоод олон жил болсон учир цаашид хамт амьдрах боломжгүй. Манай бага хүүхэд ч аавыгаа танихгүй, Гандуулга хүүхдүүд дээрээ очдоггүй юм. Хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, эцэг Т.Гандуулгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

 

Хариуцагч Т.Гандуулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ариунжаргалтай 2000 онд танилцсан ба хамт амьдрах хугацаанд эх нь байнга хөөж туудаг, элдвээр хэлдэг, гэр орондоо оруулдаггүй, “чи манайхаас яваад өгвөл бидний амьдрал сайхан болох гээд байна, чам шиг юмнаас юу ч авахгүй” гэж байнга хөөдөг, өдөр тутам хэрүүлтэй байсан. Энэ хугацаанд эрүүл мэнд муудаж, удаан хугацаагаар эмчлүүлж байсан ба гэрээс нь хөөгдөж гарч явсан. Бид олон удаа салж нийлсэн. Хүүхдээ бодож, амьдарлаа бодъё гэж хичээсэн боловч ойлголцоогүй. Өвдөж зовж явахдаа Ж.Цэнгэлмаа гэх эмч бүсгүйтэй танилцаж хамт амьдарч байгаа нь үнэн. Хамт амьдрах хугацаанд ээжийнд нь хамт амьдардаг байсан. Бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй. Хоёр хүүхдийг Ариунжаргалын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Эрүүл мэндийн хувьд байнга эмчилгээтэй байдгыг минь харгалзан үзэж, хүүхдийн тэтгэлгийн хувь хэмжээг тогтоож өгнө үү. Мөн гэрлэлт  цуцалж өгнө үү гэжээ.  

                      

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ариунжаргал нь хариуцагч Т.Гандуулгад холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

С.Ариунжаргал, Т.Гандуулга нар нь 1998 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулан, 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Төгс-Эрдэм, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү Г.Маргад-Эрдэнэ нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон №0120352 г-252 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №0406507 г-288,  №0000583713 г-204 дугаартай Боржигон овогт Гандуулгын Төгс-Эрдэм, Боржигон овогт Гандуулгын Маргад-Эрдэнэ нарын төрсөний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Нөхөр Т.Гандуулга нь өөр хүнтэй хамтын амьдралтай гэх ба гэрлэгчид нь цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээхээр гэрлэгчид тайлбар гаргасан тул хүү Г.Төгс-Эрдэм, Г.Маргад-Эрдэнэ нарыг эх С.Ариунжаргалын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Төгс-Эрдэмийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү Г.Маргад-Эрдэнийг 11 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Гандуулгаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Гандуулгаас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /82150х12+164300х12=2957400/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 62 268 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Цөнгөрөг овогт Сүхбаатарын Ариунжаргал, Боржигон овогт Төмөрбаатарын Гандуулга нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Г.Төгс-Эрдэм, Г.Маргад-Эрдэнэ нарыг эх С.Ариунжаргалын асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Төгс-Эрдэмийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү Г.Маргад-Эрдэнийг 11 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Гандуулгаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Г.Маргад-Эрдэний Хаан банкны 5376195029 тоот дансанд, Г.Төгс-Эрдэмийн хаан банкны 5753074082 тоот дансанд сар бүрийн тэтгэлгийг оруулж байхыг хариуцагч Т.Гандуулгад даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ариунжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Гандуулгаас 70 200  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ариунжаргалд олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Гандуулгаар улсын тэмдэгтийн хураамж 62 268  төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

  8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ