Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 28-1292 тоотод оршин суух, Хоньч овгийн Ганхуягийн Тайвантуяа /РД:ОЛ89041568/-гийн

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Спирт бал бурам” ХХК-ний байранд оршин байрлах, “Юу Ди Эс” ХХК,

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 57-03 тоотод оршин суух, Яруу овгийн Энх-Амгалангийн Энх-Амар /РД:УЕ83123116/ нарт холбогдох

Гэрээний үүрэгт 18.224.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг тус шүүх 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Тайвантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Тайвантуяа миний бие 5824648 регистрийн дугаартай "Юу Ди Эс" ХХК-ийн захирал Э.Энх-Амартай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13.400.000 төгрөгийн байрны урьдчилгаа төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай 3 хуваан төлж барагдуулахаар гэрээ байгуулсан болно. Э.Энх-Амар нь гэрээний дагуу одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүйгээс гадна сүүлийн хэдэн сар утсаа авахгүй, ажлын байран дээрээ байхгүй байгаа тул холбоо тогтоох боломжгүй байдалд хүрээд байна. Иймд иргэн Г.Тайвантуяа миний бие гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр болох 13.400.000 төгрөгөөс гадна гэрээнд тусгагдсан алданги 4.824.000 төгрөг нийт 18.224.000 төгрөгийг "Юу Ди Эс" ХХК-ийн захирал Э.Энх-Амараас гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Тайвантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч “Юу Ди Эс” ХХК-тай 13.400.000 төгрөгийн байрны урьдчилгаа төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай 3 хуваан төлж барагдуулахаар гэрээ байгуулсан болно. Э.Энх-Амар нь гэрээний дагуу одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүйгээс үндсэн төлбөр болох 13.400.000 төгрөгөөс гадна гэрээнд тусгагдсан алданги 4.824.000 төгрөг нийт 18.224.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Иргэний хуульд зааснаар тэд алданги төлөхөөр бичгээр тохиролцсон, хуульд хоног тутам гэж заасан, талууд ч гэсэн тэгж ойлголцож гэрээ хийсэн байгаа. Э.Энх-Амар нь шүүхийн дуудсан цагт байнга ирдэггүй. Өмнө нь албадан авчрах арга хэмжээ авч байсан мөн сая хэргийн материалтай танилцуулахаар компанийн хаягаар болон Э.Энх-Амарын гэрт мэдэгдэх хуудсыг хүргэхэд ээж нь авсан байсан тиймээс шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэх боломжтой байна. Хариуцагч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Манай талаас ч гэсэн байнга хариуцагчийн шүүхэд ирэхийг харж байж чадахгүй нь гэв.

Хариуцагч “Юу Ди Эс” ХХК-ний захирал Э.Энх-Амар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Г.Тайвантуяатай байгуулсан гэрээний дагуу “Сэлбэпартнерс” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 97\2 байрны 6 давхарт 38.13 мкв хэмжээтэй 1 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн нийт 13.400.000 төгрөгийг "Юу Ди Эс" ХХК-ийг төлөөлж Э.Энх-Амар миний бие иргэн Г.Тайвантуяад төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч зах зээл дээр үүссэн эдийн засгийн хямрал, иргэдийн бодит худалдан авалт буурсан зэргээс шалтгаалан төлөхөөр тохиролцсон хугацаандаа төлж барагдуулж чадаагүй байна. Мөн Г.Тайвантуяагийн нэхэмжилж буй мөнгөний дүн, тооцсон алданги, эрх зүйн тусламжийн үйлчилгээ зэргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Гэрээний 1.3-р хэсэгт "Заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож,...” гэж харилцан тохиролцсон. Алданги тооцсон тооцооллыг нь буруу болсон байна гэж үзэж байна. Иймээс Г.Тайвантуяад гэрээний дагуу төлөх ёстой 13.400.000 төгрөгийг манай компанийн зарж борлуулж буй бараа бүтээгдэхүүнээр төлж барагдуулах саналтай байна. Алданги болох 40.200 төгрөгийг үндсэн төлбөртэй нь хамт 13.440.200 төгрөгийг бараагаар төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Тайвантуяа нь хариуцагч “Юу Ди Эс” ХХК, түүний захирал Э.Энх-Амар нараас гэрээний үүргийн биелэлт, алданги нийт 18.224.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Хариуцагч “Юу Ди Эс” ХХК, түүний захирал Э.Энх-Амар нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Сэлбэпартнерс” ХХК-иас буцаан авах орон сууцны урьдчилгаа төлбөрт нийт 13.400.000 төгрөгийг "Юу Ди Эс" ХХК-иас авахаар тохирч компанийг төлөөлж захирал Э.Энх-Амартай гэрээ байгуулсан. Гэрээндээ иргэний хуульд заасан алданги төлөхөөр тохирсон тул хариуцагч төлбөр,алдангийг төлөх үүрэгтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээгээр үндсэн төлбөрийг түүнд тохирох алдангийн хамт төлнө, хоног тутам бодсон алдангийг төлөх үндэслэлгүй, гэрээгээр тэгж тохироогүй гэж тус тус тайлбарладаг.

“Юу Ди Эс" ХХК-ийн захирал Э.Энх-Амар нь “Сэлбэпартнерс” ХХК-ний өмнөөс Г.Тайвантуяад төлөх ёстой 13.400.000 төгрөгийн байрны урьдчилгаа төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай 3 хуваан төлж барагдуулахаар Г.Тайвантуяатай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож, иргэн Г.Тайвантуяад нэмж төлөхөөр тохиролцжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.

123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахааргүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж тус тус заасан.

“Сэлбэпартнерс” ХХК нь “Юу Ди Эс” ХХК-иас авах авлагаа өөрийн төлөх өрөндөө шаардаж авахыг Г.Тайвантуяад зөвшөөрч, “Юу Ди Эс” ХХК-ийн төлөөлөгч буюу Э.Энх-Амар нь “Сэлбэпартнерс” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ Г.Тайвантуяагийн өмнө гүйцэтгэх болсноо мэдэж хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тэдний хооронд хийсэн гэрээ /хх-3/, Э.Энх-Амарын гаргасан тайлбар /хх-11/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангуулах арга нэгэн зэрэг шилжинэ.

Иргэний хуулийн 232 дугаар 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.6-д Хууль  болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба талууд гэрээгээр алданги төлөхөөр тохирсон, үүнийгээ бичгээр хийсэн байх тул нэхэмжлэгч алданги гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч алдангийг хоног тутамд төлөхөөр тохироогүй, зөвхөн төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болох 40.200 төгрөгийг л төлнө гэж маргадаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т тэд үүргийн гүйцэтгэлийг хангах аргад алдангийг сонгож хэрэглэхээр тохирсон, хуульд алдангийг хоног тутамд тооцохоор зохицуулсан, хариуцагчийн төлөх үүрэг бага биш буюу 13.400.000 төгрөг байх тул 40.200 төгрөгийн алданги төлөхөөр тохирох нь гэрээний агуулга, алданги тооцсон нөхцлийн зорилгод  нийцэхгүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно, 198.4-т Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санаа агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэж зааснаар Э.Энх-Амарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13.400.000 төгрөгт хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож, түүнийг нэхэмжлэгчийн шаардсан 4.824.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэв.

186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй,

206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Тайвантуяа нь хариуцагч “Юу Ди Эс” ХХК, захирал Э.Энх-Амараас 13.400.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Г.Тайвантуяа  2015   оны  10  дугаар  сарын   14-ны  өдөр  гэрээг “Юу Ди Эс” ХХК-тай байгуулсан, уг компанийг төлөөлж захирал Э.Энх-Амар гарын үсэг зурсан, хуулийн этгээдийн тамгыг дарсан хэдий ч гэрээндээ “Сэлбэпартнерс” ХХК-ийн өмнөөс “Юу Ди Эс” ХХК-ийн захирал Э.Энх-Амар нь 2015 оны 11 сарын 15-ны дотор багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж заасан, 2016 оны 03 сарын 10-ны өдөр Э.Энх-Амарын шүүхэд гаргаж өгсөн “... Юу Ди Эс” ХХК-ийг төлөөлж Э.Энх-Амар миний бие иргэн Г.Тайвантуяад төлөхөөр харилцан тохиролцсон” гэсэн хариу тайлбар, уг хуулийн этгээд нь ганц гишүүнтэй ХХК байгаа зэргээс үзэхэд уг хэргийн хариуцагчаар  “Юу Ди Эс” ХХК болон Э.Энх-Амар нарыг татсан нь буруу биш, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмын үүднээс өөрөөр хэлбэл төлбөрийг компаниас гаргуулах боломжгүйд хүрвэл захиралаас гаргуулах нөхцөл зэргийг харгалзан “Юу Ди Эс” ХХК, Э.Энх-Амар нараас төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-86,87/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Г.Тайвантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.570  төгрөгийн 249.070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас илүү төлөгдсөн 2.500 төгрөгийг, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээний улсын тэмдэгтийн хураамж болох 249.070 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Тайвантуяад олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар  хариуцагч “Юу Ди Эс” ХХК, захирал Энх-Амгалангийн Энх-Амараас гэрээний үүргийн биелэлт болон алдингид нийт 18.224.000 /арван найман сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хоньч овгийн Ганхуягийн Тайвантуяад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Тайвантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.570 /хоёр зуун тавин нэгэн мянга таван зуун дал/ төгрөгнөөс 249.070 /хоёр зуун дөчин есөн мянга дал/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас илүү төлсөн 2.500 /хоёр мянга таван зуу/ төгрөгийг, хариуцагч "Юу Ди Эс" ХХК-иас буюу Э.Энх-Амараас 249.070 /хоёр зуун дөчин есөн мянга дал/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Тайвантуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.НАРМАНДАХ