Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 236

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ

СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 06 сарын 27                        Дугаар 236                                         Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунэгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Ж.Мөнхзулыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3676552 тоот регистрийн дугаартай Тун тохироо ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс татвар төлөгчөөр бүртгүүлэн Сүхбаатар аймгийн Уулбаян суманд эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг явуулж ирсэн. 2016 оны 06 сарын 15-ны байдлаар 807443.3 төгрөгийн татварын өртэй байгаа бөгөөд татварын өр төлбөрөө барагдуулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаа боловч захирал Жамбалсүрэн овогтой Мөнхзул нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн өөрийн оршин байгаа хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байх тул Тун тохироо ХХК-ны захирал Жамбалсүрэн овогтой Мөнхзулыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ж.Мөнхзул захиралтай /ЛЮ68021065/, 3676552 тоот регистрийн дугаартай Тун тохироо ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс татвар төлөгчөөр бүртгүүлэн Сүхбаатар аймгийн Уулбаян суманд эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг явуулж, 2016 оны 06 сарын 15-ны байдлаар 807443.3 төгрөгийн татварын өртэй байгаа болох нь татварын тооцоололын жагсаалтаар нотлогдож байна. Хариуцагч Ж.Мөнхзул нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг Баясгалантын 2-4 гэсэн хаягт харьяалагддаг бөгөөд тус багаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй боловч тус багт амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийг, нэхэмжлэгчийн хүсэлтээр эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан Жамбалсүрэнгийн Мөнхзулыг / ЛЮ68021065 регистртэй / эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоохыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

2. Хариуцагч Ж.Мөнхзул нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг Баясгалантын 2-4 тоотод оршин сууж байсан боловч одоо Улаанбаатар хотод шар хадны эмийн санд оройн ээлжинд ажилладаг сурагтай байх ба / утас 89990486 / түүний дүү Ж.Мөнхтуяа нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст байцаагч ажилтай / утас 99249358 / болохыг тус тус дурдсугай.

 

3. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНГЭРЭЛ