Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 389

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Уах овогт Муталивын Мишагийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Миша, гэрч Х.Уазира, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1980 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл Ноос угаах үйлдвэрийн хивсний цехэд хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч М.Миша шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1980 онд Ноос угаах үйлдвэрт анх утас ороогчоор ажилд орсон. 1981 оноос 1994 он хүртэл Ноос угаах үйлдвэрийн хивсний цехэд нэхэгчээр ажилласан. Хивс цехэд 6 ээлжээр ажилладаг байсан. 7 хоног өдрийн ээлж, 7 хоног шөнийн ээлжид гардаг байсан. Би 10 дугаар анги төгсөөд Завхан аймагт худалдааны техникумд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил олдоогүй тул хивсний цехэд утас ороогчоор 2 сар ажиллаад 1981 оноос эхэлж нэхэгчээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралт болон жирэмсний амралт авч байсан. Хивс цехэд ажиллаж байгаад 1994 онд үйлдвэр хаагдах болж орон тооны цомхтгол явагдах үед би ажлаасаа гарсан. Миний ажилд орсон тушаал байна. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна. Би Ноос угаах үйлдвэрт 14 жил ажилласан гэж бодож байна. Нийгмийн даатгалын улсын тооллого явагдах үед би хөдөлмөрийн дэвтэртээ бичилт хийлгэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 296 дугаартай аймгийн Архивын лавлагаанд: Аймгийн ноос угаах үйлдвэрийн 1980 оноос хойш баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн М.Мишад холбогдох архивын лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэсэн боловч М.Миша нь 1980 оны 11 сарын 12-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн хивсний цехэд хивс нэхэгчээр ажилласан болох нь доорхи нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1980 оны 12 сарын 01-ний өдөр нээсэн Муталивийн Миша, 1960 онд төрсөн, боловсрол дунд, мэргэжил нэхэгч, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэггүй, хөдөлмөрийн дэвтэр олгосон Баян-Өлгий аймгийн НУҮйлдвэрийн дарга Халифа гэж бичигдэж тамга дарж баталгаажуулсан дэвтрийн 4-5 хуудаст 01. 1980.11.12. Ноос угаах үйлдвэрийн гар хивсний цехт нэхэгчээр авч ажиллуулав, НУҮйлдвэрийн даргын 1980 оны 11-р сарын 12-ны өдрийн 235-р тушаалаар гэх бичилт хийсэн байна.

- БНМАУ Хөнгөн Хүнсний Үйлдвэрийн Яамны Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Өлгий хотын Ноос Угаах Үйлдвэрийн даргын 1980 оны 11 сарын 12-ны өдрийн 235 дугаартай ажилд түр томилох тухай тушаалаар Муталив овогтой Мишаг декрет авсан учраас ялгагч А.Кабирагийн оронд 1980 оны 11 сарын 12-аас эхлэн түр томилон ажиллуулсугай гэжээ.

-1982 оны 05 сарын 04-ны өдөр нээсэн 515051 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд: овог, нэр Муталив Миша, төрсөн он 1961, гишүүнд элссэн 1980 оны 11 сарын 25-ны өдөр, улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1980 он 11 сар 12 өдөр, гишүүний гарын үсэггүй, Баян Өлгий аймгийн ҮЭ-ийн Зөвлөлийн дарга К.Хамза гэсэн бичилт хийгдсэн тамга дарж баталгаажуулсан, 1980 оны 11 сараас 1994 оны 4 сар хүртэл сарын цалин, татвар төлж байсан талаар тэмдэглэл хийж тэмдэг дарж баталгаажуулснаар,

-БНМАУ-ын Улсын Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэг №505665, Муталив Миша, төрсөн он 1961, гишүүнд элссэн он 1985, УБХТН-ийн БӨ аймгийн зөвлөлийн дарга Фазал, 1985 оны 04 сарын 20 өдөр гэх бат илэрхийлэх үнэмлэхэд 1984 оноос 1988 он хүртэл татвар хураалтын талаар бичилт хийж баталгаажуулснаар,

-Жил бүрийн диспансерийн үзлэгийн хуудас 1989 он 01 сар 26 өдөр, Муталив Миша, нөхөр Тайф, төрсөн он 1961, эм, мэргэжил хивсчин гэж бичигдсэн бичилт,

-Х.Гаукар, Ш.Нурила, С.Аманкелди нарын нотариатаар баталгаажуулсан ... М.Миша 1981 оноос 1994 он хүртэл Ноос угаах үйлдвэрт хивс цехэд хивс нэхэгчээр ажилласан нь үнэн гэх бичмэл нотлох баримт болон гэрч С.Аманкелди, Ш.Нурила, шүүх хуралдаанд оролцсон гэрч Уазира нарын мэдүүлгээр, 1993-1994 онд хамт олонтойгоо авахуулсан зураг зэрэг дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Харин хүсэлт гаргагч М.Миша нь аймгийн Ноос Угаах үйлдвэрийн хивсний цехэд хивс нэхэгчээр 1980 оны 10 сард ажилд орж ажлаас 1994 оны 12 сард чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч М.Мишагийн 1980 оны 10 сар, 1994 оны 12 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хүсэлт гаргагч М.Мишагийн 1980 оны 11 сарын 12-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн хивсний цехэд хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Муталивын Мишагийн 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн хивсний цехэд хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн 1980 оны 10 сар, 1994 оны 12 сард ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Мишагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН