Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 2-6 тоотод оршин суух Бэсүд овогтой Хумбаажийн Чойжилын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Чойжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Х.Чойжил шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ноормчин, слесерээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт халагдсан тушаалын бичилт хийгдээгүй тамга тэмдэг байхгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл барилгын нормчин, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал сантехникийн слесерээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Нэгдэл дундын үйлдвэрийн газар нь 1995 онд татан буугдсан гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ноормчин, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт сантехникийн слесерээр ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ноормчиноор, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт слесерээр ажиллаж байсан болох нь БНМАУ Говь-Алтай аймгийн Улсын архивын 1987 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаартай лавлагаанд “...Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр тушаалаар Х.Чойжилыг 10 дугаар сарын 08-наас эхлэн барилгын нормчиноор авч ажиллуулсугай. дарга Ө.Равдан гэжээ...” гэсэн, Говь-Алтай аймгийн Алтан гадас одонт ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаартай ажилд авах тухай тушаалд “...уурын зуухны слесерээр ...Чойжил нарыг ...тус тус томилон ажиллуулсугай...” гэсэн,  Говь-Алтай аймгийн Алтан гадас одонт ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд “”...Уурын зуухны слесарь Чойжил ...нарыг 05 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөлж барилгын бригадад ажилчнаар ажиллуулсугай...” гэсэн, Х.Чойжилын №588554 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхэд 1984 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сарыг дуустал татвар төлсөн бичилттэй байгаа, Нэгдэл дундын үйлдвэрийн 1981 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрчилгээ”, Нэгдэлд дундын үйлдвэрийн 1981 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Баярын бичиг”, 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Баярын бичиг”, 1984 оны “Баярын бичиг”, Үйлдвэрийн уралдааны комиссийн 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Сайшаалын үнэмлэх”, Нэгдэл дундын үйлдвэрийн 1985 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Баярын бичиг”, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/25 дугаар тогтоолоор “VII таван жилийн гавшгайч” тэмдгээр шагнасан үнэмлэх зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Харин хүсэлтээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Бэсүд маанийхан Хумбаажийн Чойжилыг 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын нормчиноор, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт слесерээр ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бэсүд маанийхан Хумбаажийн Чойжилыг 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын нормчиноор, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт слесерээр ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН