Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 15 дугаар гудамж 39 дүгээр байр 1 тоотод оршин суух Жалиар Нанжидын Галбаатарын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Галбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Нанжидын Галбаатар нь 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн төвд төрсөн. 1983 оны 1 сарын 1-нд Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаанчин, хайгуулчнаар ажилд орж 1989 оны 12 дугаар сарыг дуустал тасралтгүй ажилласан. Миний бие осолд орж, хоёр хөлөө тайруулсан учраас группт орох шаардлагатай  болсон юм. Гэтэл тухай үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн архивын лавлагаа авахад архивын лавлагаан дээрх нэр, иргэний үнэмлэхний нэрнээс зөрүүтэй гарч ирсэн учраас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаан, хайгуулчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаанчин, хайгуулчаар ажиллаж байсан гэсэн нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 195 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажилчин байсан Мижид овогтой Галбадрах нь 1983 оны 1-6, 8-10, 12 дугаар сар, 1984 оны 01 дүгээр сараас 1985 оны  01 дүгээр сар,  1985 оны 03 дугаар сараас  11 дүгээр сар, 1986 оны 01 дүгээр сараас 1989 оны 02 дугаар сар, 1989 оны 03 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал авч байсан...” цалингийн тодорхойлолт болон Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн  2016  оны  05  дугаар  сарын  26-ны  өдрийн  213  дугаартай архивын лавлагаанд “С.Жавзмаагийн хүүхдүүдэд ...Галбаатар...” гэсэн болон Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд “...Бямбажавын Нанжид Санчингийн Жавзмаа нарыг 1969 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг Говь-Алтай аймгийн Алтай хотын 52 дугаарт 1969 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлэгаа олгов...” гэсэн болон С.Жавзмаа, Н.Алтайсайхан, Н.Алтанхуяг, Н.Наранбаатар, Н.Атарцэцэг нарын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Нанжидын Галбаатарыг Мижидийн Галбадрах гэж тухайн үед зөрүүтэй бичигдсэн байна гэж үзэж Мижидийн Галбадрах гэх архивын лавлагааг үнэлсэн болно.

Иймд Жалайр Нанжидын Галбаатарыг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаанчин, хайгуулчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жалайр Нанжидын Галбаатарыг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаанчин, хайгуулчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                                 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН