Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 213

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 4 дүгээр баг Баянсан багт оршин суух Боржигон Жанжинбуугийн Дорждэрэмийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газарт холбогдох

2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Дорждэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газраас 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4.007.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дорждэрэм миний талд гарсан. Ажилгүй байх хугацааны цалинг нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бодохгүйгээр цэвэр гар дээр авахаар 4.007.860 төгрөг олгох шийдвэр гарсан. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ нөхөн бичилт хийлгэх хүсэлттэй байгаа тул Говь-Алтай аймгийн боловсрол соёлын газарт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.   

Хариуцагчийн төлөөлөгч Р.Батмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие аймгийн засаг даргын захирамжаар 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Боловсрол соёлын газрын даргаар томилогдон ажиллаж байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн иргэн Жанжинбуу овогтой Дорждэрэм нь 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олгуулах шүүхийн шийдвэр гарсан мэдээлэл байна. Боловсрол соёлын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр М.Сурахбаяр 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны хооронд ажиллаж байжээ. Боловсрол, соёлын газрын нягтлан Ж.Дорждэрэмийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нөхөн бичилт хийнэ. Ж.Дорждэрэмийн нийгмийн   даатгал,   эрүүл   мэндийн   даатгалын   нэхэмжлэлийн   шаардлагыг   хангаж, буруутай этгээдээр төлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Мөнхжаргалын Сурахбаяр нь Ж.Дорждэрэмийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлөх шүүхийн шийдвэр гарахыг зөвшөөрч байна гэжээ.    

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газарт холбогдох 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газар нь  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70.200 төгрөгийг тал хувь буюу 35.100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ж.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газарт холбогдох 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН