Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 273

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Жавхлант хороолол 9 дүгээр 8 тоотод оршин суух Цанжидийн Буяннэмэхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн  Орон сууцны алба ОНӨААТҮГазарт холбогдох

2015 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарыг дуусталх ажилласан хугацааны цалин 4.992.000 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Буяннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цанжид овогтой Буяннэмэх миний бие Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГ-ын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс үйлдвэрийн хяналтын инженерээр томилогдоод одоог хүртэл ажиллаж байгаа боловч 2015 оны 05 дугаар сараас одоог хүртэл цалин аваагүй, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй хохирч байна. Иймд миний ажилласан хугацааны цалин, дээрх шимтгэлүүдийг гаргуулж өгнө үү. Би хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Үндсэн цалин 465.466 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Буяннэмэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазарт 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс үйлдвэрийн хяналтын инженэрээр томилогдоод одоог хүртэл ажлаа хийж байгаа. Сарын үндсэн цалин 465.466 төгрөг авч байсан. Миний бие нь 465.466 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж,  гар дээр авдаг цалин 384,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаа хугацаа буюу 13 сарын цалингаар бодож 4.992.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч С.Эрдэнэ-Очир нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар  зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Ц.Буяннэмэхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Буяннэмэх нь Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазрааас 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарыг дуусталх ажилласан хугацааны цалин 4.992.000 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ц.Буяннэмэх нь Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазарт үйлдвэрийн хяналтын инженерээр ажилладаг болох нь Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  11  дугаартай  “ажилд  томилох  тухай”  тушаал,  №1016669  дугаартай  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна. Иймд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба хариуцагч С.Эрдэнэ-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагчид 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг гэрийн хаягаар хүргүүлж, мэдэгдэх хуудсыг гардуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байна.

Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазраас 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарыг дуусталх ажилласан хугацааны цалин 4.992.000 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл  нөхөн төлүүлж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Буяннэмэхийн 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 465.466 төгрөг байгаа ба нэхэмжлэгч нь гарт олгогдох цалин 384.000 төгрөгөөр тооцож 4.992.000 төгрөг нэхэмжилсэн байх тул хариуцагч Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазар нь үндсэн цалин 465.466 төгрөгнөөс тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилласан байсан хугацааны цалин 4.992.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 94.822 төгрөгийг Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазраас 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарыг дуусталх ажилласан хугацааны цалин 4.992.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хойд Цанжидын Буяннэмэхэд  олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Буяннэмэхийн 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазарт даалгасугай.

3. Нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилласан байсан хугацааны цалин 4.992.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 94.822 төгрөгийг Говь-Алтай аймгийн Орон сууцны алба ОНӨААТҮГазраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН