Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 279

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дарив сумын 3 дугаар багт оршин суух Найдангийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 3.336.452 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг, хариуцагч Н.Цогдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Алтанцэцэг миний бие 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дарив сумын Эрүүл мэндийн төвд анх ээлжийн сувилагчаар ажилд орсон юм. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Ингээд шүүхэд хандаад 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр ажилдаа буцан орохоор болж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2016 оны 06 сарын 06-ны өдрийн Б/05 дугаар Дарив сумын Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар ажилдаа буцаж орсон. 2015 оны 01 сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 06 өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.336.452 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2016 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг дуустал хугацаанд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Цогдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж, Н.Алтанцэцэгийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.404.876 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь нөхөн бичилтийг хийсэн. Ажилгүй байсан хугацааны цалин 3.336.452 төгрөгийг нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн үед сувилагчаар ажиллаж, ТҮЭМ2-1 шатлалын дагуу үндсэн цалин нь 466.285 төгрөг байсан. Уг 466.285 төгрөгийг 5 сараар  үржүүлэхээр  2.331.425  төгрөг  болж   байгаа   тийм   учраас   уг   нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Алтанцэцэгийн үндсэн цалингаар 44 хоногийн олговрыг бодоход 932.570 төгрөг болж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрээр олго гэсний дагуу 1.404.876 төгрөгийг олгосон. Яагаад ийм зөрүүтэй гараад байдгийг ойлгохгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.336.452 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр  нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халагдаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилогдсон  боловч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсаар байсан ба хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь түүний эрх зөрчигдсөн нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” байна.

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийг тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийдвэрийг үндэслэн Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байна.

Иймд нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Ажилгүй байсан хугацааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан хугацаа тоолох журмыг баримтлан үйл явдал болсон буюу ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсны дараагийн өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж, ажилд авах тушаал гарахын өмнөх өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Нийгмийн  хамгаалал,  хөдөлмөрийн  сайдын  2005  оны  55  тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 06 дугаар саруудад ажиллаж авсан цалинг тооцоход 702.438 + 702.438 + 499.541 = 1.904.417 төгрөг, 3 сарын дундаж цалин тооцоход 1.904.417 : 3 сар = 634.805 төгрөг, нэг өдрийн цалин 634.805 : 21.5 = 29.525 төгрөг байх тул 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажлын 107 өдрөөр тооцож олговорт 3.159.175 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үндсэн цалингаас тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны цалин 3.159.175 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 65.497 төгрөгийг Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төв /РД:9015469/-өөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 3.159.175  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хотон Найдангийн Алтанцэцэг /РД:ДИ75102620/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 177.277 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2.141.145 төгрөгний цалингаас нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд даалгасугай.

3.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны цалин 3.159.175 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 65.497 төгрөгийг Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН