Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багт оршин суух Иөншөбү Дашбалбарын Хажидмаагийн хүсэлттэй

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Хажидмаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашбалжир овогтой Хажидмаа миний бие 2001 оны 01 дүгээр сарын 28-нд охин Оюун-Эрдэнийг төрүүлсэн Д.Нямдорж бид 2 хамтран амьдарч байгаад 2003 оноос тус тусдаа амьдарч байгаа. Охин Оюун-Эрдэнийг Д.Нямдоржийн аав Л.Дашхүү нь 2006 онд үрчлэн авсан гэх бүртгэл байна. Охин Оюун-Эрдэнэ нь 2014 оноос хойш ээж Д.Хажидмаа надтай цуг амьдарч байгаа,  миний гэр бүлийн хүн болох Р.Эрдэнэбаяр бид 2 охиноо албан ёсоор үрчлэн авах хүсэлтэй байгаа тул өмнөх үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Үрчлэн авагч Л.Дашхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Хажидмаагийн шүүхэд гаргасан хүсэлттэй танилцлаа. Н.Оюун-Эрдэнийг үрчлэн авсан гэтэл ээж Д.Хажидмаа, түүний нөхөр Р.Эрдэнэ-Очир хоёр охиноо албан ёсоор үрчлэн авах хүсэлтэй байх тул зөвшөөрөв гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Д.Хажидмаагийн шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.Хажидмаа нь 2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Н.Оюун-Эрдэнийг төрүүлсэн болох нь Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 129/001081 дугаартай төрсний лавлагаагаар, охин Н.Оюун-Эрдэнийг 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ломбын Дашхүү, Магсарын Цэрэндолгор нарт үрчлүүлсэн болох нь Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №129/001084 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Үрчлэн авагч Л.Дашхүү тус шүүхэд “...Н.Оюун-Эрдэнийг үрчлэн авсан гэтэл ээж Д.Хажидмаа, түүний нөхөр Р.Эрдэнэ-Очир хоёр охиноо албан ёсоор үрчлэн авах хүсэлтэй байх тул зөвшөөрөв...” гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасны дагуу Д.Хажидмаагийн хүсэлтийг хангаж, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон хүүхдийг асран тэтгэх үүргийг эх Д.Хажидмаад хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Дашхүүгийн Оюун-Эрдэнийг 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ломбын Дашхүү, Магсарын Цэрэндолгор нар үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар Д.Оюун-Эрдэнийг төрсөн эх Дашбалжирын Хажидмаагийн асрамжид шилжүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                                 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН