Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 2 дугаар баг Завхан голд оршин суух Буурал Төмөрийн Цэвэгийн хүсэлттэй

Цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхуяг, прокурор Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Цэвэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Төмөр овогтой Цэвэг миний бие өөрийн төрсөн аав Лхамсүрэнгийн Төмөрийн цагаатгалын нөхөн олговрын материалыг бүрдүүлж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Зууны мэдээ сонины 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №131 дугаарт нэхэмжлэгчээр зарласан. Цагаатгалын нөхөх олговрыг авахтай холбоотой бүх материалыг бүрдүүлсэн бөгөөд сонинд зарлагдсанаас хойш 1 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн тул Т.Цэвэг миний бие өөрийн төрсөн аав Лхамсүрэнгийн Төмөрийн цагаатгалын нөхөх олговрыг авах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Цэвэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Цагаатгалын нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрдэнэбаатар дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар би, Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу уг иргэний шүүх хуралдаанд оролцож байна. Иргэн Төмөрийн Цэвэгээс гаргасан түүний төрсөн аав Лхамсүрэнгийн Төмөр нь 1955 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баривчлагдан Говь-Алтай аймгийн Ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 1955 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр 6 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэргийг Монгол улсын дээд шүүхээс хянаад 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 173 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Иймд иргэн Т.Цэвэгийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад Төмөрийн Цэвэгийн шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Төмөрийн Цэвэг нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02/1352 дугаартай албан бичигт “...Л.Төмөрийг 1955 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баривчлан, Говь-Алтай аймгийн Ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 1955 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор, БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр 6 жил хорих ялаар шийтгэжээ...” гэсэн, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай тогтоолд “...Говь-Алтай аймгийн ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 1955 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ...Лхамсүрэнгийн Төмөр нарт холбогдох хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай....” гэсэн болон Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн цагаатгалын үнэмлэх зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Төмөрийн Цэвэг нь цагаатгалын нөхөх олговрыг авах эрхтэй буюу түүний эцэг нь хэлмэгдэгч Лхамсүрэнгийн Төмөр болох нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 147 дугаартай шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №131 дугаартай “Зууны мэдээ” сонины нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалт, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 2 дугаар баг Завхан голд оршин суух иргэн Буурал Төмөрийн Цэвэгт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Лхамсүрэнгийн Төмөрийн цагаатгалын нөхөх олговор 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төрийн сангаас олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.9 дэх хэсэг, Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш  14  хоногийн  дотор  нэхэмжлэгч,  хариуцагч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН