Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэн гол багт оршин суух Барга Энхжаргалын Нандинцэцэгийн хүсэлттэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэн гол багт оршин суух Барга Тумбаагийн Энхжаргалд холбогдох

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов:   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Э.Нандинцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нандинцэцэг миний бие 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүү Пүрэвдоржийг төрүүлсэн ба миний бие оюутан байсан бөгөөд суралцаж байх хугацаандаа хүүгээ асрах боломжгүй байсны улмаас хүүгээ өөрийн эцэг болох Т.Энхжаргалд үрчлүүлсэн болно. Одоо аав, ээж маань өндөр настай хүмүүс тул цаашид хүүг минь асран хамгаалах боломжгүй болсон тул хүү Пүрэвдоржийн үрчлэлтийг хүчингүй болгуулж өөр дээрээ шилжүүлэх хүсэлтэй байна. Хүү Пүрэвдорж маань сургуулийн нас нь болсон тул хүүгээ өөр дээрээ шилжүүлэн хотод сургуульд нь оруулах гэхээр үрчлэлтийг цуцлуулаагүйн улмаас хот руу шилжүүлэгээ хийлгэж чадахгүй хүү маань сургуулиасаа хоцрондох гээд байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэжээ.

Үрчлэн авагч Т.Энхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Барга овогтой Тумбаагийн Энхжаргал Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэн гол багт амьдардаг. Одоо группт байдаг тул охиныхоо хүүг буцааж өгөх хүсэлтэй байна. Иймд манай охины хүсэлтийг харгалзан үзэж хүү Пүрэвдоржийн үрчлэлтийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй байна гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Э.Нандинцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Э.Нандинцэцэг нь 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү Пүрэвдоржийг төрүүлсэн болох нь Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 105/0011259 дугаартай төрсний лавлагаагаар, хүү Пүрэвдоржийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Тумбаагийн Энхжаргал, Түмэн-Очирын Батхүү нарт үрчлүүлсэн болох нь мөн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №105/001261 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Үрчлэн авагч Т.Энхжаргал тус шүүхэд “...Одоо группт байдаг тул охиныхоо хүүг буцааж  өгөх  хүсэлтэй  байна...”  гэсэн  тайлбарыг  ирүүлсэн  мөн   Говь-Алтай   аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаартай албан бичигт “...Тумбаагийн Энхжаргал нь 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай манай тэтгэврийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг нь үнэн болохыг тодорхойлов..” гэжээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасны дагуу Э.Нандинцэцэгийн хүсэлтийг хангаж, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон хүүхдийг асран тэтгэх үүргийг эх Э.Нандинцэцэгт хариуцуулах нь үндэслэлтэй байна.

Э.Нандинцэцэг, Т.Энхжаргал нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч Э.Нандинцэцэг шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт “талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул үрчлэгч, үрчлэн авагч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар Энхжаргалын Пүрэвдоржийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Тумбаагийн Энхжаргал, Түмэн-Очирын Батхүү нар үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар Э.Пүрэвдоржийг төрсөн эх Энхжаргалын Нандинцэцэгийн асрамжид шилжүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                                 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН