Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 296

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух Нанжидын Ариунаагийн хүсэлттэй

Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Ариунаа, гэрч П.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ариунаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нанжид овогтой Ариунаа миний бие нь 1964 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн. Манай гэр бүлийхэн намайг Амаржаргал гэж дууддаг байсан юм. 1983 онд Гуулингийн Услалтын системийн барилга угсралтын конторт тракторчноор ажилд орж хөдөлмөрийн дэвтэр авсан. Манай аав намайг манцуйтай байхад Амаржаргал гэх нэр өгөөд бүртгүүлчихсэн байсан бөгөөд сургуульд ороход Ариунжаргал гэж бичүүлсэн байсан. Сургуульд байхад багш, манай ангийнхан Ариунаа гэж дууддаг байсан. Иргэний паспорт  авахдаа Н.Ариунаа гэсэн нэрээр бичүүлж авсан. Тэтгэвэрт гарах болтол Амаржаргал, Ариунжаргал, Ариунаа гэсэн 3 нэр гарсан тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Одоо Н.Ариунаагаар нь тогтоолгохыг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

       Учир нь Н.Ариунаа нь шүүхэд хандаж Нанжидын Ариунжаргал гэх №030740 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Нанжидын Ариунаа мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ “...Манай аав надыг төрөхөд Амаржаргал гэх нэр өгөөд бүртгүүлчихсэн байсан бөгөөд сургуульд ороход Ариунжаргал гэж бичүүлсэн байсан. Сургуульд байхад багш, манай ангийнхан Ариунаа гэж дууддаг байсан. Иргэний паспорт  авахдаа Н.Ариунаа гэсэн нэрээр бичүүлж авсан…” гэсэн нь хэрэгт баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 105/001445 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд: “Далхжав овогтой Нанжидын Амаржаргал, 1964 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн” гэсэн, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 105/001446 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаанд Далхжав овогтой Нанжидын Ариунааг 1964 оны 09 дүгээр сарын 03-нө өдөр төрснөөр регистр олгосон, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 256 дугаартай архивын лавлагаанд:  “Далхжавын  Нанжидын  хүүхэд  Ариун  нь 1964  оны 10 сарын 19-нд төрсөн” гэсэн байгаа, гэрч П.Туяагийн “...сургуулиа төгсөөд Гуулин тосгонд очиж ажилласан. Намайг очиход Нанжидын Ариунаа эгч  ажиллаж байсан...” гэсэн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Бууч Нанжидын Ариунааг Нанжидын Ариунжаргал гэх №030740 дугаартай  хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Бууч Нанжидын Ариунааг Нанжидын Ариунжаргал гэх №030740 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН