Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 240

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,610,604.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Юндэндорж овогтой Түвшинжаргал /ФБ59091373/, хамтран үүрэг гүйцэтгэгч Гончиг овогтой Цэцгээ /ФБ63091888/ нар нь тус банкнаас 2013 оны 08 сарын 20-ны өдөр 1390004720 зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 2,1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийг автомашин чиргүүл авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд дараахь хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

Автомашин: Камаз маркийн цагаан, улаан хүрэн өнгийн чиргүүлийн хамт, 1992 он, 04-20 ДГА, ТЧ-31

- Автомашин: Beiben маркийн чирэгч, 2007 он, 39-90 ДГО, цагаан өнгөтэй, LBZ437BB17А006826 арлын дугаартай

- Гэр : 5 ханатай, давхар бүрээстэй, Замын Үүд 2-р баг Өртөө 1-44 тоотод байрлах

Зээлдэгч нь зээлийн 1390004720 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг.

Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 06 дугаар 16-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 423 болсон байна.

  Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нар нь зээлийн 1390004720 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нарын зээлийн үлдэгдэл 2016.08.12-ны өдрийн байдлаар зээлийн 1390004720 дугаар гэрээний үндсэн төлбөр 4,166,666.16 төгрөг, хүү 1,321,632 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,306 төгрөг, нийт 5,610,604.62 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна:

1. Зээлийн нийт төлбөр болох 5,610,604.62 төгрөгийг Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нараас гаргуулах,

2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах.

3. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэвэлмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нарын 2016 оны 08 сарын 24-ний өдөр ирүүлсэн тайлбарыг уншиж танилцлаа. Тухайн зээлдэгч нар нь 2016 онд зээлийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулах хүсэлтээ гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум  2-р баг Өртөөний гудамж  1-44 тоотод оршин суух Пампил овогт Юндэндоржийн Түвшинжаргал /РД: ФБ59091373/, Буянт овогт Гончигийн Цэцгээ /РД:ФБ63091888/ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн 5,610,604.62 төгрөгийг 2016 оны 08 сард 200,000 төгрөг, 2016 оны 09 сард 200,000 төгрөг, үлдэгдэл мөнгийг 2016 оны 12 сард багтааж төлж дуусгавар болгоно. Төлж чадахгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгөөр төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нарт холбогдулан зээлийн гэрээний үүрэг 5,610,604.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нар нь 2013 оны 08 сарын 20-ны өдөр 1390004720 зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 2,1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийг авсан байна. Зээлдэгч нар нь үндсэн төлбөр 4,166,666.16 төгрөг, хүү 1,321,632 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 22,306 төгрөг, нийт 5,610,604.62 төгрөгийг төлөөгүй байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нар нь нэхэмжлэлийн шаардлага 5,610,604.62 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 08 сард 200,000 төгрөг, 2016 оны 09 сард 200,000 төгрөг, үлдэгдэл мөнгийг 2016 оны 12 сард багтааж төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,610,604.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ  нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 104,720 төгрөгийн 50 хувь болох 52,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 52,360  төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 52,360  төгрөгийг   гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ю.Түвшинжаргал, Г.Цэцгээ нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  А.ЦЭРЭНХАНД