Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 202

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат багийн 12-17 тоотод оршин суух Олгонууд Пүрэвийн Баясгалан /РД: ДЭ70122532/, Таван халзан Буухүүгийн Лхагвагариг /РД: ДЮ76112461/ нарт холбогдох
1200018908 тоот зээлийн гэрээг цуцалж,  зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг, нийт 33.374.398,8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ханджав, хариуцагч П.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.     
                                       ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Пүрэв овогтой Баясгалан /РД: ДЭ70122532/, хамтран үүрэг гүйцэтгэгч Буухүү овогтой Лхагвагариг /РД: ДЮ76112461/ нар нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 5000897907 тоот Зээлийн шугамын гэрээний дагуу 15.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200015560 тоот зээлийн гэрээний дагуу 12.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 27.6%-ийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус зээл авсан. Зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйн улмаас зээлийн хугацааг сунгаж нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаж 2015 оны 10 сарын 16-ны өдөр 1200018908 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 5000897907 болон 1200015560 тоот Зээлийн шугамын болон зээлийн гэрээний 3.2, 3.4.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч П.Баясгалан, Б.Лхагвагариг нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн нөхцөлийг өөрчилж, зээлээ хугацаандаа төлөхийг сануулсан боловч зээлдэгч нар нь 1200018908 дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 11 сарын 16-ны өдрөөс хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 148 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн 1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-17 тоотод байршилтай Y-0518000862 улсын бүртгэлийн дугаартай 153 м.кв амины орон сууц, 1767 м.кв талбайтай Г-0518000647 улсын дугаартай газрын хамт, 2. УБВ 2900 улсын дугаартай Honda HRV маркийн суудлын автомашин, 5 ханатай гэр, зурагт, буйдан, гол тогооны ком, угаалгын машин, эргэлтийн хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1. 2016 оны 04 сарын 12-ны байдлаар зээлдэгчийн 1200018908 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг байгаа ба Зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 324.822 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү. 2. Барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ханджав нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Пүрэв овогтой Баясгалан, хамтран зээлдэгч Буухүү овогтой Лхагвагариг нарт 15.000.000 төгрөгийн зээлийг 2013 онд, 12.000.000 төгрөгийн зээлийг 2014 онд тус тус олгосон. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөхгүй, зээлийн хугацаа дууссантай холбоотойгоор манай банкны зүгээс нэг шугамын зээлийг сунгаж өгөөд өөрөө 2015 оны 10 сард хүсэлт гарган хоёр зээлээ нэгтгүүлэн шинээр эргэн төлөлтийн хугацаа тохирч, эхний 6 сард зөвхөн хүүгээ төлж байгаад авлагаа цуглуулж бүх зээлээ төлнө гэж хүсэлт гаргасны дагуу манай салбарын зүгээс төв салбар руу хүсэлтийг нь уламжлаад шийдүүлсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 148 хоног хугацаа хэтэрсэн байгаа учраас манайх зээлдэгчээр үндсэн зээл 29.395.602 төгрөг, хүү 3.978.976 төгрөг, тэмдэгтийн хураамж 324.822 төгрөг, нийт 33.699.220 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна гэв. 
Хариуцагч П.Баясгалан, Б.Лхагвагариг нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Баясгалан, Б.Лхагвагариг бид Говь-Алтай аймаг дахь Хас банкнаас 2001 оноос хойш тасралтгүй гарааны зээлээс эхлэн бизнесийн зээл хүртэл өсгөж 15 жил харилцаж зээл авсан. Энэ хугацаанд харилцахдаа нэг өдөр ч зээлийн хэтрэлтгүй, тухай бүр нь, яг цагт нь зээлээ төлсөөр ирсэн. 2014 оноос хойш ар гэрт маань гачигдал гарч, эхнэр Лхагвагариг маань хүнд өвдөж би гэртээ өвчтэй хүн харах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж асрах болсноор хөдөө, сумынханд зээлсэн бараа, гурил будааны үнэ, мөнгө төгрөгийн авлагаа цуглуулж авч чадалгүй, түүхий эд, ноос ноолуурын ханш унасан зэргээс шалтгаалан бизнесийн ажил маань зогссон. Ингээд тус банкнаас авсан зээлийнхээ хүүг 2015 оны 11 сараас хойш хийж чадахгүй байсаар зээлийн хүү өсөж, Хас банк шүүхэд хандсан. Бид үлдсэн өр авлагаа 2016 оны 06 сард цуглуулж, 2016 оны 07 сарын 01-ний дотор тус банкны хүүг бүрэн барагдуулж, 07 сарын 01-ний өдрөөс хойш үндсэн төлөлтөө хүүний хамт графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. 
Хариуцагч П.Баясгалан нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хас банктай 2001 оноос эхлэн 15 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд амьдралын бэрхшээлээс болоод төлж чадахгүй байгаа. Барьцаа хөрөнгийн хувьд манайх 3 хүүхэдтэй ам бүл тавуулаа. Тэр барьцаа хөрөнгийг аваад үлдэх санаатай байгаа. Би хүмүүсээс авах авлагаа цуглуулж хүүгээ төлчихөөд эргээд шинээр зээлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна. Бөөнөөр бол төлөх боломжгүй. Өөр татгалзаж, санал зөрсөн зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Хас банкны Говь-Алтай салбар нь П.Баясгалан, Б.Лхагвагариг нарт холбогдуулан 1200018908 тоот зээлийн гэрээг цуцалж,  зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг, нийт 33.374.398,8 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
П.Баясгалан, Б.Лхагвагариг нар нь Хас банкны Говь-Алтай салбараас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 15.000.000 сая төгрөгийг 24 сарын хугацаатай авсан болох нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5000897907 дугаартай Зээлийн шугамын гэрээ,
Өрхийн хэрэглээний зориулалтаар 12.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1200015560 дугаартай Зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.
Улмаар зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж нөхцөл өөрчлүүлэх хүсэлтийн дагуу Хас банкны Говь-Алтай салбар нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1200018908 дугаартай Зээлийн нэмэлт гэрээг байгуулсан байна. 
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн  гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1200018908 дугаартай Зээлийн нэмэлт гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээнд дурдагдаагүй Үндсэн гэрээний бусад заалтууд хуучин хэвээр мөрдөгдөхөөр заасан байна.
2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5000897907 дугаартай Зээлийн шугамын гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1200015560 дугаартай Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээ цуцлах нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.1-д зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд хэсэгчлэн болон бүрэн биелүүлээгүй, 5.1.4-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг зээлдэгчээс шаардахаар заажээ.
Зээлдэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1200015560 дугаартай Зээлийн гэрээний 3.2.1, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5000897907 дугаартай Зээлийн шугамын гэрээний 3.4.1 дэх хэсэгт заасан зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөхгүй, зээлийн хугацаа дууссантай холбоотойгоор манай банкны зүгээс нэг шугамын зээлийг сунгаж өгөөд, өөрөө 2015 оны 10 сард хүсэлт гарган хоёр зээлээ нэгтгүүлэн шинээр эргэн төлөлтийн хугацаа тохирч, эхний 6 сард зөвхөн хүүгээ төлж байгаад авлагаа цуглуулж бүх зээлээ төлнө гэж хүсэлт гаргасны дагуу манай салбарын зүгээс төв салбар руу хүсэлтийг нь уламжлаад шийдүүлсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй...” гэх тайлбар, хариуцагчийн “...банкнаас авсан зээлийнхээ хүүг 2015 оны 11 сараас хойш хийж чадахгүй байсаар зээлийн хүү өсөж, Хас банк шүүхэд хандсан...” гэх тайлбарууд, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүссэн болох нь “...2016 оны 07 сарын 01-ний дотор тус банкны хүүг бүрэн барагдуулж, 07 сарын 01-ний өдрөөс хойш үндсэн төлөлтөө хүүний хамт графикийн дагуу төлж барагдуулна. Бөөнөөр бол төлөх боломжгүй. Өөр татгалзаж, санал зөрсөн зүйл байхгүй...” гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Манайх өөрийнх нь хүсэлтийн дагуу 2015 оны 04 дүгээр сард шугамын зээлийн гэрээг сунгаж өгсөн, дараа нь 2015 оны 10 сард хоёр зээлийн гэрээг нь нэгтгэж өгсөн. Энэ байдлаар яваад байвал улам хүнд нөхцөлд орох болно...” гэж тайлбарлан хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан байна. 
Иймд хариуцагч П.Баясгалан, Б.Лхагвагариг нараас үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг, нийт 33.374.398,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Хариуцагч Б.Лхагвагаригт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.822 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Баясгалан, Б.Лхагвагариг нараас 33.374.398,8  төгрөгийн тэмдэгтийн хураамж 324.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар  1200018908 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг, нийт 33.374.398,8 төгрөгийг хариуцагч П.Баясгалан, Б.Лхагвагариг нараас гаргуулж Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.822 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Баясгалан, Б.Лхагвагариг нараас 33.374.398,8  төгрөгийн тэмдэгтийн хураамж 324.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ