Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 205

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант багийн 3-7 тоотод оршин суух Монгол Хожгорын Цэндсүрэнгийн /РД: ЖБ62020785/ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Цэндсүрэн, гэрч Д.Нямхүү, С.Ванчиг, Д.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Х.Цэндсүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Монгол овгийн Хожгорын Цэндсүрэн нь 1962 оны 02 сарын 07-ны өдөр тус аймгийн Бугат сумд төрсөн. 1980 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд ирж Жаран жил хоршоололд ажилд орж татан буугдах хүртэл хугацаагаар буюу 1992 он хүртэл ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1998 онд манай гэрт гал гарч миний хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох баримт бичиг устаж үгүй болсноос болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй болсон. Архивын лавлагаа авсан боловч 60 жил хоршооллын баримт архивт огт ирээгүйгээс уг хугацааг тогтоох боломжгүй байна. 60 жил хоршоололд ажиллаж байх үеийн бичиг баримт байхгүй тул хамт ажиллаж байсан хүмүүсээ гэрчээр шүүх хуралдаанд оролцуулан ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм. Иймд миний 1980 оноос 1992 он хүртэл хугацаанд Есөнбулаг сумын 60 жил хоршооллын тэжээлийн цехийн сахиулаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Х.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Хүсэлт гаргагч Х.Цэндсүрэн нь 1980 оноос 1992 он хүртэл хугацаанд 60 жил хоршооллын Тэжээлийн цехийн сахиулаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Хавтаст хэрэгт Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн “...Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд 60 жил хоршооллын баримт шилжиж ирээгүй тул Хожгор овогтой Цэндсүрэнд лавлагаа олгох боломжгүй болно...” гэх 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 440 дугаар лавлагаа, Хаан банкны тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 202 дугаар тодорхойлолтыг ирүүлсэн байна.
Хүсэлт гаргагч Х.Цэндсүрэн нь шүүх хуралдаанд “...Надад хамт олонтойгоо авахуулсан зураг байхгүй. Гэр шатах үед үйлдвэрчний эвлэлийн батлах, баярын бичиг бүхий л зүйл маань шатсан...” гэж тайлбарлаж байна. 
Гэрч С.Ванчигийн “...Би 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл 60 жил хоршооны даргаар ажиллаж байсан. Аж ахуйн хашаанд Х.Цэндсүрэн манаач хийдэг байсан. Манай санхүүч архивт баримтаа өгдөггүй байсан юм байна. Намайг хоршооны даргаар ирэх үед Х.Цэндсүрэн ажиллаж байсан. Би 1989 онд өөр ажилд ороод явсан учраас Х.Цэндсүрэнг хэдэн он хүртэл ажиллаж байсныг нарийн сайн мэдэхгүй..” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Наранцэцэгийн “...Х.Цэндсүрэн нь тэжээлийн цех дээр сахиул хийдэг байсан. 1983 оноос хойш ажиллаж байсан байдлыг нь мэднэ. Би 1982 онд ажилд ороод 1992 онд ажлаас гарсан. Х.Цэндсүрэнг хэдэн онд ажилд орсныг мэдэхгүй. Намайг 1992  онд ажлаас гарах үед Х.Цэндсүрэн ажиллаж байсан. Надад 60 жил хоршоонд ажиллаж байсан гэх баримт байхгүй...” гэх мэдүүлэг,  
Гэрч Д.Нямхүүгийн “...Би 1980 оноос 1995 он хүртэл 60 жил хоршоонд ажиллаж байсан. Х.Цэндсүрэн хоршооны хашаанд сахиул хийдэг байсан. 60 жил хоршоонд ажиллаж байх үед зураг авахуулдаггүй байсан. Бүх баримт нь гэртэй нь хамт шатсан гэсэн. Бид нарыг ажиллаж байх үед зураг авдаггүй байсан юм. Би хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарсан...” гэж мэдүүлж байна. 
Хэрэгт авагдсан нотлох баримтаар  Х.Цэндсүрэн нь 1980 оноос 1992 он хүртэл хугацаанд 60 жил хоршооллын Тэжээлийн цехийн сахиулаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үнэлэн 12 жилийн хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоох боломжгүй байна. 
Иймд Х.Цэндсүрэнг 1980 оноос 1992 он хүртэл хугацаанд 60 жил хоршооллын Тэжээлийн цехийн сахиулаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Монгол Хожгорын Цэндсүрэнгийн 1980 оноос 1992 он хүртэл хугацаанд 60 жил хоршооллын Тэжээлийн цехийн сахиулаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Цэндсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ