Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын 2 дугаар баг, Баянголд оршин суух Номч Дашийн Батхүүгийн /РД: ДН57030113/ нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваасүрэн, гэрч Т.Хавхүү, нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Д.Батхүү нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дашийн Батхүү миний бие нь 1956 оны 06 сарын 11-нд Цээл сумд төрсөн. Төрсний гэрчилгээг тухайн үед нь авч чадалгүй байж байгаад дараа нь авахдаа он, сар, өдрийг буруу бүртгүүлсэн байдаг юм. 1956 оны бичин жил төрсөн гэдгийг ээж аав, ах дүү, авга нагац нар цөм баталдаг юм. Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч иргэний үнэмлэх дээр 1957 оны 03 сарын 01-ний өдөр төрсөн гэж буруу бичигдсэний улмаас тэтгэвэрт гарах боломжгүй болсон юм. Иймд миний бүрдүүлсэн баримтыг үндэслэн 1956 оны 06 сарын 11-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваасүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1956 оны Бичин жилд төрсөн боловч төрсний гэрчилгээ авч чадалгүй байж байгаад 1957 онд авсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл насаа 1956 оноор тогтоолгож байж тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа. Би 1967 онд 4 дүгээр анги төгсөх үед Батхүү 1 дүгээр ангид байсан гэв. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Батхүүгийн нас тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хүсэлт гаргагч Д.Батхүү нь 1956 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн болох нь “...эцэг Найдангийн Даш, эх Жанхарын Цэвэг нарын гэр бүлд 1956 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн Дашийн Батсүхийг 1956 оны 06 сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын 41-д бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 00/002533 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 
Үндэсний төв архивын “...Тус архивын сан хөмрөг дэх Говь-Алтай аймгийн Цээл сумын 1956 оны 02 сард явагдсан хүн амын тооллогын баримтыг шүүж үзэхэд Дашийн Батхүүд холбогдох баримт байхгүй байна...” гэх 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 02/92 дугаартай албан бичиг,
Говь-Алтай аймгийн Цээл сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай “...Цээл сумын Баянгол багийн иргэн Д.Батхүү нь 1967 онд Ю.Сэдбайдар багштай 1а ангид элсэн орж суралцаад 1971 онд 4 дүгээр ангиа Д.Батхүү нэртэй төгссөн болно...” гэх тодорхойлолт,
Гэрч Т.Хавхүүгийн “...Д.Батхүү бичин жилийн хавар гэртээ төрсөн. Манайхан айл аймаг явдаг байсан юм. Манай аав Тэрбиш багийн бага эмч байсан болохоор Д.Батхүүг эх барьж авсан. Д.Батхүүг төрөх үед би хүнтэй суугаагүй гэртээ байдаг байсан. Анх Д.Батсүх гэж дууддаг байж байгаад 5 юм уу 6 настай байхад нь бие нь өвдөөд нэрийг нь Д.Батхүү болгож сольсон. Д.Батхүү 3 хүүхэдтэй айлын том хүүхэд. Айлын ганц эрэгтэй хүүхэд байгаа юм. Тухайн үед 8 настай хүүхдийг сургуульд суулгадаг байсан. Д.Батхүү бие нь их өвддөг хүүхэд байсан болохоор 11 настайд нь сургуульд суулгасан байх...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Д.Батхүүг 1956 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Номч Дашийн Батхүүг 1956 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Батхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ