Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 220

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багт оршин суух Бэсүд Анаажавын Цэрэндэжидийн /РД: ДМ64030101/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч А.Цэрэндэжид нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Анаажавын Цэрэндэжид нь 1964 оны 03 сарын 01-ний өдөр Цогт сумын Гэгээт багт төрсөн. 1984 оны 01 сараас эхлэн 1993 оны 12 сарыг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Далан, Гэгээт бригадад малчнаар ажиллаж байсан. Миний бие Цэрэндэжид нь 1987 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүний малчин залуу хүрэл медаль, VIII таван жилийн гавшгайчийн тэмдгээр шагнагдаж байсан. Гэнэтийн үер усны аюулаас болж гэрт байсан бүх бичиг баримт, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон учир шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох болсон. Иймд 1984 оны 01 сараас эхлэн 1993 оны 12 сарыг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Далан, Гэгээт бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
А.Цэрэндэжидийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч А.Цэрэндэжид нь 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэл, компаний Далан, Гэгээт бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
А.Цэрэндэжид нь 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэл, компаний Далан, Гэгээт бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1336 дугаартай лавлагаа, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн VIII таван жилийн гавшгайчийн үнэмлэхээр тогтоогдож байна. 
Иймд А.Цэрэндэжидийг 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэл, компаний Далан, Гэгээт бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бэсүд Анаажавын Цэрэндэжидийг 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэл, компаний Далан, Гэгээт бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Цэрэндэжидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ