Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 234

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суух Жалайр намсрай овогт Баарангийн Энхзаяагийн /РД: ДК73032207/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багт оршин суух Бэсүд овогт Тавхнагийн Гансүхэд /РД: ДК74080413/ холбогдох 
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хогшил өмч хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхзаяа, хариуцагч Т.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Б.Энхзаяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Энхзаяа нь 1973 оны 03 сарын 22-нд төрсөн. 2011 оны 10 сарын 14-нд Т.Гансүхтэй гэр бүл болж 4 жил шахам хамт амьдарч бидний дундаас 2014 оны 04 сарын 17-ны өдөр хүү Төрмандах гарсан боловч эцгийнхээ нэрээр овоглоогүй. Учир нь бид гэрлэлтээ батлуулаагүй юм. Бид хамтын амьдрал зохиож хамт амьдрах хугацаанд Т.Гансүх нь өөрийн ээж болох Бизъяагийн хамт нийлж намайг хэл амаар доромжлох, зодох, хөөх, унины модоор зодох, хээр хонуулах зэргээр хавчин гадуурхаж байдгаас болж би энэ айлд тэвчиж суух аргагүй болоод бид тусдаа амьдрах болсон. Би нүд муутай учраас хоёр хүүхдийнхээ сайн сайхан явахыг харахыг боддог. Сохор болохоосоо өмнө хоёр хүүхдээ хүний зэрэгтэй өсгөн хүмүүжүүлнэ. Гансүх намайг унийн модоор зодсон учраас дахиж хамт амьдрахгүй. Ах дүүстэйгээ хоёр хүүхэдтэйгээ амьдарна. Би маш их гомдолтой байна. 4 жил надтай хамт амьдарчихаад гэрлэлтээ баталгаажуулахгүй, намайг гар нь татгар гэж доромжилсон. Надтай гэрлэж, гэрлэлтээ баталгаажуулахгүй байгаа учраас би хүн гэж, хань гэж бодохгүй. Миний нэг нүд хараа мудсан учраас Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Манай нөхөр миний толгой руу цохиод байдаг учраас тархи хөдөлж, тархины өвчтэй болж хараа муудсан. Гэтэл одоо гэрлэж хурим найраа хийхдээ эцэг эхээс тасалж өгсөн хөрөнгө тавилгаа авах гэтэл өгөхгүй байгаа бөгөөд хамт очсон эгч Батсайханыг алах гэж хутга барин дайрч, мөн өөрийнхөө амиа хорлоно гэж сүрдүүлээд өгөхгүй байгаа юм. Иймд бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй ч бидний дундаас гарсан хүү Төрмандахад хүүхдийн тэтгэлэг гаргуулж, анх гэр бүл болохдоо миний авч очсон тавилга, мал ахуй, эд хөрөнгийг буцаан авах хүсэлтэй байна. Эсвэл Т.Гансүхээс нийт эд хөрөнгийн жагсаалтыг албадан гаргуулж гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгээр хувааж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Гансүх шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2010 оны 5 дугаар сард гэр бүл болсон. Нэг гэрт орсон боловч одоо хүртэл гэрлэлтээ баталгаажуулаагүй. Энэ миний буруу байх. Миний хүү Төрмандах 2013 онд төрсөн. Тухайн үед би хөдөө мал маллаад ганцаараа байсан. Тэгэхэд миний ах, дүүс бүгд Энхзаяаг асраад аймагт байсан. Манай ах намайг эхнэр чинь төрчихллөө чи оч гэхээр нь би маргааш нь хоол цай авч аймагт ирсэн. Тэр үед манай хадам эгч намайг хөөсөн. Би эхнэр хүүхэдтэйгээ уулзах гэж 7 хоногт хоёр удаа очдог байсан. Очих болгонд муу муухай, янз бүрийн үгээр хараадаг байсан. Манай хадам эгч манай хүүхдийг авч явсан. Авгай хүүхэддээ очих гэхээр намайг уулзуулдаггүй. Намайг очиход муу муухайгаар доромжилдог. Бид хоёрт хоёуланд нь буруу байдаг. Тийм учраас хэн хэн нь  буруугаа засах бодолтой байна. Эхнэр хүүхэд дээрээ очоод уулзах гэхээр манай хадам эгч дандаа хөөдөг. Энхзаяа өөрөө надтай явна гэхээр эгч нь явуулдаггүй. Төрмандах төрсөн цагаас хойш эхнэр, хүүхдийг минь аваад явчихдаг болсон. Би ойлгохгүй байна. Манай хүүхдийг төрсний хэд хоногийн дараа надад хэлэлгүйгээр ах, дүүсийнхээ дунд угаах ёслолыг нь хийчихсэн байсан. Тэгээд надад хэлэлгүй 3, 4 сар болсон. 3 сар би бүтэн энэ айлаас хөөгдсөн. Би гомдолтой байна. Бид хоёрт маргалдах зүйл гардаг байсан, хэн хэнийх нь буруу байдаг. Би төрсөн хүүхдээ өөр дээрээ өсгөж чадна, надад  мөнгө төлөх чадвар байхгүй. Бид амьдраад 5 жил болж байна. Энхзаяа сард группын мөнгө авдаг, мөнгөө аваад ир гэхээр мөнгөний тоо мэддэггүй. Намайг мөнгийг нь авахаар манай хадмууд намайг үрж байна гэж ойлгодог. Нэг гэрийн хүмүүс учраас дундаа мөнгөө яаж захирцан зарцуулах нь бид нарын асуудал. Намайг зоддог, галын хайчаар миний нүдийг шалбартал нь цохисон. Энхзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Уг нэхэмжлэл дээр үнэн, худал зүйл их байсан. Энхзаяад зүгээр ямар нэгэн зүйл ойлгуулж хэлэх гэхээр намайг чи зайл, чи намайг хөөгөөд явуулчих гэж дандаа хэлдэг. Төрмандах миний хүүхэд. 40 гарсан хойноо ганц хүүгээ харж чадахгүй байгаа. Яагаад гэрлэлтээ баталгаажуулахгүй байна гэхээр баталгаажуулах гээд бүх бичиг баримтаа бүрдүүлчихсэн байхад миний хүүхэд эхнэртэй намайг уулзуулдаггүй. Миний хүүхдийн нэрийг ээжийх нь нэрэн дээр бүртгүүлсэн. Гэр бүлд маргалдах зүйл гардаг, гэхдээ би эхнэрээ зодож байгаагүй. Манай эхнэр намайг хүний эхнэртэй зүгээр байхад харддаг. Хонь нийлчихээд малаа ялгаж авах гэхээр манай эхнэр танихгүй учраас би өөрөө явдаг. Тэгээд малаа ялгаад ирэх хооронд айлын эхнэртэй харддаг. Надад итгэдэггүй. Намайг муу муухайгаар хэлж доромжилдог. Манай бүл дүүгийн хүүхэд эхнэртэйгээ хоёр мотоциклтой манай гэрт хөдөө ирсэн. Тэр үед Энхзаяа тэр айлын эхнэр лүү дайрсан. Айлын эхнэр надад танай эхнэр чинь ямар айхтар юм бэ гэж хэлсэн. Энэ хүний зангаас болж саахалт айлууд манай гэрт орж ирэхээ больсон. Эхнэр маань надтай анх гэр бүл болохдоо нэг нүд нь хараа муутай групптэй байсан. Эхнэр Б.Энхзаяа, хүү Төрмандах, Хувьтөгөлдөр бид 4 таарамжтай амьдарч байсан бөгөөд ах дүүгийн ятгалгаар салж сарних болсон явдалд гомдолтой байна. Мал нь байгаа. Би салахгүй, хүүхдээ бодно. Хэрэв салвал хүү Төрмандахаа өөр дээрээ авах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Энхзаяа нь хариуцагч Т.Гансүхэд холбогдуулан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хогшил өмч хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч 2011 оны 10 сараас хамтран амьдарч, улмаар 2014 оны 04 сарын 07-ны өдөр хүү Э.Төрмандах төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, 8234000023 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт эцгийн мэдээлэл бичигдээгүй, эхийн овог нэр Жалайр намсрай Баарангийн Энхзаяа /РД: ДК73032207/ гэсэн байна.
Хариуцагч Т.Гансүх нь Энхзаяагийн Төрмандахыг өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг болох нь хариуцагчийн “...Хүү Төрмандах нь миний хүү мөн...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Э.Төрмандахыг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч, маргахгүй тул шүүх Т.Гансүхийг Э.Төрмандахын эцэг болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ. 
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “...хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ..”, мөн хуулийн 21.5 дахь хэсэгт “...гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ...” гэж зааснаар эцэг Т.Гансүх, хүү Э.Төрмандах нарын хооронд эрх үүрэг үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “...Эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй...”,35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “...Эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй...”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...эцэг,эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар эцэг Т.Гансүх, хүү Э.Төрмандахыг тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд 2014 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Төрмандахыг эх Б.Энхзаяагийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү А.Төрмандахад тэтгэлэг тогтоож эцэг Т.Гансүхээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Мөн нэхэмжлэгч Б.Энхзаяа нь хурим найр хийхдээ авч очсон ор 1 ширхэг, хоолны шүүгээ 1 ширхэг, гудас 1 ширхэг, хөнжил 1 ширхэг, орны бүтээлэг /хивс 1 ширхэг, орны аравч /хивсэн/ 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, халбага 20 ширхэг, аяга 10 ширхэг, шанага 1 ширхэг, дэвсгэр 1 ширхэг, данх 1 ширхэг, ган халбага 1 ширхэг, түмпэн 1 ширхэг, шилэн эдлэл 1 ком, нийт 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, эр ямаа 5, эм ямаа 5, хонь 2, хурга 2, төлөг 1, зусаг 4, борлон 5, нийт 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой малыг хариуцагч Т.Гансүхээс гаргуулахаар нэхэмжилсэн байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно гэж заажээ.
Хэргийн оролцогчид 2011 оны 10 сард хурим найр хийсэн боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй гэж тайлбарлаж байна. Иймээс Б.Энхзаяа, Т.Гансүх нарыг гэр бүл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 
Иймээс талуудын хоорондын эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу дундын өмчийн зохицуулалтаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тооны мал, эд хогшлыг хурим хийхдээ авчирсан гэдэг дээр маргадаггүй, эдгээр мал, эд хогшил нь тоо ёсоороо бүрэн байгаа гэж тайлбарлаж байна.
Иймд хариуцагч Т.Гансүхээс ор 1 ширхэг, хоолны шүүгээ 1 ширхэг, гудас 1 ширхэг, хөнжил 1 ширхэг, орны бүтээлэг /хивс 1 ширхэг, орны аравч /хивсэн/ 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, халбага 20 ширхэг, аяга 10 ширхэг, шанага 1 ширхэг, дэвсгэр 1 ширхэг, данх 1 ширхэг, ган халбага 1 ширхэг, түмпэн 1 ширхэг, шилэн эдлэл 1 ком, нийт 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, эр ямаа 5, эм ямаа 5, хонь 2, хурга 2, төлөг 1, зусаг 4, борлон 5, нийт 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхзаяад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг хариуцагч Т.Гансүхээс гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой мал, нийт 2.772.500 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 2.772.500 төгрөг төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 59.310 төгрөгийг хариуцагч Т.Гансүхээс гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 04 сарын 07-ны өдөр хүү Э.Төрмандахын эцэг нь Тавхнагийн Гансүх мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 04 сарын 07-ны өдөр хүү Э.Төрмандахыг эх Баарангийн Энхзаяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2014 оны 04 сарын 07-ны өдөр хүү Энхзаяагийн Төрмандахыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Т.Гансүхээр тэжээн тэтгүүлсүгэй. 
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Энхзаяад даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Т.Гансүх нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхзаяа нь Т.Гансүхийг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар ор 1 ширхэг, хоолны шүүгээ 1 ширхэг, гудас 1 ширхэг, хөнжил 1 ширхэг, орны бүтээлэг /хивс 1 ширхэг, орны аравч /хивсэн/ 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, халбага 20 ширхэг, аяга 10 ширхэг, шанага 1 ширхэг, дэвсгэр 1 ширхэг, данх 1 ширхэг, ган халбага 1 ширхэг, түмпэн 1 ширхэг, шилэн эдлэл 1 ком, нийт 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, эр ямаа 5, эм ямаа 5, хонь 2, хурга 2, төлөг 1, зусаг 4, борлон 5, нийт 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой малыг хариуцагч Т.Гансүхээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхзаяад олгосугай.
8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг, 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой мал, нийт 2.772.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөг болон, 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой малын үнэ нийт 2.772.500 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 59.310 төгрөгийг хариуцагч Т.Гансүхээс тус тус гаргуулан төрийн санд оруулсугай. 
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ