Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 238

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, Тавинд оршин суух Өрлүүд Бортариагийн Халтархүүгийн /РД: ДМ66022802/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Б.Халтархүү нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бортариа овогтой Халтархүү би 1966 онд Цогт сумд төрсөн, ам бүл дөрвүүлээ, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Б.Халтархүү би 1983 оны 06 сард 8 дугаар ангиа төгсөөд шууд мал маллаж эхэлсэн. Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарыг дуустал малчнаар ажилласан. Давшилт нэгдлээс надад хөдөлмөрийн дэвтэр өгөөгүй. Иймд архивын тасгийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 55 дугаар лавлагааг үндэслэн 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарыг дуустал малчнаар ажилласан болохыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Б.Халтархүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Халтархүү нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Б.Халтархүү нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. 
Иймд Б.Халтархүүг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өрлүүд Бортариагийн Халтархүүг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Халтархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ