Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 240

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 3-17 тоотод оршин суух Боржигон овогт Лхагвадоржийн Мөнхөө /РД: ДЮ69112763/, Хан бүргэд овогт Гоодонгийн Гантөмөр /РД: ДЮ61030711/ нарт холбогдох 
1200015584 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 4.277.711,45 төгрөг, хүү 380.563,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.962,16 төгрөг, нийт 4.664.237,57 төгрөг, 1200019092 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 5.249.771,95 төгрөг, хүү 364.521,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.951,98 төгрөг нийт 5.619.245,09 төгрөг болон зээлийн гэрээг нотариатаар батлуулсан хураамж 36.000 төгрөг бүгд 10.319.482,66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын  23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Нарантуяа, хариуцагч Л.Мөнхөө, Г.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                       ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Лхагвадорж овогтой Мөнхөө, Гоодон овогтой Гантөмөр нар нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200015584 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу 7.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.2%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 1200019092 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу 6.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.2%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 06 дугаар гудамжны 16 тоотод байршилтай, эзэмших эрхийн 000139534 дугаартай улсын бүртгэлийн Г-0518001001 гэрчилгээтэй, 530.8 м.кв талбайтай газар, 5 ханатай, давхар бүрээстэй, шалтай гэр, хөргөгч хятад цагаан, угаалгын машин 8 кг хятад цагаан, компьютер DELL иж бүрэн суурин хар өнгөтэй, хивс дотоод хивснүүд, автомашин Hyundai Porter ГАҮ 5332 цагаан, эргэлтийн хөрөнгө /бүх төрлийн түлш/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 19 тоотод оршин суух Лхагвадорж овогтой Баярхүүгийн Kia fronter ГАҮ 5880 хөх өнгөтэй ачааны автомашин зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 1200015584, 1200019092 тоот Барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Лхагвадорж овогтой Мөнхөө, Гоодон овогтой Гантөмөр нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд 2016 оны 05 сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200015584 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 4.277.711,45 төгрөг, хүү 380.563,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.962,16 төгрөг, нийт 4.664.237,57 төгрөг, 1200019092 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 5.249.771,95 төгрөг, хүү 364.521,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.951,98 төгрөг нийт 5.619.245,09 төгрөг болон зээлийн гэрээг нотариатаар батлуулсан хураамж 36.000 төгрөг бүгд 10.319.482,66 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Л.Мөнхөө, Г.Гантөмөр нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу зээл авч, зориулалтын дагуу ашигласан боловч 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон, зээлийн эргэн төлөлтийг 3 дээш удаа хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй зээл төлөхөөс зайлсхийсэн гэх шалтгаанаар 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлдэгч Л.Мөнхөө, Г.Гантөмөр нар луу байнга утсаар ярьж уулзаж, банкны зээлийн журмын дагуу мэдэгдэх хуудас болон шаардах хуудас өгсөн. Зээлдэгч нар гарын үсгээ зурж хүлээн авсан. Зээл төлүүлэх ажиллагааны явцад гэр бүл салсан гэх шалтгаанаар зээлээ төлөхгүй байгаа. Барьцаа хөрөнгөөр нь зээлдэгч нартай тохиролцоод барьцаа хөрөнгийг нь зарж бага хэмжээгээр нь зээлийг барагдуулах гэсэн боловч зээлдэгч нартай зөвшилцөлд хүрч чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шүүхэд хандсан өдрөөр гэрээний үүргээ биелүүлэх шаардлага гаргасан. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэсэн шаардлагын хувьд шүүхийн шийдвэр гарсны дараа энэ асуудлыг хэрэгжүүлэх талаар ярина гэв.
Хариуцагч Л.Мөнхөө шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх Хас банкнаас 10 гаруй жил зээл авч түлш зардаг байсан. Тэгээд зээлээ олсон ашгаараа төлдөг. Сүүлийн жил эдийн засгийн хямралаас болж иргэдийн худалдан авах авалт нь багассан. 10 дугаар сард нэмж зээл авсан. Тухайн үед манай нөхөр гэртээ ирэхээ болиод өөр газар байдаг болсон байсан. Хас банкнаас хоёр зээл авсан байсан. Би ганцаараа зээл төлж чадахгүй, цагаан сар болж, ахуйн хэрэгцээнд олсон мөнгөө зарцуулж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. 3 дугаар сард алтанд явж зээлээ хийнэ гэж бодоод алтанд явсан боловч олзгүй иргэж ирсэн учраас зээлээ мөн төлж чадаагүй. Манай нөхөр 8 дугаар сард жолооны курсд суралцсан. Тэр үедээ оройд гэртээ ирэхгүй байсан. Тэгэхээр нь би орой жолоонд гарч байгаа юм байна гэж боддог байсан. Жолооны курс төгсөхдөө банкнаас авсан зээлийн мөнгөөр төлбөрөө хийсэн. Дахиад банкнаас энэ өвөл зээл авч нүүрс, мод зарах зорилгоор зээл авсан. Тухайн зээлийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурчихаад явсан. Машинаа зарж зээлээ хийх гэхээр хүмүүс үнэтэй байна гээд авахгүй байгаа. Гэр, хашаагаа зарах гэхээр хүүхдүүдтэйгээ амьдрах газаргүй болчих гээд байгаа. Хас банкнаас дээрх нэхэмжилж байгаа зээлийг авсан, төлнө. Ажил хийж мөнгийг төлж барагдуулна. Манай нөхрийг өөр хүнтэй болоод тэр айлдаа амьдарч байгаа гэхээр нь би тэр айлд нь очсон. Тэгээд чи гэртээ ирээч гэж гуйгаад явсан боловч энэ өвөл гэртээ ирээгүй. Цагаан сараар ах, дүүс нийлж мөнгө өгдөг байсныг манай нөхөр авчихаад надад өгөөгүй. Банкны мөнгийг огт төлөлцөхгүй байгаа. Тусдаа амьдарч болох ч гэсэн банкны зээлийг төлөлцөх хэрэгтэй. Машинаа зарж банкны зээлийг төлнө. Машины доторх эд ангийг манай нөхөр авч явахдаа алга болгосон байсан гэв.
Хариуцагч Г.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгдэж байгаа зээлийг авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан үнэн. Би гэрээсээ дуртайдаа гарч яваагүй. Яагаад гэвэл манай эхнэр архи уудаг байсан. Тэгээд чи архи битгий уу гэж хэлэхээр огт ойлгодоггүй. Би эвлэрэх гэж хэд хэдэн удаа очсон. 09 дүгээр сард гэртээ очиход охиндоо архи өгөөд өөрөө бас уучихсан байхаар нь би Цагдаа дуудсан боловч Цагдаагийн байгууллага намайг драгер үлээлгэсэн. Зээлийн мөнгийг төлөлцөж хамт амьдрах гэхээр манай эхнэр өөрөө дандаа архи уудаг. Тухайн үед зээл авахад гарын үсэг зурж өгчихөөд би тэр мөнгөнөөс нь огт мөнгө аваагүй. Бүх модыг би бэлтгэдэг байсан. Манай эхнэр зах дээр зогсож зардаг. Зээлийн мөнгийг юунд зарцуулж үрсэн талаар би мэдэхгүй. Портер машиныг би Завхайн аймгийн Ургамал сумд алт гарах үеэр би ажиллаж байгаад 1.800.000 төгрөг хийж, тэр мөнгөөрөө мотоцикл авсан. Тухайн мотоциклоо өгөөд дээрээс нь 1.000.000 төгрөг өгч Портер машиныг авсан. Зээл авсан мөнгөө тооцоотой үрэгдүүл гэж эхнэртээ хэлдэг байсан. Тэгж хэлэхээр намайг чи өөрийгөө бод гэж хэлдэг. Манай охиныг хүн бэр гуйж ирэхэд би гэртээ очсон. Бэр гуйх үйл ажиллагаа дууссаны дараа манай эхнэр архины шилээр намайг цохиж миний уруулыг язалж, шүд хугарсан. Өөрийнхөө нэр дээр байдаг бүх хөрөнгөө эхнэртээ үлдээсэн. Би ямар ч эд хөрөнгө авахгүй, өөрийнхөө өмссөн хувцастайгаа гарсан. Одоо ч миний биеийн байдал муу байдаг тархи хөдөлсөн, даралт ихэсдэг. Банкны өрийг төлөхгүй гэх зүйл байхгүй, төлнө төлөлцөнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хас банкны Говь-Алтай салбар нь Л.Мөнхөө, Г.Гантөмөр нарт холбогдуулан 2016 оны 05 сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200015584 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 4.277.711,45 төгрөг, хүү 380.563,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.962,16 төгрөг, нийт 4.664.237,57 төгрөг, 1200019092 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 5.249.771,95 төгрөг, хүү 364.521,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.951,98 төгрөг нийт 5.619.245,09 төгрөг болон зээлийн гэрээг нотариатаар батлуулсан хураамж 36.000 төгрөг бүгд 10.319.482,66 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, болон барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоос гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Л.Мөнхөө, Г.Гантөмөр нар нь Хас банкны Говь-Алтай салбараас Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 7.000.000 сая төгрөгийг 36 сарын хугацаатай авсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1200015584 дугаартай зээлийн гэрээ,
Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1200019092 дугаартай зээлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн  гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1200015584 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1200019092 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээ цуцлах нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.1-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, 5.1.4-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардахаар заажээ.
Зээлдэгч нь 2016 оны 01 дүгээр сараас хойш зээл, хүүгийн эргэн төлөлтийн төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй...”  гэх тайлбар, зээл буцаан төлөх хуваариар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч Л.Мөнхөөгийн “...Хас банкнаас дээрх нэхэмжилж байгаа зээлийг авсан, төлнө. Ажил хийж мөнгийг төлж барагдуулна. Манай нөхөр Банкны мөнгийг огт төлөлцөхгүй байгаа. Тусдаа амьдарч болох ч гэсэн банкны зээлийг төлөлцөх хэрэгтэй. Машинаа зарж банкны зээлийг төлнө...” гэх тайлбараар, хариуцагч Г.Гантөмөрийн “... Нэхэмжлэгдэж байгаа зээлийг авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан үнэн. Зээлийн мөнгийг төлөлцөж хамт амьдрах гэхээр манай эхнэр өөрөө дандаа архи уудаг. Банкны өрийг төлөхгүй гэх зүйл байхгүй, төлнө төлөлцөнө...” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. 
Иймд хариуцагч Л.Мөнхөө, Г.Гантөмөр 1200015584 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 4.277.711,45 төгрөг, хүү 380.563,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.962,16 төгрөг, нийт 4.664.237,57 төгрөг, 1200019092 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 5.249.771,95 төгрөг, хүү 364.521,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.951,98 төгрөг нийт 5.619.245,09 төгрөг, бүгд 10.283.482,66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт нөхөн төлүүлэх шүүхийн зардал гэдэгт шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал, эд мөрийн баримт хадгалах зардал, гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардлыг тус тус ойлгохоор заажээ.
Өөрөөр хэлбэл нотариатын зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй байна.
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 36.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.062 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхөө, Г.Гантөмөр нараас 10.283.482,66 төгрөгийн тэмдэгтийн хураамж 179.486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 1200015584 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 4.277.711,45 төгрөг, хүү 380.563,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.962,16 төгрөг, нийт 4.664.237,57 төгрөг, 1200019092 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 5.249.771,95 төгрөг, хүү 364.521,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.951,98 төгрөг нийт 5.619.245,09 төгрөг, бүгд 10.283.482,66 төгрөгийг хариуцагч Л.Мөнхөө, Г.Гантөмөр нараас гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 36.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.062 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхөө, Г.Гантөмөр нараас 10.283.482,66 төгрөгийн тэмдэгтийн хураамж 179.486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ