Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 241

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Толгойтын 1-7-2 тоотод оршин суух Боржигон овгийн Нямдаваагийн Мянганжадамбын /РД: ДП90042718/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Толгойтын 1-7-3 тоотод оршин суух Отгонтэнгэр овгийн Чойжилсүрэнгийн Энхтүвшинд /РД: ДС62041435/ холбогдох
Зөвшөөрөлгүй баригдсан тамбарыг буулгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  зөвшөөрөлгүй баригдсан грашийг буулгуулах, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямдаваа, хариуцагч Ч.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүй баригдсан тамбарыг буулгуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нь зөвшөөрөлгүй баригдсан грашийг буулгуулах, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 
Нэхэмжлэгч Н.Мянганжадамба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Н.Мянганжадамба миний бие ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Миний бие 2015 оны 05 сард Жаргалант багийн Толгойтын 1-7-2 тоот 72 м2 орон сууцыг Цогбадрах гэдэг хүнээс худалдан авсан юм. Гэтэл манай хажуу айл Ч.Энхтүвшин нь манай гэрийн үүд болон грашны хаалгыг таглаж, гэрийн тамбараа томруулж 4.6х4 м2 болгож барьсан юм. Энэ хугацаанд бид хэлсэн боловч би зөвшөөрөл авсан гээд бидний үгийг авалгүйгээр тамбараа барьж дуусгасан. Ингээд тухайн үед нь мэргэжлийн хяналтын албанд өргөдөл гаргахад манай байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудал гэж хариу өгсөн юм. Газрын албанд хандахад хажуу айлтай чинь уулзсан, очиж хэлсэн гэх байдлаар хариу өгөлгүйгээр өдий хүрсэн юм. Хажуу айл Энхтүвшин тамбараа томруулж барьснаар манайх грашдаа орох ямар ч боломжгүйн дээр гэртээ засвар хийх, элс, хайрга буулгах, гэртээ томхон эд зүйл оруулах, гаргах ямар ч боломжгүй болсон. Иймд Энхтүвшингийн зөвшөөрөлгүй баригдсан тамбарыг буулгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямдаваа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Энхтүвшингийнх жижиг тамбартай байж байгаад 4х60 харьцаатай тамбар бариад манай үүдэн хэсгийг хаасан. Тэгэхээр грашдаа том хэмжээтэй зүйл хийхэд хүндрэлтэй болсон. 2 метрийг хасахад ариун цэврийн өрөөний асуудал шийдэгдэхэд боломжийн болно. 2 метрийн хэмжээтэй байхад ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэхэд бүрэн боломжтой гэж үзэж байна. Ямар ч байдлаар холбож болно. Ч.Энхтүвшин анх барихдаа миний хэлж байснаар бага хэмжээтэй барьсан бол ямар нэгэн асуудал байхгүй байсан. Хүйтний улиралд энэ айлын ариун цэврийн өрөө хөлдөх байх. Миний тухайд байшингаа худалдаж авахдаа грашаа хамт авсан. Би зөвшөөрөлтэй эсэхийг нь асуугаагүй шууд хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж авсан. Гэтэл Ч.Энхтүвшин нь бохирын шугам холбоход саад хийсэн гэх мэтээр худлаа тайлбар гаргаж байна. Энэ байрны ар талд бохирын шугам байхгүй, уг шугам нь Мандал голомтын уурын зуухны ард байдаг юм гэв.
Хариуцагч Ч.Энхтүвшин нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 45 м.кв дотроо ганц цонхтой гурван тал нь харанхуй, гэрэл асааж гэгээтэй болдог ба энэ байрандаа 2007 оноос хойш 9 жил амьдарч байна. Одоогоос 2 жилийн өмнөөс манай энэ нийтийн байрыг цэвэр ус, бохирын шугаманд холбогдох шаардлагатай гэж Хот тохижуулах газар, Мэргэжлийн хяналтын газар, Ундарга-Алтай ОНӨААТҮГ, Есөнбулаг сум зэрэг албан газруудаас удаа дараа албан бичиг болон торгуулийн хуудас ирүүлж байгаа. Манайх болон энэ нийтийн байранд оршин сууж байгаа 5 айл бохирын шугаманд холбогдох гэхээр бохирын шугам тавих газар баригдсан зөвшөөрөлгүй грашаас болж энэ асуудал шийдэгдэж чадахгүй байгаа юм. Энэ зөвшөөрөлгүй баригдсан грашийн ар талд манай байрны бохирын худаг, төв шугам нь байгаа. Энэ төв шугамыг барихад манай байрны айлууд мөнгөө нийлүүлж оролцсон бөгөөд манайх 250.000 төгрөг төлсөн. Энэ грашаас болж энэ байранд амьдарч байгаа 5 айлын эрх зөрчигдөж байгаа тул уг грашийг буулгуулж, бохирын шугам тавих газрыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ айлынх ар талдаа цонхтой, гурван өрөө дотроо ариун цэврийн өрөөтэй саад болох зүйлгүй. Тэгэхэд манайх заавал тамбар хэсгээ бага зэрэг томруулж арин цэврийн өрөө хийхгүй бол шийдэж чадахгүй байгаа. Тухайн үед барьж байхдаа Газрын алба холбогдох байгууллага болон Нямдаваагийн Мянганжадамбад хэлэхэд тэг тэг, та барь гээд барьсан. Манайх Н.Мянганжадамбын гэрийн үүдийг таглаж тамбар бариагүй. Өөрийнхөө гэрийн гардаг үүдийг таглаж хуучин байсан 2.8х3.5 м.кв бороонд нурж унасан тамбарын суурин дээр шинээр 3.8х3.5 м.кв жижиг тамбарыг 10 сард барьж дуусгасан. Барьж дууссаны дараа буулгуулах гэж байна. Ариун цэврийн өрөө барих гэж барьсан. Хот тохижуулах газар, Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шаардлага тавьсны дагуу цэвэр ус, бохирын асуудлыг шийдэх гэж манайх үүдэндээ тамбар барьсан. Тамбар барихын өмнө эхнэр бид хоёр Газрын албаны дарга Алтанзагастай биеэр уулзаж, манайх 00-ын асуудлаа шийдэх гэж үүдэндээ тамбар барихаа мэдэгдэж, манай ар талын грашийг асуухад уг граш нийтийн эзэмшлийн дулааны шугаман дээр зөвшөөрөлгүй баригдсан, нийтийн эзэмшлийн талбайд граш байх ёсгүй гэж тайлбар өгсөн. Миний тухайд маргалдах шаардлага байхгүй. Нэг газар амьдардаг байж эв зүйгээр учраа олох хүсэлттэй байна. Ариун цэврийн өрөөний шугамыг ямар нэгэн аргаар янзалж болох байх. Энэ айлын граш хууль бусаар баригдсан. Грашны хаалгаа ард талд нь гаргах боломжтой. Манайх шинээр ашиглалтад орсон учраас  нураахгүй. Энэ айл манайхыг шүүхэд өгсөн учраас би сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргаггүй байдалд хүрсэн. Эдний граш зөвшөөрөлгүй баригдсан граш. Манай барьсан үүдний тамбар хуучин байсан тамбар. Тэр тамбарыг нь сунгасан. Энэ айлын граш тэнд байх ёсгүй гэдгийг Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар дүгнэлтээ гаргасан. Манайх олон нийтийн эрхийг зөрчөөгүй, үүдэн хэсэгтээ тулгаж барьсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Мянганжадамба нь Ч.Энхтүвшинд холбогдуулан зөвшөөрөлгүй баригдсан тамбарыг буулгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Хариуцагч Ч.Энхтүвшин нь зөвшөөрөлгүй баригдсан грашийг буулгуулах, газар чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Ч.Энхтүвшин нь Н.Мянганжадамбын гэрийн үүд болон грашны хаалгыг таглаж, гэрийн тамбараа томруулж 4.6х4 м2 болгож барьсны улмаас нэхэмжлэгч нь грашдаа орох боломжгүй, гэртээ засвар хийх, элс, хайрга буулгах, томхон эд зүйл оруулах, гаргах ямар ч боломжгүй болсон тул тамбарыг буулгуулахаар маргаж байх бөгөөд хариуцагч Ч.Энхтүвшин нь нийтийн байранд оршин сууж байгаа 6 айл бохирын шугаманд холбогдох гэхээр бохирын шугам тавих газар баригдсан зөвшөөрөлгүй грашаас болж асуудал шийдэгдэхгүй байгаа тул уг грашийг буулгуулж, бохирын шугам тавих газрыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна. 
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “...өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй...” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа зөвшөөрөлгүй баригдсан тамбар болон грашийг буулгуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “...хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ...” гэж заажээ.
Зохигчдын амьдарч буй байр нь 1 давхар 7 айлын орон сууц болох нь фото зургууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Мянганжадамба нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Толгойтын 1-7-2 тоот 72 м2 орон сууцны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000516 дугаартай бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Уг байрны 1-7-3 тоот буюу нэхэмжлэгчийн хөрш байрны өмчлөгч нь хариуцагч Ч.Энхтүвшингийн эхнэр С.Энхсайхан болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000685 дугаартай бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
Иймд зохигчдын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн 4 дүгээр бүлэгт заасан хөршийн эрхийн маргаан байна. 
Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “...Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй...” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 05 сард Жаргалант багийн Толгойтын 1-7-2 тоот 72 м2 орон сууцыг грашийн хамт худалдан авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...байшингаа худалдаж авахдаа грашаа хамт авсан. Би зөвшөөрөлтэй эсэхийг нь асуугаагүй, шууд хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж авсан...” гэж тайлбарлаж байна.
Уг граш нь газар эзэмших зөвшөөрөлгүй баригдсан болох нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 224 дугаартай “...Есөнбулаг сум Жаргалант багийн Толгойтын 1-7-р байранд оршин суугч Нямдаваа овогтой Мянганжадамбын граш газар эзэмших зөвшөөрөлгүй нь үнэн болно...” гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 112 дугаартай албан бичгээр Ч.Энхтүвшинг зөвшөөрөлгүй барьсан байшингаа буулгаж, газраа чөлөөлсөн байхыг шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. 
Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байгаа боловч зохигчдын маргааны зүйл болж буй тамбар болон грашийг  нь барьсан газар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй болох нь тогтоогддоггүй, мөн нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдаанд дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй болохыг хүлээн зөвшөөрч, маргадаггүй болно. 
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Мянганжадамба болон хариуцагч Ч.Энхтүвшин нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа зөвшөөрөлгүй баригдсан тамбар болон грашийг буулгуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мянганжадамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Ч.Энхтүвшингийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Энхтүвшингээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мянганжадамбад, нэхэмжлэгч Н.Мянганжадамбаас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Энхтүвшинд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт зааснаар Ч.Энхтүвшингийн зөвшөөрөлгүй баригдсан тамбарыг буулгуулах нэхэмжлэгч Н.Мянганжадамбын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт зааснаар Н.Мянганжадамбын зөвшөөрөлгүй баригдсан грашийг буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай хариуцагч Ч.Энхтүвшингийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мянганжадамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Ч.Энхтүвшингийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Энхтүвшингээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мянганжадамбад, нэхэмжлэгч Н.Мянганжадамбаас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Энхтүвшинд тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
     


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ