Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 245

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумд оршин суух Бэсүд бумба овгийн Ганпүрэвийн Цогзолмаагийн /РД: ДО66040107/ хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Г.Цогзолмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ганпүрэв овогтой Цогзолмаа 2010 онд Баярсайханы Уртнасантай танилцаж, улмаар хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор хурим найраа хийж байгаад гэрлэлтээ батлуулна гэж ярьсан байсан учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй байсан юм. 2013 онд хүү Анхбилгүүнийг төрүүлсэн. Хүүгээ төрүүлээд 1 ой, 1 сартай байхад нөхөр маань нас барсан юм. Хүү Анхбилгүүнд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох боломжгүй болсон юм. Иймд талийгаач Б.Уртнасан бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Г.Цогзолмаа нь Ловжоо овгийн Баярсайханы Уртнасантай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Г.Цогзолмаа, Б.Уртнасан нар нь 2010 онд танилцаж улмаар хамтын амьдралтай байсан болох нь Ловжоо овгийн Уртнасангийн Анхбилгүүн 2013 оны 11 дүгээр сарын 12-нд Есөнбулаг сумын төрөх газар төрснийг Чандмань төрсний бүртгэлд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Ловжоо овгийн Баярсайханы Уртнасан, эхийн нэр Бэсүд бумба овгийн Ганпүрэвийн Цогзолмаа гэх 52 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Уртнасангийн хүү У.Анхбилгүүнтэй авахуулсан гэрэл зургаар тус тус нотлогдож байна. 
Иймд Г.Цогзолмааг Б.Уртнасантай хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Гэвч Б.Уртнасан нь 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ нас барсан болох нь №0041955-23 дугаартай нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагч Г.Цогзолмаагийн “...Хүүгээ төрөөд 1 ой, 1 сартай байхад нөхөр Б.Уртнасан маань нас барсан...” гэх тайлбараар тогтоогдож байна. 
Хүсэлт гаргагч Г.Цогзолмаа нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Бэсүд бумба овгийн Ганпүрэвийн Цогзолмааг Ловжоо овгийн Баярсайханы Уртнасантай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Цогзолмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ