Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 259

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 22 дугаар байр 1-7 тоотод оршин суух Хатан зүйл овгийн Бэгзийн Чандагийн /РД: ДЮ52011871/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох
Уурын зуухны яндангийн үнэ 7.177.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Чандаг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Эрдэнэ, гэрч Ц.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Чандаг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний өмчлөх эрхийн гэрчилгээтэй уурын зуухны барилгын 7 миллиметр зузаан ханатай, 722 миллиметр диаметртэй, 30 метр урттай, 3690 килограмм жинтэй ган янданг 2014 оны намар сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Баттулга авч явсан байдаг юм. Яндангийн үнийг Ц.Баттулгаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд тус бүр 2 удаа, нийтдээ 6 удаа шүүх хуралдаан болж шийдвэр гарч, материал нь архивт орсон. Дээр гарсан 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх нэхэмжлэлийг хянаж үзээд янданг миний өмч болохыг тогтоож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заалтыг үндэслэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд хариуцагчаар Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрыг татсан. Ц.Баттулга нь Есөнбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа янданг  ус зайлуулагч болгон ашигласан нь өмнөх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон. Уг баримтуудыг өмнөх материал архивт орсон тул хуулбарлан хэрэгт хавсаргасан. Үл хөдлөх эрхийн гэрчилгээ яндан тайрсан байдлын зураг, уурын зуухны зураг, Ц.Баттулгын нийгмийн даатгалын дэвтэр хуулбар хэрэгт авагдсан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хэрэгжилт тайлан гэх номын 60-рт дөтийн давааны авто замыг өргөсгөсөн гэж заасан бөгөөд миний өмчлөлийн янданг ус зайлуулагчаар ашигласан болох нь зургаас харагддаг. Хөрөнгийн үнэлгээг сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээний төвөөр хийлгүүлсэн. Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч нь иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу яндангийн үнийг нэхэмжлэхэд энэ тогтоол саад болохгүй гэж заасан. Улсын дээд шүүхийн тогтоолоор иргэн Ц.Баттулга хариуцахгүй гэдэг нь тогтоогдсон. Аймгийн засаг даргад 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасан,  Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өргөдөл гаргаж өгсөн. Дөтийн давааны гүүр нурахад миний янданг гүүрэнд ашигласан. Иймд яндангийн үнэ 7.177.700 төгрөгийг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Эрдэнэ нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засаг даргын Тамгын газар нь бүтээн байгуулалтын ажил олноор хийдэг. Тухайн үед иргэн Б.Чандагийн янданг засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Баттулга хариуцаж байсан. 2014 оны 11 дүгээр сард уурын зуухны яндан салхинд ганхаж хөдөлж байна, нэг өдөр тэнд байгаа айлын хүмүүсийн гэр дээр бууж амь насанд нь аюул учрахаар байна гэж ярилцсан. Байгаль орчны улсын байцаагч н.Оюунцэцэг намайг 400.000 төгрөгөөр ав гэж хэлсэн, би авахгүй өөр авах хүн байна уу гэсэн асуудал яригдсан. Дараа нь Засаг даргын орлогч Б.Чандагтай уулзахад та яндангаа ав гэхэд надад хамаагүй чи өөрөө ав гэж хэлсэн байсан. Тэгээд тухайн янданг яаралтай буулгана гэж яригдаж байсан. Алтай хотоос урд сумд руу зорчиход хүндрэлтэй болсон тул гүүрийг янзлах талаар яригдсан. Энэ асуудлыг шийдэх гэж 3 хошууг сэтэлж замыг өргөсгөх тендер зарлаж янданг ус зайлуулагч болгон ашигласан. Энэ хүний өмчлөл мөн эсэх талаар эргэлзэж байна. Тухайн үед 400.000 төгрөг яригдаж байсан. Ц.Баттулгатай дээд шүүх хүртэл заргалдаж дээрх шийдвэрүүд нь гарсан байна. Үнэлгээний асуудал дээр өндөр байна гэж бодож байна. Төсвийн байгууллагын санхүү хүндэрсэн үед мөнгө гаргаж өгөх боломжгүй, хэцүү байна. Тухайн үед 2014 оны 11 дүгээр сард Б.Чандагтай уулзаад юу ярьсан, Ц.Баттулга нь буулгах талаар шаардлагаа тавьсан талаар би мэдэхгүй байна. 7.177.700 төгрөгийг гаргаж өгөхөд хүндрэлтэй. Төсөвт  байхгүй, хаанаас яаж гаргах талаар мэдэхгүй, тодорхойгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Чандаг нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан уурын зуухны яндангийн үнэ 7.177.700 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.   
Маргааны зүйл болох яндангийн холбогдон байрлаж байсан уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Б.Чандагийн өмч болох нь Улсын бүртгэлийн Ү-0518001776 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь энэ талаар маргахгүй байна.
Уг яндан уурын зуухны зориулалттай болохыг нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлаж байх бөгөөд уурын зуухны утааг зайлуулах үндсэн зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж, ашиглаж үл болох эд зүйл байх тул уг яндан нь тухайн уурын зуухны өмчлөгч Б.Чандагийн өмч гэж үзэх үндэслэлтэй, өмчлөгч Б.Чандаг нь уг хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 
Нэхэмжлэгч Б.Чандаг нь “...Миний өмчлөх эрхийн гэрчилгээтэй уурын зуухны барилгын 30 метр урттай, 3690 килограмм жинтэй ган янданг 2014 оны намар сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Баттулга авч явсан байдаг юм. Ингэж авч явахдаа надаас зөвшөөрөл аваагүй...” гэж тайлбарлаж байна. 
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Эрдэнэ нь уг янданг тухайн үед Есөнбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Баттулга нь Дөтийн амны гүүрэнд ус зайлуулагчаар ашигласан талаар маргадаггүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ц.Баттулга энэ талаар хүлээн мэдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ий ҮХХ-28/2015 дугаартай хөрөнгийн үнэлгээний ажлын тайланд 7 миллиметр зузаан ханатай, 722 миллиметр диаметртэй, 30 метр урттай ган яндангийн зах зээлийн үнэ 7.097.700 төгрөг гэж үнэлсэн байх бөгөөд үнэлгээний ажлын хөлсөнд 80.000 төгрөг авсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ий 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна. 
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Эрдэнэ яндангийн үнэлгээг өндөр тогтоогдсон байна гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, дахин үнэлгээ гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ий ҮХХ-28/2015 дугаартай хөрөнгийн үнэлгээний ажлын тайланд дурдсанаар үнэлгээг тогтоосон болно. 
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.в/-д зааснаар сумын Засаг дарга нь “орон нутгийн чанартай зам, гүүр, үер усны хамгаалалт, далан суваг барих, засварлах, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулах…” бүрэн эрхтэй байхаар заажээ.
Ц.Баттулга нь 2014 оны 08 сарын 12-ний өдрийн Б/10 тоот захирамжаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын орлогчоор томилогдож, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 тоот захирамжаар уг ажлаас чөлөөлөгдсөн болох нь Ц.Баттулгын 1016796 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. 
Гэрч Ц.Баттулга нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тус аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын орлогчоор ажиллаж байхдаа буюу 2014 оны 10 дугаар сард уг янданг буулган хоёр хэсэг болгон хувааж Дөтийн амны гүүрийг засварласан талаар тайлбарлаж байх бөгөөд Дөтийн амны гүүр нь Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын өмч хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд орон нутгийн шинж чанартай орон нутгийн өмчийн гүүр болох нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 158, мөн албаны 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 215 дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна. 
Уурын зуухны зориулалтын янданг гүүрэнд ашиглах, тухайн гүүрийг засварлах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй болохыг гэрч Ц.Баттулга нь тайлбарлаж байх бөгөөд төрийн албан хаагч нь хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр уурын зуухны янданг ашигласны улмаас иргэн Б.Чандагт гэм хор учруулсан болох нь зохигчдын тайлбар, фото зургууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөтийн амны гүүрийг засварлахдаа нэхэмжлэгч Б.Чандагийн өмчлөлийн уурын зуухны янданг зөвшөөрөлгүйгээр авч ашигласан Ц.Баттулгын дээрх үйлдэл нь нэхэмжлэгчид гэм хор учруулсантай шалтгаант холбоотой байна. 
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас яндангийн үнэ 7.177.700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чандагт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Иргэдийн төлөөлөгч Д.Гантулгад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогчид шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чандагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 129.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чандагт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу уурын зуухны яндангийн үнэнд 7.177.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чандагт олгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чандагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 129.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чандагт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ
                      ШҮҮГЧ                          Ш.ОДОНЗУЛ
                      ШҮҮГЧ                          Т.БАЛЖИННЯМ