Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 262

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 12-15 тоотод оршин суух Олхонууд овгийн Мягманжавын Сайнзаяагийн /РД: ДЮ76100865/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох
 Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/19 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
  Нэхэмжлэгч М.Сайнзаяа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие М.Сайнзаяа нь 1999 оноос одоог хүртэл Говь-Алтай аймгийн МСҮТөвд тасралтгүй 18 жил үсчин гоо заслын мэргэжлийн үндсэн багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа Багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан Багшлах үндсэн үйл ажиллагаатай холбогдох ямар нэг ёс зүйн хуульчилсан заалт, дүрэм журам зөрчиж байгаагүй. Мөн эцэг эх сурагчдын зүгээс ямар ч гомдол асуудал байхгүй ажиллаж, аймаг, бүс, улсын уралдаан тэмцээнд мэргэжил болон сургууль, аймгийн нэр хүндийг өндөр өргөж, амжилттай оролцож 34 медаль, өргөмжлөл хүртсэн. Миний энэ амжилтыг төр засаг, салбарын яам өндөр үнэлж Боловсролын тэргүүн, Яамны хүндэт жуухаар шагнаж байлаа. Гэтэл ажил байдлын үзэл бодлоор зөрчилддөг хэсэг бүлэг багш нарын санаатай үндэслэлгүй явуулга, гүжир гүтгэлгээр гар хөл нь болж МСҮТөвийн захирал Д.Цоож нь 2016 оны 05 сарын 20-ны өдрийн А/19 тоот тушаалаар намайг ажлын алдаа зөрчил дутагдал гаргаагүй байхад цалингийн 20%-иар сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд 2016 оны 05 сарын 20-ны өдрийн А/19 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус аймгийн МСҮТөвийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/19 тоот дугаартай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Сахилгын ямар нэгэн алдаа гаргаагүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.12 дугаарт зааснаар М.Сайнзаяа нь ёс зүйн зөрчил гаргаагүй, хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан байх тул сахилгын шийтгэл гаргаагүйд тооцож өгнө үү. Хэргийн материалтай танилцахад н.Дулмаа багш медаль худалдан авч ёс зүйн зөрчилд тооцогдсон. Медаль М.Сайнзаяад хамаарал байхгүй. Үндэслэлгүйгээр М.Сайнзаяад сахилгын шийтгэл оногдуулсан. Ёс зүйн зөрчил нь тогтоогдохгүй, ёс зүйн хороогор ороогүй тул МСҮТөвийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/19 тоот дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цоож шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Сайнзаяа нь бусдын тавьсан шаардлагыг үл хүндэтгэн, элдвээр дайрч давшилдаг. Санаанаасаа зохион худал ярьдаг. Өөрийгөө зөвтгөх гэж оролддог. Бусдад хов зөөж хооронд нь хагаралдуулдаг. Зөвхөн энэ хичээлийн жилд Я.Болормаа, Д.Амардэлгэр, Б.Болормаа, Д.Цэрмаа, Ц.Долгормаа, А.Отгончимэг зэрэг олон багш нарыг хэл амаар доромжилж, худал хэлэн хооронд нь хагаралдуулах зэрэг үйлдэл гарган багш хүний нэр хүндийг унагаж, ёс зүйгүй авирласан. “Алтан хайч-2016” ур чадварын улсын уралдааны дүнгийн талаар буруу мэдээлэл тараан, хуурамч медаль авч ирснээс болж манай байгууллагын дунд үл ойлголцол бий болсон. Уг уралдаанд хүүхдээ авч оролцчихоод яагаад хуурамч медаль авч ирсэн бэ гэдэг нь асуудал үүсгэж байгаа. Хуурамч медаль хүнээс худалдаж аваад ирж байгаа нь багшийн ёс зүй зөрчиж байгаа. М.Сайнзаяа зөвхөн медалийн асуудлаар биш, сургалтын албанаас хоёр ч удаа асуудал яригдаж орж ирсэн. Түүнийг хөндсөн хүн байхгүй. Багш М.Сайнзаяагийн дээрх зохисгүй үйлдэл нь Боловсролын тухай хуулийн 44.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11.11.11, 12.2.5, Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.7 дахь заалтууд болон ажлын байрны тодорхойлолтын “В” тавигдах шаардлагын 1.2-ын тусгай шаардлага “ёс зүйтэй байх”-ыг тус тус зөрчсөн сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэж байна. Хамт олныг зөв тийш нь залах гэж, амжилтыг нь бататгах гэж явах ёстой. Сайн тал байгааг үгүйсгэхгүй байна. Би энэ сургуульд 18 жил ажиллаж байна. Сайн тал М.Сайнзаяад байдаг. Сургуулийн нэрийг бүс аймагт гаргаж байсан. Сургуульд тодорхой хэмжээний нэр хүнд авч ирж байсан. Багшийн албан тушаалд тэнцэхгүй байна, халаач гэж хүмүүсийн хүсэлт байгаа. Би халах тушаал гаргах байсан гэж бодож байна. Захирлын зөвлөл хэлэлцээд халах талаар санал гаргасан. Би харин хамгаалж 1 сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. н.Пүрэвсүрэн дээр ирсэн өргөдөл дарагдаж байсаар байгаад шийдвэрлэхгүй байж байгаад би шийдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.  
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Сайнзаяа нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/19 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.2, Боловсролын тухай хуулийн 44.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.5 дахь заалтууд, Төрийн албан хаагчийн болон багшийн ёс зүйн дүрэм, сургалтын албанаас ирүүлсэн санал, зарим багш ажилтнуудаас гаргасан өргөдөл гомдлыг тус тус үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар гоо заслын багш М.Сайнзаяад 1 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч М.Сайнзаяа нь сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна. 
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цоож нь “...М.Сайнзаяа нь “Алтан хайч-2016” ур чадварын улсын уралдааны дүнгийн талаар буруу мэдээлэл тараан, хуурамч медаль авч ирсэн нь багшийн ёс зүй зөрчиж байгаа. Зөвхөн медалийн асуудлаар биш, сургалтын албанаас хоёр ч удаа асуудал яригдаж орж ирсэн. Захирлын зөвлөл хэлэлцээд халах талаар санал гаргасныг 1 сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан...” гэж маргаж байна. 
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 12.2.5 дахь заалтын 12.2.5.а-д Сургуулийн нэр хүндэд харш үйлдэл хийх, багш ажилтны ёс зүйд үл нийцэх ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хороо болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол сахилгын ноцтой зөрчил гэж үзнэ гэж заажээ. 
Нэхэмжлэгч М.Сайнзаяа нь “Алтан хайч-2016” улсын уралдаанд медальт байранд шалгараагүй боловч 2 медаль, өргөмжлөлийн хамт авч ирсэн болох нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/115 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн тэмцээнд оролцсон сурагчдад шагнал олгосон хүснэгтээр тус тус тогтоогдож байна.
Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан байх боловч мөн төвийн Багшийн мэргэжлийн Ёс зүйн дүрмийн 5.3 дахь хэсэгт Багшийн ёс зүйн хэмжээг зөрчсөн багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг сургуулийн ёс зүйн хороо шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд тус төвийн Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэхэд мөрдөх журмын 1.1-д зааснаар ёс зүйн хороо нь багшийн ёс зүйн зөрчлийн талаар гаргасан гомдол хүсэлтийг бичгээр болон амаар хүлээн аваад багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг хэрхэн зөрчиж байгааг тогтоохоор заажээ. 
Эндээс дүгнэхэд багш М.Сайнзаяад сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг тус сургуулийн ёс зүйн хороо шийдвэрлэх ёстой байжээ. 
Хэрэгт цугларсан нотлох баримтаар багш М.Сайнзаяагийн ёс зүйн зөрчил гаргасан асуудлыг ёс зүйн хороо шийдвэрлэсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд Ёс зүйн дүрэмд заасан журмыг баримтлаагүй байх тул Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/19 дугаартай тушаалын М.Сайнзаяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заажээ. 
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг тул хэргийн нэг тал болон оролцож байгаа төрийн байгууллага нь өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох өөрөө баталгаажуулж өгөх нь хэргийн оролцогчдын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимд харшлах юм. 
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн багш нараас ирүүлсэн өргөдлүүд болон бүртгэл хяналтын картууд, захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус төвийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйл төвөөс 70.200 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/19 дугаартай тушаалын М.Сайнзаяад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйл төвөөс 70.200 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
      


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ