Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 269

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай Эм хангамж ХХК-ий /РД: 2633841/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Эргэлтийн эмийн санд холбогдох
747.545  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын захирал Ц.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
  Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК-ий захирал Ц.Ганчимэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Халиун сумын Эргэлтийн эмийн сан нь 2003 онд үүссэн 747.545  төгрөгийн өртэй 13 жил болж байна. Тус байгууллагаас 747.545 төгрөгийг нэхэхэд манайх танайд өргүй, бид авсан зүйлийнхээ мөнгийг дор бүр нь буюу дараа нь банкаар шилжүүлж төлж байсан гэдэг хариу өгдөг. Манай компаний нягтлан бодогч болон Халиун сумын эргэлтийн эмийн сангийн эмийн санчтай өрөө тулгаж үзэхэд ямар нэгэн өртэй гэсэн цаасан баримт байхгүй, зөвхөн программ дээр л 747.545 төгрөгийн өртэй гарч ирдэг. Иймд дээрх байгууллагаас 747.545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Галбадрах нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч.Галбадрах миний бие 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн Халиун сумын эргэлтийн эмийн санд эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Ажил хүлээж авахад эргэлтийн эмийн санд өр авлага байхгүй хүлээж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК нь Халиун сумын Эргэлтийн эмийн санд холбогдуулан 747.545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК нь 747.545 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч уг өр нь хэрхэн үүссэнийг мэддэггүй, зөвхөн программ дээр өртэй гэж гарч ирдэг, цаасан баримт байхгүй гэж тайлбарлаж байна. 
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхаар шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заажээ.
Говь-Алтай Эм хангамж ХХК нь 2003 онд 747.545 төгрөгийн өр үүссэн гэж тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан болох нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 
Хэрэгт цугласан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Галбадрах нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.491,08 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай Эм хангамж ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Халиун сумын Эргэлтийн эмийн санд холбогдох 747.545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.491,08 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ