Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2016/00093

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.А-д холбогдох

дундын өмчлөлийн орон сууц, гражийн өөрт ногдох хэсэг 29 666 666 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг, нийт 29 966 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э хариуцагч Д.А нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ү-19002001390 дугаартай, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 дугаар байр, 7-102 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг Б.А С.Снараас 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, Д.Ариунаа бид хоёрын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгогдож, бид хууль ёсны өмчлөгчид болсон. Миний бие Улаанбаатар хотод байнга оршин сууж ажиллаж амьдардаг учраас дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө ашиглах ямар ч боломж бололцоогүй байна.

Дундын өмчлөлийн 2 өрөө байрыг Д.А үлдээж, харин түүнээс өөрт оногдох хэсгийн үнийг гаргуулах хүсэлтэй байгаа бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д  заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна.

Учир нь уг байрыг 12 000 000 төгрөгөөр худалдан авахдаа би 8 000 000 төгрөг, Д.Ариунаа 4 000 000 төгрөг гаргасан. Гэтэл Д.А нь зээл авсан гэж тайлбарлаж байгаа боловч “Улаанбаатар транс” ХХК болон Д.А нарын хооронд зээлийн асуудал огт байхгүй, зээлийн гэрээ хэлцэл байхгүй. Зээл авсан бол өдийд төлсөн байх ёстой. Мөн орон сууц худалдан авахдаа 8 000 000 төгрөгийг би компаниас биш хувиасаа гаргаж, худалдагч Б.А хүлээлгэн өгсөн.

Анх 2013 онд Т.Э нь надаас итгэмжлэл аваагүй мөртлөө миний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх баталж, захирамж гаргасан байсан. Өөрөөр хэлбэл би Т.Э 2013 оны 04 дүгээр сарын 15-нд итгэмжлэл олгосон байхад 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний өмнөөс гарын үсэг зурж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш юм. Тэгэхээр би энэ асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хуурамч нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн үг юм.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 20 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

Би орон сууц худалдаж авахад орон сууцны үнийн 2/3 хувийг гаргасан, дээрх байрыг 40 800 000 төгрөгөөр үнэлсэн тул энэ үнийн 2/3 хувь буюу 27 200 000 төгрөг, гражийг 3 700 000 төгрөгөөр үнэлсэн тул өөрт ногдох хэсэг 2/3 буюу 2 466 666 төгрөг, өмгөөлөгч Л.О эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, төлсөн 300 000 төгрөг, нийт 29 966 666 төгрөгийг Д.А гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2010 оны 06 дугаар сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл Говьсүмбэр аймаг дахь “У ХХК-ийн тээврийн кассир, мэдүүлэгч зэрэг ажлыг хийж байгаад халагдсан.

Би 2010 оны 08 дугаар сард нөхөр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймагт ажиллаж амьдрах болоод 3 дугаар багийн 3-7-102 тоот байрыг сонгон худалдаж авахдаа өөрөөсөө 4 000 000 төгрөг, “У ХХК-ийн “Хас банк” дахь зээлийн шугамаас нь 8 000 000 төгрөг зээлж авсан. Гэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй. Байр худалдаж авсан цагаасаа өөрийн боломжоороо тус компанийн дэргэдэх “Хас банк”-ны салбарын 5000235649 тоот дансанд нягтлан бодогч Б хэлсэний дагуу нийт 2 326 000 төгрөг тушаасан байхад огт мөнгө төлж байгаагүй компанийн байрыг 100 хувь өөртөө ашигласан мэтээр гүжирдэж 2013 оны 04 дүгээр сард Говьсүмбэр аймаг дахь шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хариу тайлбар гаргаж өгсөний дараа нэхэмжлэлээ буцааж татан авч хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Гэтэл дахин нэг өрөө байр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэгсэхгүй болсон билээ. Ийм байхад дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Компанийн захирал Ж.Б нь байрыг худалдан авахад 8 000 000 төгрөгийг төлсөн тул гэрчилгээг нь өөрийн нэр дээр гаргуулна гэсэн. Харин би 4 000 000 төгрөгийг төлсөн тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ гэсний үндсэн дээр уг орон сууцны гэрчилгээ бидний нэр дээр гарсан. Одоо би компанид зээлийн үлдэгдэл төлбөр 5 сая гаруй төгрөгийг төлж барагдуулна, бидний хооронд орон сууцыг миний нэр дээр шилжүүлэх талаар тохирсон зүйл байхгүй ч гэсэн би зээлээ төлж дуусгаад өөрийн нэр дээр шилжүүлж авна гэсэн бодолтой байсан. Өмнө нь би компанид зээлээ төлөхийн тулд “орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөөч, би банкинд барьцаанд тавьж, зээл аваад компанид зээлээ төлнө” гэж нягтлан бодогч Б хүсэлт тавьж байсан гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.А холбогдуулан дундын өмчлөлийн орон сууцны өөрт ногдох хэсэг 20 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дундын өмчлөлийн орон сууц, гражийн өөрт ногдох хэсэг 29 666 666 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг, нийт 29 966 666 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Д.А нь Говьсүмбэр аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг гаргаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар барны 7-102 тоотод байрлах, 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-1902001390 дугаарт хамтран өмчлөгч Ж.Б хамт бүртгүүлсэнээр Ж.БД.А нар нь уг эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон байна.

 Нэхэмжлэгч нь уг орон сууцыг 12 000 000 төгрөгөөр худалдаж авахдаа 8 000 000 төгрөгийг нь гаргасан, харин хариуцагч нь 4 000 000 төгрөг гаргаж худалдан авсан, Д.А нь надаас 8 000 000 төгрөг зээлээгүй гэж, 

харин хариуцагч нь 8 000 000 төгрөгийг “У ХХК-иас зээлсэн гэж, үүнийгээ байрны төлбөр төлсөн гэх дансны хуулгаар нотлогдоно гэж тус тус тайлбарлажээ.

Маргаан бүхий орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгчээс 8 000 000 төгрөг, хариуцагчаас 4 000 000 төгрөг гаргаж, уг орон сууцны хамтран өмчлөгч болсон талаар зохигч маргаагүй боловч зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ тайлбараа нотолсон баримтаа гаргаж өгөөгүй, тэдний дунд зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдохгүй байна.

Нөгөө талаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ж.Б Д.А нар бүртгэгдсэн ба “У ХХК нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлээгүй тул Д.А нь “байрны төлбөрт” гэсэн “У ХХК-ийн дансанд төлбөр төлсөн баримт нь түүнийг Ж.Б зээл авсан гэдгийг нотолж чадахгүйгээс гадна өөр бусад нотлох баримтаар давхар тогтоогдохгүй байна. Иймд Д.А нь өөрт хохирол учирсан гэж үзвэл “У ХХК-иас шаардах эрхтэй. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн гражийн төлбөрт 2 466 666 төгрөг гаргуулна гэсэн шаардлага гаргаж, гражийг орон сууцны хамт 12 000 000 төгрөгөөр авсан гэж тайлбарлаж, үүнийгээ худалдагч Б.А мөнгө хүлээн авсан баримтаар нотлогдоно гэж байгаа боловч 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр зөвхөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-102 тоотод байрлах, 34 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдсан, харин граж худалдсан талаар гэрээнд тусгагдаагүй, граж нь зохигчийн дундын өмчлөлийн хөрөнгө болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Хэрэгт нотлох баримтаар “Мөнгө хүлээн авсан” гэх баримт авагдсан, уг баримтад орон сууцыг гражийн хамт худалдсан гэсэн хэдий ч уг баримтыг Б.Агэх этгээд бичсэн эсэх нь тодорхойгүй, өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул шүүх уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Мөн өмгөөлөгч Л.О Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 300 000 төгрөгийн хөлс төлсөн гэж үүнийгээ эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үндэслэжээ. Өмгөөлөгч, нэхэмжлэгч нарын дунд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 2-т “Үйлчлүүлэгч нь өмгөөлөгчид гэрээ байгуулмагц урьдчилгаа болгон 300 000 төгрөг ...төлнө” гэсэн байгаа ч өмгөөлөгч Л.О 300 000 төгрөг өгсөн талаарх тайлбар нь өөр бусад бичмэл нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

Хэдийгээр дундын өмчлөлийн орон сууц, гражийн өөрт ногдох хэсэг 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа боловч нэхэмжлэгч нь би 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, миний өмнөөс гарын үсэг зурсан, би Т.Э 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр итгэмжлэл олгосон. Тэрээр миний өмнөөс нэхэмжлэлд  гарын үсэг зурж, итгэмжлэл олгохоос өмнө буюу 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан, үүнийг би сүүлд мэдсэн, ямар үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг мэдэхгүй, надад татгалзах санаа зорилго байгаагүй, дахин нэхэмжлэл гаргахдаа энэ асуудлыг мэдсэн гэж тайлбарлаж байна. Уг 2013 оны 48 дугаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ямар нөхцлийн үндсэн дээр нэхэмжлэлээс татгалзсан нь тодорхойгүй байгаа ба үүнийг тодруулах боломжгүй. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь нас барсан байна.   

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар дундын өмч болох орон сууцыг хувааж, өөрт ногдох хэсгийг тодорхойлсон, хамтран өмчлөгчөөс татгалзаагүй. Ингэхдээ өөрийн гаргасан нотлох баримт болох үнэ тогтоох комиссын шийдвэрийг үндэслэсэн ба уг комиссоос 40 800 000 төгрөг гэж тогтоосон, орон сууцны үнэлгээний талаар хариуцагч маргаангүй байх тул дээрх үнэлгээнээс нэхэмжлэгчид ногдох хэсгийг үнэлж тооцов.

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнийг нийтдээ 40 800 000 төгрөгөөр тооцож, орон сууцыг худалдаж авахад оруулсан хөрөнгийн хэмжээгээр буюу 2/3 хувь болох 27 200 000 төгрөгийг хариуцагч Д.А гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс гражийн ногдох хэсэг, өмгөөлөгчид төлсөн хөлс зэрэг шаардлага нь нотлогдохгүй байх тул 2 766 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгчээс 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх 109/, хариуцагчаас авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлийг /хх-33/ нотлох баримтаар өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.  

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгээс тооцож 293 950 төгрөгийг хариуцагчаас  гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 967 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч Д.А дундын өмчлөлийн орон сууцны үнийн ногдох хэсэг болох 27 200 000 /хорин долоон сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2 766 666 /хоёр сая долоон зуун жаран зургаан мянга, зургаан зуун жаран зургаа/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 427 967 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 293 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.НАРАНЧИМЭГ