Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 310

 

      СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 дугаар

сарын 25-ны өдөр                                  Дугаар 310                                     Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч:Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, “Хайлааст”-ын 23-2310 тоотод оршин суух, /РД:ЛЮ84122683, утасны дугаар 94747639/, Хар үхэрт овогт Буянтогтохын Аззаяагийн

 

“Хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Аззаяа, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Б.Аззаяа шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2011 оноос нөхөр Ж.Энхбаатартай гэр бүлийн харилцаатай болж хамтдаа амьдраад 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүү Бат-Итгэлийг төрүүлсэн. Нөхөр маань аймгийн тагнуулын хэлтэст ажилладаг, би гэртээ хүүхдээ хардаг байсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Тагнуулын хэлтсийнхэн Хэнтий аймаг руу зугаалгаар явж 07 дугаар сарын 21-ний өдөр нөхөр маань усанд осолдож нас барсан. Бид 5 жил хамт амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд талийгаач нөхөр Ж.Эрдэнэбаатар бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хар үхэрт овогт Буянтогтохын Аззаяа нь Баадуй овогт Жамсрандоржийн  Эрдэнэбаатартай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Б.Аззаяа нь Баадуй овогт Жамсрандоржийн  Эрдэнэбаатартай 2011 оноос 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, тэдний дундаас 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Баадуй овогт Эрдэнэбаатарын Бат-Итгэлтийн төрсний гэрчилгээний хуулбар, Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/319 тоот тодорхойлолт, Тагнуулын Ерөнхий газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 027/71 тоот тодорхойлолт, нас барсны №0000170109 тоот гэрчилгээ, гэрч Ж.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Б.Аззаяагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Аззаяа нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заасныг баримтлан Хар үхэрт овогт Буянтогтохын Аззаяа нь Баадуй овогт Жамсрандоржийн Эрдэнэбаатартай 2011 оноос 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Аззаяа нь  улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Аззаяа нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ