Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0207

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн, Дархан сумын 1-р баг, пионерын 12 гудамж, 81 тоотод оршин суух Монгол Самдангийн Алтанхөлөг /РД: ma81050113/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай, овоот 6 гудамж, 8 тоотод оршин суух Зөөд Цэрэндоржийн Одончимэг /РД: oa83040308/-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Алтанхөлөг, хариуцагч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Алтанхөлөг шүүхэд гаргасан тайлбартаа: “…Бид хоёр 2005 онд нэг гэрт ороод 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2006 оны нэг хүүхэдтэй, 2011 оны нэг хүүхэдтэй. Бид хоёрын зан харилцаа ерөөсөө таардаггүй. Манай хүн гэрлүүгээ байн байн явчихаад байдаг. Тэгээд хоёулаа тусдаа амьдраад 5 жил болж байна. Сүүлийн 2 жилд энэ хүн Солонгост сурч тэнд байгаа. Жил болчихоод хааяа хүүхдээ авч уулздаг. Цаашдын амьдралаа бодохгүй бол тустаа амьдраад байж болохгүй байх гэж бодож байна. Хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг хуульд заасны дагуу төлнө гэж бодож байна. Эмээ өвөө дээрээ дасчихсан болохоор өөрчлөөд өөрөө авна гээгүй. Хоёр хүүхдээ бас салгаад яахын бэ? гэж нэхэмжлэл гаргасан… 2006 онд гэр бүл болсон… Анхны хүүхэд 2006 онд төрсөн, одоо 10 настай… Хүү 2011 онд төрсөн. Одоо 5 настай… Хоёр хүүхэд Хөтөлд байгаа… хүүхдийн талаар нэлээн ярилцсан, өсөж байгаа орчныг нь өөрчлөх бодолгүй байна… Би хүүхдүүдээ жоохон том болохоор Дарханд сургуульд оруулах бодол байна…” гэв.

Хариуцагч Ц.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдүүдийг манай аав, ээж хоёр багаас нь өсгөсөн. Аавд нь өгөх бодолгүй байна… Тэтгэлэгийг нь аваад миний хүүхдүүдийг асран хамгаалж байгаа аав, ээж хоёрт сар болгон мөнгийг нь явуулж байна биз дээ… Эд хөрөнгийн маргаан байхгүй… Сургуулиа 2 жилийн дараа төгсөнө… Төгсөөд ирнэ, ирэхгүй бол хүүхдүүдээ тэндээ авна… Гадаад худалдааны мэргэжилээр суралцдаг…” гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Алтанхөлөг нь гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ц.Одончимэг гэр бүл цуцлахад маргах зүйлгүй хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулна гэж мэтгэлцэв.

Зохигчид 2004 онд танилцаж, 2006 оны 10-р сарын 23-ны өдөр гэр бүл болж /хх-2/, 2006 оны 01-р сарын 15-ны өдөр охин А.Энхжин нь /хх-5,8/, 2011 оны 02-р сарын 28-ны өдөр хүү А.Сумъяабазар /хх-6, 7/ нар төрж эрүүл өсөж байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Ц.Одончимэг нь 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцэг С.Алтанхөлөгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэснийг нэхэмжлэгч С.Алтанхөлөг хүлээн зөвшөөрч байна.

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарцгааж байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй тул 2006 оны 10-р сарын 23-ны өдрийн 146 дугаартай гэрлэлтийг цуцалж охин А.Энхжин, хүү А.Сумъяабазар нарыг эх Ц.Одончимэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 10 настай охин А.Энхжин, 5 настай хүү А.Сумъяабазр нарыг 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Алтанхөлөгөөр тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгч С.Алтанхөлөг нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг урьдчилан төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагч Ц.Одончимэгээс 70 200 төгрөг гаргуулан С.Алтанхөлөгт олгохоор шийдвэрлэлээ. Хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд  нэг жилийн  хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээс тооцож эцэг С.Алтанхөлөгөөс 43 692 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

          Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар Монгол Самдангийн Алтанхөлөг /ma81050113/, Зөөд Цэрэндоржийн Одончимэг /оа83040308/  нарын 2006 оны 10-р сарын 23-ны өдрийн 146 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2006 оны 01-р сарын 15-ны өдөр төрсөн охин А.Энхжин, 2011 оны 02-р сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Сумъяабазар нарыг эх Ц.Одончимэгийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 10 настай охин А.Энхжин, 5 настай хүү А.Сумъяабазр нарыг 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Алтанхөлөгөөр тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэний бүртгэлийн албанд, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус хүргүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зориулахыг эх Ц.Одончимэгт мэдэгдсүгэй.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Одончимэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Алтанхөлөгт олгох, нэхэмжлэгч С.Алтанхөлөгөөс хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 43 692 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авахыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Алтанхөлөг, хариуцагч Ц.Одончимэг нар болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     А.НАРАНТУЯА