Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 333

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг Өлзийтийн 4-5 тоотод оршин суух Бат занги овогт Ганболдын Ундармаагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдуулан “Сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцуулах, цалин 288450 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ,    хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оноос хойш өнөө хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд захирал, сургалтын менежер зэрэг албан тушаалуудыг хашиж байна. Намайг багш, ажилчдын нэрийг барьж хуурамчаар гарын үсэг зуруулсан, ажлын байрны тодорхойлолт дахь үүргээ биелүүлээгүй, ёс зүйгүй гэсэн шалтгаануудаар үндсэн цалинг 15%-иар 3 сарын хугацаагаар бууруулах арга хэмжээ авсан. Тушаалыг хамт олны хурал дээр уншчихаад надад уг тушаалыг нийгмийн ажилтнаар дамжуулж өгсөн. Би энэ тушаалыг дараах байдлуудын улмаас ямарч үндэслэлгүй хувийн өс хонзонгоор гаргасан гэж үзэж байна.

Үүнд: Авилгатай тэмцэх газарт хамт олны нэрийг ашиглан өргөдөл өгсөн гэсэн байсан. Энэ нь дотуур байрны багш Д.Энхбаяр, хөгжмийн багш Н.Мэнджаргал, бид 3 өргөдөл бичээд тэр 2 хот явуулна гээд аймаг авч явсан. Замдаа хүмүүсийн гарын үсгийг дуурайлгаж зурсан уу гэхээс биш, намайг уншихад бид 3-ын гарын үсэг л байсан. 2015 онд болсон хэрэг явдлыг 2016 онд арга хэмжээ авсан.

Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил  үүргээ хангалтгүй биелүүлсэн, багш нарын хичээлд сууж арга зүйн зөвөлгөө өгдөггүй гэсэн байсан. Багш нарын хичээлд сууж зөвөлгөө өгдөггүй гэдэг бол худлаа зүйл, надад суусан тэмдэглэл байгаа. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг хувийн үзэмжээрээ дүгнэх биш, дээд шатны байгууллагын үнэлэлт, дүгнэлт байх ёстой.

Иймд захирлын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалингийн 3 сарын 15% болох 288450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.      

     Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Г.Ундармаад 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр а/09 дугаартай захирлын тушаалаар цалингийн 15%-иар 3 сараар цалинг хасах хариуцлага хүлээлгэсэн. Авилгатай тэмцэх газарт 19 багшийн нэрийг барьж хуурамчаар гарын үсэг зурж өгсөн өргөдөл нь хуурамч болох нь тогтоогдож өөрөө ч бас би арай түрэгдээд буруу үйлдэл хийсэн байна. Уучилаарай дахин ийм зүйл хийгүй гэж ам өчиг өгсөн. Ажлын шугамаар шаардлага тавихад шаардлагыг хүлээж авдаггүй, байнга эсэргүүцэж хүний нэр төрийг гутаан доромжлон элдэв хов яриа үүсгэж зайл, яв, хурдан түргэн үх гэж харааж зүхэж байдаг. Ийм ёс зүйтэй багш хүн гэж байж болохгүй. Г.Ундармаа нь бага ангийн  багш нартай хамтарч ажилладаггүй, арга зүйн зөвөлгөө өгдөггүй. Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч ирж зөвлөн тусалж хамтран ажиллаад сургалтын менежерийн ажлыг сайжруулах, чадварыг дээшлүүлэх талаар анхааруулга өгсөн. Ёс зүйгүй, багш нартай хамтарч ажилладаггүй учир ажил сайжруулах үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн боловч үүрэг даалгавар огт биелүүлдэггүй. Удирдах ажилтны ёс зүйн алдааг удаа дараа гаргасан тул зохих журмын дагуу цалин хасах арга хэмжээ авсан. Арга хэмжээ авагдсаны улмаас Г.Ундармаа нь аймгийн Засаг дарга, Боловсрол соёлын газрын дарга нарт өргөдөл гаргасан боловч шалгаж үзээд хуулийн үндэслэлтэй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ногдуулсан сахилгын арга хэмжээ үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Ундармаа нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдуулан “Сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцуулах, цалин 288450 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Ундармаа нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчээс гаргасаннэхэмжлэл болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

           Нэхэмжлэгч Г.Ундармаагийн шүүхэд гаргасан Сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцуулах, цалин 288450 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/09 дугаар захирлын тушаалаар Г.Ундармааг боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багш нартай хамтран ажиллаагүй, багш нарын хичээлд сууж заавар зөвөлгөө өгч зөвлөн туслаагүй, мөн цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан өгөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ биелүүлээгүй, Авилгатай тэмцэх газар  багш, ажилчдын гарын үсгийг зурж хуурамч баримт үйлдсэн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх байдал тогтоогдохгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/09 дугаартай Г.Ундармаад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэгчийн цалингийн талаар гаргаж өгсөн тодорхойлолт зэргийг үндэслэн цалингийн 3 сарын 15% болох 286142 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

          Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

             1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/09 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

             2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т  зааснаар цалингийн 3 сарын 15% болох 286142 төгрөгийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Г.Ундармаад олгосугай.

   3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9303 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын Хаан банкны 5540607728 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 9234 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод  оруулсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ЭНХМАА