Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2016/00229

 

                         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

           Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцатын 2-14 тоотод оршин суух, М овгийн Ч-ы О-т холбогдох 2.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, 100 айл, Жим бизнес төв, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б ХХК нь 1994 оноос тасралтгүй сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгж билээ. 2015 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин суманд сурагчийн дүрэмт хувцасны худалдаа зохион байгуулсан юм. Тухайн үед тус аймгийн Хархорин суманд оршин суух оёдолчин н.О нь сурагчийн дүрэмт хувцас авч худалдахаар тохиролцож нийт 427 тооны 24.009.000 төгрөгний үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас авсан болно. Үүнээс хойш сурагчийн дүрэмт хувцасны нийт үнэ болох 24.009.000 төгрөгнөөс 2.392.000 өгсөн. Үлдсэн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцасны үнийг 2015 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй байна. Үлдсэн дүрэмт хувцасыг буцаасан болно. Бидний зүгээс удаа дараа уг мөнгийг гаргуулах талаар сануулсан боловч н.О нь энэ сануулгыг үл тоон үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

           Хариуцагч Ч.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

             “...Ч.О надаас “Б” ХХК нь 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “Б” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-нд шилжүүлсэн 300.000 төгрөгийг үндсэн дүнгээс хасагдаагүй байна. Учир нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаараа “Б” ХХК-д хэлэхэд намайг хасаад үлдсэн мөнгийг төлж болно гэсэн учир үндсэн 2.200.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулна..” гэжээ.

           Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

           “...“Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А миний бие иргэний хэргийн хариуцагч Ч.О-н тайлбартай танилцлаа. Ч.О-с нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийн 300.000 төгрөгийг нэхэмжилснээс татгалзав. Үлдсэн 2.200.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулахаар болов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ч.О-с 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 300.000 төгрөгнөөс татгалзаж үлдсэн 2.200.000 төгрөгийг хариуцагч Ч.Оюунчимэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.  Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.200.000 төгрөг /хоёр сая хоёр зуун мянган төгрөг/-ийг хариуцагч Ч.О  нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.О-с 27475, орон нутгийн төсвийн орлогоос 27475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА