Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2016/00234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, 13-03 тоотод оршин суух Д овогтой Б-н Н-н /РД:.............../ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, 20-03 тоотод оршин суух Ш овогтой Б-н Г-т /РД:-------------------/ холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.Г, нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Н миний бие нь 2008 онд Г-тэй танилцан 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл бололцсон. 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хужирт сумын эмнэлэгт Г.Э төрсөн. Хамт амьдрах хугацаанд архи ууж агсан согтуу тавьж удаа дараалан зодож, хэл амаар доромжилон сэтгэл санааны дарамт учруулдаг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж хүүхэд айж ичин бусдад өөрийгөө илэрхийлэх чадваргүй болдог. Тусдаа амьдраад 3 жил болж байгаа эд хөрөнгийн маргаангүй харилцан тохиролцсон. Иймд гэрлэлт цуцалж, охин Г.Э-г миний асрамжинд үлдээж, эцэг Г-с тэтгэлэг гаргуулж өгнө үү...Бид 2 анх 2009 онд танилцсан. 2010 оны 10 сард Энхтүвшин гэдэг охинтой болсон. Одоо 6 настай. 2 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд ааш араншин гаргаж найз нөхөдтэйгөө ууж идэх тохиолдол байсан. Надад бол үнэхээр ойлгомжгүй ааш зан гаргадаг байсан. Би засах гэж үзсэн. Аль болох өөрт нь засаж ойлгуулах гэж хэлж ярьж үзсэн. Ямар нэгэн байдлаар агсам согтуу тавих уур уцаараа илэрхийлэх үед хүүхэд маань айдаг байсан. Гаднаас орж ирэхээр нь би хүртэл одоо яаж агсам тавих бол гэж айж эмээдэг байсан. Сүүлдээ 2012 онд бүр их маргалдаад тэрнээс хойш тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдраад 3, 4 жил болж байна. Одоо ахиж эвлэрэх боломж байхгүй.Эвлэрүүлэн зуучлагчид хандсан эвлрээгүй. Хариуцагч одоо най бүсгүйтэй болсон гэв.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2009 онд танилцаад 2010 оны 10 дугаар сарын 13-нд охинтой болсон. Гэр бүл болоод энэ хүн сувилалын газар ажилладаг байсан. Би хүүхдээ хараад гэртээ байдаг. Нэхэмжлэгч орой ажлаасаа ирчихээд байж байхад ажил дээр нь хамт байсан хүмүүс араас нь утасддаг. Би сүүлдээ уурладаг байсан. Тэгээд сүүлд 2012 онд салсан. Эхэндээ эргэж нийлэх талаар их ярьцдаг байсан даанч болоогүй. Хүүхэд дээрээ очдог байсан сүүлийн жилүүдэд хүүхэдтэйгээ уулзаагүй. Нэхэмжлэгчийн аав, ээж нь очихоор намайг архичин гэж элдэвээр дууддаг байсан. Одоо гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрнө хүүхдээ ээжид нь үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би одоо найз эмэгтэйтэй болсон. Цаашид энэ хүнтэй эвлэрч амьдрах боломжгүй гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хар\иуцагч Б.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн ба хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулж, охин Г.Э-г эх Б.Н-н асрамжид үлдээж,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрнө гэсэн тайлбар өгч маргаагүй байна. 

Зохигчид 2009 оноос гэр бүл болж хамт амьдарч байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Э төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, №0130740 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн №0000490581/0146 тоот төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” бөгөөд  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.Г нар нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулна гэсэн тул тэдгээрийн гэрлэлтийг цуцалж, хариуцагч Б.Г-с охин Г.Э-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул Б.Г нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх Б.Н хориг саад болох эрхгүйг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Н-н  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тогтоож нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 003 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийг хариуцагч Б.Г-с гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигч нь шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Д овогтой Б-н Н, Ш овогтой Б-н Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Э-г эх Б.Н-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож эцэг Б.Г-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Н-д даалгаж, зохигч шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Г-с охин Г.Э-н нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 003 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.САРАНТУЯА