Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2016/00105

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Аминчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч:п.б нэхэмжлэлтэй

           Хариуцагч: И-д холбогдох

 

Нэг удаагийн тэтгэмж 3967561 /гурван сая есөн зуун жаран долоон мянга таван зуун жаран нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

          П.Б Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох нэг удаагийн тэтгэмж 3967561 /гурван сая есөн зуун жаран долоон мянга таван зуун жаран нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

                                                 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие  улсад 20 жил үүнээс төрийн албанд 17 жил 11 сар ажиллаж байна. 2012 оны орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулиар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдаанаас Иргэдийн төлөөлөгдийн хурлын даргаар сонгогдон ажилласан болно. Тус албан тушаалд 3 жил 2 сар ажиллаад 2016 оны 01 дүгээр сарын 27-ны ээлжит бус 15 дугаар хуралдаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байдаг бөгөөд миний бие нийт хугацааны 80 хувьд ажил үүрэг гүйцэтгэсэн.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийг 45.036.9 төгрөгөөр хянасан байсныг 7600.0 төгрөгөөр нэмэгдүүлэн 52636.9 төгрөгөөр баталсан болно. Нэмэгдэл зардал болох 7.600.0 төгрөг нь иргэний танхимын ажилтны урамшуулал, улс төрийн албан тушаалтны ажлаас чөлөөлөгдсөны тэтгэмжийн зардал болно.

П.Б миний ажилласан хугацааны тэтгэмжийн зардлыг тус хуралдаанаар шийдвэрлэн төсөвт тусган баталсан. Надад олгогдох тэтгэмжийн зардал сумын орлогоос хамаарч 2016 оны 04 дүгээр сарын санхүүжилтээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөвт орж ирсэн.

Тэтгэмжийн зардлаа тооцуулан авах талаар Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан, дарга П.А амаар хүсэлт тавьсан боловч өргөдлийн хариуг хугацаанд нь шийдвэрлэж өгөөгүй бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг, аудитын газрын тайлбар ирүүлж тэтгэмж олгох боломжгүй гэсэн байна.Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн үндсэн зарчим өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг зөвхөн нэг хүний үзэл бодлоор хүчингүй болгох үйлдэл гэж үзэж байна. Иймд миний нэг удаагийн тэтгэмж 3967561 /гурван сая есөн зуун жаран долоон мянга таван зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын И хурал шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр тогтоолоор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1б дэх заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаал, тооллогын комиссын 3 тоот тогтоолыг тус тус үндэслэн П.Б үүрэгт албан тушаалыг нь өөрчилсөн. Ингэхдээ тус тогтоолоор Засаг даргын нягтлан бодогч Г.У П.Бхолбогдох тооцоог хийж ажилласан хугацааны ээлжийн амралт болон тэтгэмжийн хуулийн дагуу бодож олгохыг үүрэг болгосон. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр тогтоолыг үндэслэн П.Б ээлжийн амралтын мөнгийг бодож олгосон хэдий ч П.Б нь ээлжит бус сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг хангадаггүй.

Монгол улсын үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т ”Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурлыг 4 жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр хурлын болон сум, дүүргийн хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно” гэж зааснаас үзэхэд П.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалд 3 жил гаруй хугацаанд ажилласан, ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй нь харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Ээлжит сонгууль гэж Монгол улсын үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 30 дугаар зүйлийн 30.2., 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ” хэмээн тодорхойлсон. Үндэсний аудитын газрын харъяа Говьсүмбэр аймгийн аудитын газраас ирүүлсэн тайлбарт Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг үндэслэн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарласан байна. П.Б нэг удаагийн тэтгэмж 3967561 /гурван сая есөн зуун жаран долоон мянга таван зуун жаран нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

П.Б Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын И хуралд холбогдох нэг удаагийн тэтгэмж 3967561 /гурван сая есөн зуун жаран долоон мянга таван зуун жаран нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Учир нь:

1.П.Б урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авахын тулд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг хангасан байх ёстой байна. Гэтэл П.Баярхүү ээлжит бус сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул Монгол улсын үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т ”Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурлыг 4 жилийн хугацаагаар сонгоно, Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Ээлжит сонгууль гэж Монгол улсын үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 30 дугаар зүйлийн 30.2., 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ”  гэсэн шаардлагуудыг хангахгүй байна.

2.П.Б нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийг 45.036.9 төгрөгөөр хянасан байсныг 7600.0 төгрөгөөр нэмэгдүүлэн 52636.9 төгрөгөөр баталсан, нэмэгдэл зардал болох 7.600.0 төгрөг нь иргэний танхимын ажилтны урамшуулал, улс төрийн албан тушаалтны ажлаас чөлөөлөгдсөны тэтгэмжийн зардал бөгөөд улс төрийн албан тушаалтны ажлаас чөлөөлөгдсний тэтгэмжийн зардал юм. Энэ нь П.Б миний ажилласан хугацааны тэтгэмжийн зардлыг тус хуралдаанаар шийдвэрлэн төсөвт тусган баталсан. Надад олгогдох тэтгэмжийн зардал сумын орлогоос хамаарч 2016 оны 04 дүгээр сарын санхүүжилтээр И төлөөлөгчдийн хурлын төсөвт орж ирсэн гэжээ.

 

Хавтаст хэргийн 27-33 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудаас харахад П.Б тэтгэмжинд олгох мөнгө гэж тусад нь төсөвлөөгүй байх тул өөрийнх нь нэр дээр гарсан тэтгэмж гэдэг нь нотлогдохгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар П.Б 3967561 /гурван сая есөн зуун жаран долоон мянга таван зуун жаран нэгэн/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.П.Б нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Б.АМИНЧИМЭГ